Ингэн буйлаан /өгүүллэг/

Ингэн буйлаан /өгүүллэг/
...он. Цаг төрийн үймээн самуун газар авч говь нутгийн айлууд хэсэг хэсгээрээ хил даван өвөрлөгч нутгийн түмэн лүү дүрвэж байлаа.
Нэгэн өглөө Бааваа гуай орж ирэхдээ буурал өвөөгийн зураг шиг дүнсгэр царай гарган ойр хавийн айлуудын гэрийн эздийг нь дууд хэмээн хүүхдүүдийг гүйлгэлээ. Баруун уулын хормой шиг гүн гүн үрчлээ сууж гал нь буурсан онигордуу нүдтэй, тав тавьсан гэзэг нь гэрийн өрхний оосор шиг болсон энэ өндөр хөх өвгөнийг хэн хүнгүй л “Их юм үзсэн толгой”, “манай Бааваа л мэднэ” хэмээн ихэд хүндлэн бүх зүйлээ асууж лавлана.
Төд удалгүй ойр хавийн хүмүүс манайд цугларч, гэр дүүрэн хүмүүс шуугилдаж эхэллээ. Бааваа өвөө урт бор гаансаа гарган үнэг утах мэт их утаа суунаглуулан хэсэг дуугүй сууснаа
- За хүүхдүүд минь бидний эрх дураараа амьдардаг цаг хугацаа өдгөө хэцүүхэн болоод байна. Төр засгийн нүүр ширлэж, дээрэмч тонуулчдын халдлага ахан дүүс элгэн нутгийнхан биднийг амар байлгах үгүй нь. Нутгийн ихэнх айл өрхүүд урагш дүрвээд бид гэдэг улам л цөөрч хүчин мөхөсдөж байна. Буйрнаасаа хөдөлсөн чулуу гурван жилдээ зовдог гэдэг. Хүний нутаг гэдэг хэцүү ч бидэнд энэ сайхан нутаг уснаасаа нүүн дүрвэхээс өөр арга одоохондоо алга. Гэхдээ тэнд адилхан монгол цустай элэг нэгт хүмүүс байгаа шүү дээ хэмээхэд бүгд л дор бүрнээ шаагилдан хэлэлцэж байлаа. Олны дундаас дунд насны нэг эр тэгээд Баавай минь хэзээ нүүх вэ? Мал хуйгаа яадаг билээ? Нутаг усаа санах байхдаа хэмээн ихэд сандарсан байдалтай асуулаа. Баавай дуугаа өндөрсгөн- ямартай ч маргааш эрт ачаална аа. Би та нарыг хүчлэхгүй. Хамт нүүх нь ачаална биз ээ гээд дуугаа намсган өөр үг хэлсэнгүй мөнөөх их утаагаа сорохоор гаансаа гаргалаа. Хүмүүс ч үг дуугуй болцгоон гайхаж, санааширсан айдастай чигээрээ хэсэг хэсгээрээ гарч одов. Тэр өдөр аав ээжийн царай түгшиж санааширсан өөр хоорондоо шальтай ярихгүй эд зүйлсээ эмхлэн савлаж холын аянд бэлдлээ. Миний сэтгэл ч таагүй “ Муу охин минь аянд ядрах байхдаа нялх юм шүү дээ”,төрж өссөн халуун дотно энэ тал цайдмаа үгүй мөн ч их санах байхдаа гэх мэт элдвийн бодол хуй мэт эргэлдэнэ. Ер нь саахалт айлуудын эзэд бүгд л сэтгэл түгшсэн санааширсан төрхтэй. Энэ байдлыг ажин үзвээс нутаг усаа орхино гэдэг хүн амьтан бүгдэд л ижилхэн хамгийн том хагацал болдог юм байна гэдгийг мэдрүүлсэн юм. Дөрвөн улирлын аясаар ар хормой өвөр энгэрээр нь сэлгэн эрхэлдэг байсан хотол олон нь нүүдэллэн алсыг зорих сургаар нутгийн тэнгэр санааширч уйтгарлан, мэгшин уйлав уу гэлтэй бүүдийн бүрхэж байснаа шөнөжин зүсэр бороо шивэрч хонолоо. Үүлсийн хаяа дорно зүгээс шуугдаж зэсэн улаан нар толгодын цаанаас яаран цухуйх нь өнөөдөр аагим халуун болохыг илтгэх ажээ. Жингийн цуваа нар мандахтай зэрэгцэн хөдлөв. Хамгийн түрүүнд Бааваа гуайнх дараа нь манайх, тэгээд Боль ахынх, Мядаг эгчийнх гээд арав гаруй айлууд цуваанд явсан юм.
Үдийн халуун нар зулай нэвт төөнөж хөхрөх уулсын хормойгоор усан зэрэглээ мяралзаж хоточ ноход хэлээ унжуулан аахилж амь нь тээрсэндээ жингийн цувааны сүүдэр даган шогшино. Галбын говийн зуны өдөр гэдэг ийм л жигнүүр мэт бүгчим ажгуу. Жингийн цуваа явсаар үд дунд нэг их даваан дээр гарч ирэв.
Таанын үнэрт зөөлөн салхи сэвлэг илбэж, униарт хөх уулс даллах мэт жирэлзэн, танан цагаан гэрүүд товч мэт чимдэг байсан тал нь эзгүйрэн хүн бүхний сэтгэл шимшрэн буурлуудын аньсага чийгтэй үзэгдэхэд цээжийг минь бул хар чулуугаар дарчих шиг л боллоо. Цаг тайван бол буцаад л нутагтаа ирнэ дээ гэсэн бодлоор сэтгэлээ тайтгаруулах нь хүүхэд хуурах шиг санагдана.
Аяншиж ядарсан хүмүүс цайлахаар даваан дээрээс жаахан уруудаад түр буудаллав. Аав гурван чулуу тулан гал өрдөж ээж саахуутай уснаас тогоон дээр цай үйж нүүдлийн өмнөх өдөр өдөржин хайрсан боорцогоо таваглан бүгдийг цайнд урив. Хүүхдүүд ядарсан шинжгүй хөөцөлдөн тоглож,томчууд харин Бааваа гуайн царайг юу гэх бол хэмээн хүлээн горьдонгүй харцаар ширтэнэ. Өвгөнд ярих зүйл их байсан ч нутагтаа хорогдох сэтгэлийн хүлээс шинэхэн хошлон шиг сэтгэлд нь чангараад болсонгүй тул алсын бараа ширтэн аягатай цайгаа том том оочлон уух нь ямар нэгэн уйтгарт жүжгийн гол дүр шиг ажээ. Их үд өнгөрөхөд бид ачаа тэнгээ янзлан хөдлөхөд зэхэв. Гэтэл гэнэт хуй босох шиг тоос угалзруулан их дуу болж багийн даргын аавын цээж/ УАЗ машин/ давхин ирэхэд ачаатай тэмээд үргэн даваа уруу таварган бутарцгаав. Хүүхэд багачууд уйлалдан томчууд яахаа мэдэхгүй хашгиран гүйлдэх нь дайн болов уу гэлтэй. Би хэсэгхэн мөчид айж сандран яахаа мэдэхгүй дэмий л тэдний араас тэнхээ мэдэн гүйлээ. Өвгөн үлдсэн хэдэн хомтой тэмээгээ арайх гэж тогтоогоод багийн даргын зүг ууртайгаар хяламхийн харав. Дарга юу ч болоогүй мэт захирангуй царай гарган өвгөн дээр хүрч ирэн уриа лоозон ярьж ухуулга сурталчилгаагаа хийсээр байлаа. Нэлээд ярьсны эцэст ухуулах бичгээ өгөөд ирсэн замаараа тоос татуулан давхин одлоо. Хэсэг хугацааны дараа хүмүүс энд тэндээс хоёр гураваар нь ачаатай тэмээгээ хөтлөн цугларав. Санасаныг бодвол нэг цагаан тэмээ ачаагаа чирсэнээс болж хөлөө хугалсанаас өөр гавьтай зүйл болоогүй тул хүмүүс тэгсгээд санаа амарцгаан ачаа тээшээ бүртгэв. Хэсэгхэн хоромд юу болоод байгааг анзаарах сөхөөгүй байсан би гэнэт охиноо ачсан цагаан тэмээ алга байгааг мэдээд ”Охин минь охин минь хэмээн” хагширан ачаатай тэмээн дундуур гүйсэн боловч олсонгүй. Ойр хавийн овоо толгод жалга судгаар гүйгээд ч байхгүй. Ор мөргүй алга болжээ. Ухаан самуурч толгой эргэн хоёр хөл мэдээгүй болон өөрийн эрхгүй сөхрөн уналаа...
... Бааваа алга болсон тэмээг орой болтол хайгаад олсонгүй явсаар нэгэн өндөр эргийн дэргэд ирэв. Бүхэл бүтэн ачаатай тэмээ зүүд мэт алга болсонд гайхах айх зэрэгцэн өдий наслахдаа айж харамсаж, шаналж байгаагүйгээр шанална. Би л эднийгээ уруу татаж нутаг уснаас нь нүүлгэж, амьтны нялх үрийг энэ эзгүй хээр талд төөрүүлээд хаячихлаа. Хөөрхий муу эх нь яана даа. Яаж царайг нь харах билээ дээ хэмээн өөрийгөө зүхэн суулаа. Эхийнх нь ухаан алдаж унах тэр төрх нүдэнд нь байн байн үзэгдэхэд дотор нь бачууран зүрх нь чулуу хагарах мэт цээжийг нь балбан нудрахад эр хүний ховорхон үзэгддэг гашуун нулимс нүдийг нь бүрхэж ирэхтэй зэрэгцэн өвгөнд үхлийн тухай бодол тэнгэр гялбах шиг зурс хийн тархинд нь ниргэллээ. Ойр тойрмоо ажин харвал эргийн ирмэг дээр нэлээд бүдүүн өмхөрсөн загийн хожуул харагдав. Бааваа гаансаа гарган хэд тогшисноо сүүлчийн удаа юм чинь сайн сороод авъяа чамайг хэмээн улаан тамхиа шуналтайгаар сорлоо. Тэнгэрийн хаяа зос шиг улайран аяган чинээ нар уулсын цаагуур хамаг итгэл найдварыг нь булаан авах шиг яаран далдарлаа. Өвгөн босож бүсээ тайлан нэг үзүүрийг нь өнөөх муу өгөр хожуулаас уяад нөгөө үзүүрийг нь хоолойгоороо оруулж уячихаад маанийн тарни шивнэн эрэг уруу нүдээ аниад үсрэв. Хэн нэгэн угз татах шиг болсоноо нисэх мэт бие нь жингүйдэх шиг болоход үхэл гэдэг ийм амархан, газар тэнгэр хоёрын зай ийм ойрхон юм байна гэж бодтол пүд хийн газар уначих шиг болов. Мэл гайхан аажмаар нүдээ нээтэл нутгийнх нь хөх тэнгэр зэмлэнгүйгээр дээрээс нь өнгийж байх нь тэр. Хажуу тийш хартал нөгөө өгөр загийн хожуул хажууд нь өөртэй нь хамт үсэрсэн юм шиг зэрэгцээд хэвтэж байлаа. Хц-с муу зөнөг толгой хар амиа бодоод муугийн муу үхэлээр үхэж үр хүүхдээ зовоож нутаг усаа бузарлах нь гэсэн зэмлэлт бодлоор өөрийгөө тас шилбүүрдэн бослоо. Насных нь ханьтай нь хамт учирсан мөнөөх урт бор гаансаа гарган дахиад л тамхи байгуулан суув. Гэтэл хаа нэгтээгээс ингэ буйлах чимээ бүдэг бадаг сонсогдов. Бааваа чихэндээ үл итгэсэн боловч баярлан мод толгойгоо холоо чулуудчихаад ийш тийш харан чих тавин ахин чагналаа. Наран шингэсэн зүгээс зөөлөн буйлаан ахин сонсогдох нь тэр. Баярласандаа хэр хол газар гүйснийг бүү мэд өнөөх зөөхөд хүртэл нүдүүр мэт хүнд байдаг хөл нь яаж тэнд хүргэснийг бүү мэд нэг л мэдэхэд ачаатай цагаан тэмээний дэргэд ирчихсэн байлаа. Хүүхдийн заяа завд гэгчээр тэмээний бөхнөөс хүүхэдтэй араг унаагүй байлаа. Хэсэг чимээ чагнаснаа наанаас нь зөөлөн гэтсээр араг уруу өнгийхөд хөөрхий охин ээжийнхээ дээлийн товчыг атгачихсан унтаж байв. Эвий минь хөөрхий минь цангаж байгаа хэмээгээд охиныг авбал охин сэрснээ ээжийнхээ мөөмийг эрж байгаа бололтой хэл амаа тамшаалан ойр хавийн бүхнийг базан авч амандаа чихлэв. Өдий насалтлаа сайн муу элдвийг үзэж барагтай л бол сэтгэл нь хөдлөхөө байчихсан хашир өвгөн барьц алдан хүүхэд мэт дэгдэн баярлаж яаран буудласан газарлуугаа хар гүйхээрээ буцан явлаа.
... Би тогонд цохиулчихсан юм шиг хамаг бие жирсхийн сэрэхэд аав толгойг минь түшчихсэн ээж сандарчихсан яаж байна миний охин гээд толгойг минь зөөлөн барьж өглөө. Би шууд л охин минь гээд ухасхийв. Зүгээр зүгээр охин минь тайван тайван хэмээгээд аав минь намайг түшиж босголоо. Бааваа гуай марсайтал инээчихсэн охиныг минь тэвэрч байснаа миний зүг барив. Охин өмгөлтсөн уруулаараа мөөмөө эрэн энгэр тэмтчихэд ухаан санаатай минь хамт чинэрсэн хөхний сүү далан сэтрэх шиг сад тавин урслаа.
Бид эндээ хоноглоод маргааш хөдлөхөөр болов. Өдрийн их явдалд балмагдсан хүмүүс сая л нэг санаа нь амарсан бололтой дор бүхнээ чулуу тулан галаа өрдөцгөөлөө. Баавай өвөөгийн гал дээр бүгд цугларцгаалаа. Өвгөн хэрэг тарьж бөөн шуугиан дэгдээж одсон багийн даргын үлдээсэн ухуулгын бичгийг уншилгүй дүрэлзэн асаж буй гал уруу шидчихэв. Тэгсэнээ аргил бүдүүн хоолойгоор “ Эрдэнэ засгий ии оооо” хэмээн эрдэнэ засгийн унага дууг уянгалуулан дуулахад суваргалсан цэнхэр уулс түрлэг өргөх шиг хүнгэнэн, шүүдэрт өвсний толгой найрын хойморт суусан нутгийн залуус шиг ганхалзана. Хүн бүр үггүй ойлгосон зүйл бол ингэ, хүүхэд хоёр жингийн цуваанаас тасарч үлдсэн нь үлэмж их утга буйг ойлгосон юм. Хэвтээтэй тэмээн дундаас нөгөө цагаан ингэ их л гунигтайгаар ганганан буйлж шандын толио шиг хоёр алаг нүднээсээ болорын дусалт тунгалагхан нулимс бөмбөрүүлэн байв. Амьтан хүртэл нутагтаа хорогдон уйлж байхад хүй тасарсан цагаасаа л элгэнд нь эрхэлсэн ээжий шиг минь ийм сайхан нутгаа орхиод явна гэдэг байж болошгүй хагацал юм гэсэн бодол хүн бүхний толгойд эргэлдэн цуст судсаар нь нутгийн хүйн холбоо лугшиж байлаа.
Маргааш өглөөний ургахын улаан нартай зэрэгцэн жингийн цуваа эх нутгийн зүг эргэлээ.
Сэр-Одын шагналт яруу найрагч Т.Батхүрэл
Сэтгэгдэлүүд: