Өвс тэжээлийн хүрэлцээ муу байна

Өвс, тэжээлийн хүрэлцээ хангамж тааруу, үнэ их, малчдын худалдан авах чадвар муу байна гэж аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газраас мэдээллээ.
Засгийн газрын 19 дүгээр тогтоолоор аймгийн аюулгүй нөөцөд 500 тн өвс, 100 тн тэжээл, 15 сумын аюулгүйн нөөцөд 1950 тн өвс, 450 тн тэжээл бэлтгэх төлөвлөгөөнөөс аймгийн нөөцийг 100 хувь хангасан. Аймгийн нөөцөд 1062,8 тн өвс, 343 тн тэжээлийг орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөрийн 1,0 тэрбум төгрөгөөр татан төвлөрүүлж, үнэ хямдруулан бүх суманд хуваарилан, малчдад хүргэсэн байна.
Сумын аюулгүйн нөөц хангалтгүй байсан тул бүрэн бүрдүүлэхэд аймгаас 15 сум тус бүрт 55,0 сая, нийт 820,0 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн. Дэмжлэгээр 1278,3 тн өвс, 536,6 тн тэжээлийг татан нөөц бүрдүүлж, малчдаа хөнгөлөлттэй үнээр борлуулах ажил хийж байна. Сумын нөөцөд одоогийн байдлаар 430,6 тн өвс, 176,2 тн тэжээлийн үлдэгдэлтэй байна. Хаваржилт хүнд байгаа тул хувь хүн, аж ахуйн нэгжийн хандив тусламжаар 534,1 тн өвс, 387,6 тн тэжээлийг сум, баг, малчдад хүргэсэн.
Засгийн газрын 2020 оны 212 дугаар тогтоолоор 300 тн өвсийг үнэгүй, 250 тн тэжээлийг 50 хувь хямдруулан сумдад хуваарилан ажиллажээ. Мөн Засгийн газрын 2020 оны 213 дугаар тогтоолоор цаг хүнд 10 сумын 4017 өрхөд 1045,0 тн малын хүчит тэжээлийн дэмжлэг үзүүлсэн байна.
Татан төвлөрүүлсэн хийгээд тусламж дэмжлэгийн нийт дүн мэдээ өндөр байгаа хэдий ч нэг өрхөд ногдох хувь бага байгаа учраас малчид нэмэлт тэжээлээ наймаачдаас худалдан авч байна.
Аймагт 1 боодол өвс 13000-17000 төгрөг, хивгэн тэжээл 23000-28000 төгрөг, хорголжин тэжээл 35000-40000 төгрөгөөр борлуулж байсан, үүнийг тогтвортой байлгах үүднээс аймгийн аюулгүйн нөөцөд татан төвлөрүүлсэн өвсийг 10000 төгрөгөөр, хивгэн тэжээлийг 20000 төгрөг, хорголжин тэжээлийг 30000 төгрөгөөр малчдад олгосон.
Сэтгэгдэлүүд: