Гангар хунг үзэхээр өдөрт 500-600 хүн ирж байна

Энэ сарын 15-наас хойш өнөөдрийг хүртэл Далангийн гол дээр хүний хөл тасарсангүй байна. Өдөрт ойролцоогоор 500-600 хүн ирж байна гэж "Гайхамшигт говь" аялал жуулчлалын холбооны тэргүүн, шувуу судлаач Х.Түмэндэлгэр өөрийн цахим хуудсандаа бичжээ.
Тэрээр "Өглөө 07:30-аас харанхуй болтол хүмүүсийг олноор нь цуглуулж буй Гангар хунгийн сүрэг анх 34 ирсэн бол 19-нд 10 нь төрсөн нутгаа зорин нисч 24 нь үлдсэн. Харин урд шөнө, эсвэл үүрээр нэг нэмэгдэж 25 болжээ" гэсэн байна. Мөн иргэдэд зарим зүйлсийг анхааруулсан байна. Үүнд:
1. Бага насны хүүхэд, мөн өөрсдөө уснаас болгоомжилно уу. Далангийн зүүн эрэг зарим газраараа ивэрч болзошгүй болсон байгааг анхаарна уу.
2. Ус зарим газраа хөлдсөн ч хүн, хүүхдийг даахааргүй байгааг анхаарна уу.
3. Талх, боорцог гэх мэт хүнсний зүйл битгий хаяж өгнө үү. Угаасаа хун болон бусад нүүдлийн шувуудад хүрэлцээтэй усны ёроолын ургамал, замаг, усны шавьж, цох манай Далангийн усанд хангалттай бий.
4. Ирсэн хүн бүр, хог хаягдал хаяхгүй байж элдэв хог хаягдал ялангуяа гялгар уут, элдэв цаасыг авч явж орчныг нь цэвэр байлгаж тусална уу гэжээ. Өнөөдрийн байдлаар Далангийн голын цөөрөмд гангар хун /Whooper Swan- Cygnus cygnus/ 25, бор нугас /Gadwall - Mareca strepera/ 2, ундар нүдэн шумбуур /Ferruginous Duck - Aythya nyrosa/ 2, монгол цахлай /Mongolian Gull- larus mongolicus/ 16, халбага нугас /Northern Shoveler- Anas clypeata/ 2, цээжмэг гал сүүлт /White- winged Redstart- Phoenicurus erythrogastrus/ 1, хондон ангир /Reddy Shelduck - Tadorna ferruginea/ 3 хос, шовтгор алаг нугас /Northern Pintail - Anas acuta/ 2 нийтдээ 8 төрлийн ирээд байна.
Сэтгэгдэлүүд: