Эрүүл мэндийн салбарынхантай цахим хурал хийлээ

2021 оны 03 сарын 30

Өмнөговь аймгийн удирдлагууд аймгийнхаа эрүүл мэндийн салбарынхантай цахим хурал хийлээ.

Дэлхийн эмч нарын өдөр өнөөдөр тохиож байна. Уг өдрийг тохиолдуулан говь нутгийнхаа хүн ардын эрүүл энхийн манаанд зогсож буй эмч, эмнэлгийн ажилтнууддаа баярын мэнд хүргэлээ. Мөн жил гаруй хугацаанд цар тахлын эсрэг тэргүүн эгнээнд өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж буй цагаан нөмрөгт баатрууддаа талархал илэрхийллээ. Аймгийн тэргүүний ажилтан цол тэмдгээр 14, Засаг даргын жуух бичгээр 11 эмч, ажилтныг шагнав.

Аймгийн Засаг даргын зүгээс эрүүл мэндийн салбарт онцгой анхаарал хандуулж, 2020-2024 онд хэрэгжүүлэх "Нутгийн хишиг" мөрийн хөтөлбөрийн хүрээнд эмч, эмнэлгийн ажилчдын ажиллах орчин нөхцөлийг таатай болгох, эмч мэргэжилтнүүдийг гадаад, дотоодод сургаж мэргэшүүлэх, нийгмийн баталгааг сайжруулахад онцгой анхаарч ажиллахаар төлөвлөж байгаагаа дуулгасан юм.

Энэ үеэр аймгийн Засаг дарга Р.Сэддорж "Эрүүл мэндийн салбарын бодлого, чиг хандлагыг хөгжүүлж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг та бүхэнтэйгээ хамтран сайжруулна. Өмнөговийн иргэн Өмнөговьдоо олон улсын жишигт нийцсэн оношилгоо, эмчилгээ, үйлчилгээг авах орчин нөхцөлийг бүрдүүлэхэд нь мөр зэрэгцэн хамтран ажиллах болно" гэлээ.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: