Цагаан бор морьтой бүсгүй /өгүүллэг/

2021 оны 01 сарын 31

Цагаан бор морьтой бүсгүй

Гараасаа салгаж, газарт тавилгүй өсгөсөн ганц охин нь нялх хүүхэд үнэгчлэх мэт инээмсэглэн унтаж байхыг нь харан цайгаа самран зогсох эхийн сэтгэл уярал хайраар бялхана. Удсан ч үгүй охин нь зүүдэн жаргалаас сэрэн, наран гэрэлтсэн царайдаа инээмсэглэл тодруулан чимээгүйхэн сунайн босоод, суналзсан урт хар гэзгээ гараараа илэн самнах зуураа

- Ээжээ би ямар гоё зүүд зүүдэлсэн гээч! гэснээ, “хамаатны эгч гоё зүүдийг ярихгүй бол биелдэг юм” хэмээж байсныг санан цааш үргэлжлүүлсэнгүй, зүүдээ манан биелэхийг нь үзэхээр шийдэн дуугүй болов. Тэр зүүдээ үргэлжлүүлэн цэцэгс дэлбээлэх адил ургуулан бодож, ер бусын хүч, ид шидэд автан байхуйд зүүднийхээ үнэнд итгэн,

- Би ерөөсөө үсээ тайрахаа болилоо, бас зүүдээ мананаа гэж ээждээ эрхлэн хэлэв. Охиныхоо эрс занг мэдэх болохоор ээж нь олон зүйлийг асуугаагүй ч тааламжтайгаар инээмсэглэн суулаа.

Цагаан сарын дараа бог мал төллөж дуусаад, хатуухан хахир өвлийн бэрх араншинг мартуулан хаврын урь илтэд орж, анхны нялх ногоо дэлхийг дэлгэрүүлэн ургаж эхэлсэн нэгэн сайхан өдөр хайртай цагаан гүү нь ижлээсээ тасран хотондоо ирж унагалав. Нялх унаганы зөөлөн бор нүд Сайханы өнөөх зүүдний цагаан бор морины нүд мөн болохыг зөнгөөрөө тэр мэдэрлээ. Энэ л өдрөөс Сайхан охин зүүдээ биелэнэ гэдэгт эргэлзэхээ больж бяцхан зүрх нь булигланхан мөрөөдсөөр, өөрийн бэлтгэлийг сэмхэн хийхээр ээжийнхээ авдрыг онгойлгон цагаан ямбуун бааданг задлахад хамгийн дээр нь ягаан алаг цэцгэн хээтэй ногоон торго эвхээтэй байлаа.

- Ээжээ, та надад энэ торгоо бэлэглээч, намайг 18 нас хүрэхээр дээл хийж өгөөч, би цагаан бор дээлээ өмсөөд, цагаан бор морио унаад эгч нар дээрээ очихоор алс холын аянд явмаар байна, гэхэд

- Зүггүй гэнэн гэдэг нь, гэхдээ ээж нь гараа гарган охиндоо хүсээд байгаа торгоор нь үлгэрийн дагиных шиг дээл хийж өгөлгүй яах вэ, миний охин ч том болж байна даа, гэх зуураа, “Нээрээ өдөр бүр охин дүү нэхээд байхаа больж, аргагүй л нас биед хүрэх нь дээ ” гэж бодон охиныхоо үзэсгэлэн гоогоор бахархан суув.

Тэр нэгэн өдрөөс хойш гурван жил өнгөрч, охины зүүд биелэх дөхсөөр байлаа. Хамгийн ихээр зовоож байсан зүйл нь хайртай ээж нь охиныг хол явуулж чадахгүйд л байлаа. Зүүд биелэх өдөр боллоо. “ Цагаан морин жилийн хаврын адаг сарын шинийн нэгний морин цагт идээнийхээ анхны дээжийг аваад, цагаан бор морио унаад, бид хоёртой ижил өнгийн дээл өмсөөд ирээрэй, чи бид гурав энэ уулын эзэд билээ”, гэж чихэнд хадгалагдсан үгсийг ёсоор үйлдэн хөдлөх цаг боллоо. Хайртай ээждээ ч хэлэх цаг ирлээ. Ээж нь сонсоод алмайран гайхавч, өнөөх л тэнгэр ниргэсэн ч янзаараа зангаараа, эрх охиныхоо насанд хүрснийг санан зөвшөөрөн явууллаа.

Орой болж охин нь ирэхгүй, арай ядан хаврын урт шөнийг өглөөн наранд цайлгасан ээж нь айл саахалтын хоёр гурван залуустай охины явсан уулын бэл рүү явлаа. Эрэлчид ууланд хэчнээн их хашхиран, уулын салаа, ам бүрийг самнан хайсан ч Сайхан охин ор мөргүй алга болжээ. Эрэлчид мухардан, одоо ч олдохоосоо өнгөрсөн, гэж бодоцгоох ч эхийн сэтгэлийг бодон чимээгүйхэн эрлээ үргэлжлүүлсээр...

Зүүднийхээ үнэнд итгэсэн үзэсгэлэнт бүсгүй уул өөд явах замдаа, хөөрөн догдлох гэнэн сэтгэлдээ автан явахад аманд нь хэзээ ч сонсоогүй үг орж ирэн, хоолойноос нь зөөлөн эгшиглэх аялгуутай хослон гарч байлаа. Сайхан охиныг уулын амны эхэн дээр цагаан бор морь унасан, ногоон торгон дээлтэй, нурууг нь даган урссан урт гэзгийг өөртэй нь адил гуравлан сүлжсэн, усны дусал шиг хоорондоо ижилхэн царайтай тэртээх шөнийн зүүдэнд ирсэн нүүр нүдээс нь сондор ялгарам үлгэрийн хоёр дагина тосон авч,

- Дүү минь битгий айгаарай, бид чиний эгч нар байна гэлээ. Уртын урт замыг туулан уулзан буй эгч дүү гурван сайхан бүсгүй бие биенээ элгэмсэн хайрлаж, бас домог түүхийг ярин, хад уяраан дуулалдаж, хадаг намируулан бүжиглэж, цэнгэн наадаж, цээнийн цэцэгсийг усалж, цэнгэг усныхаа буртагийг ариулах гээд цаг хугацаа өнгөрөхийг мэдрэх сөхөөгүй ид шидийн ертөнцдөө гурвантаа өдөр, шөнийг өнгөрөөжээ. Ийнхүү эгч нарынх нь явах цаг болоход Баруун сайхан эгч нь

- Одоо бид буцах боллоо, оршихуйн ертөнцөд хэрэгтэй зүйлээ хэлээч дүү минь гэв.

- Бороо л байвал хүн, мал, ургамал, амьтангүй уртын урт жаргалтай байдаг аа, гэлээ

- Одоохон өгнө, жил бүрийн энэ мөчид уулзаж байх болзоо тавья, баяртай дүү минь гээд хоромхон зуур хоёр эгч нь огт байгаагүй юм шиг, орчлон хорвоод уусан алга болов.

Үүр цайж гэгээ татсан үеэр цагаан бор морио унасан, ногоон торгон дээлтэй үзэсгэлэнт бүсгүй уулын амнаас инээмсэглэсээр гарч ирэхэд, энхрий үрээ эсэн мэнд буйг харан баярласан ээж, хар дарсан зүүд шиг гурван өдрийг мартан, магнай нь тэнийж охиноо тослоо. Өмөг их хайрыг нь мэдэрч ээжийнхээ өмнө нь охин нь сөгдлөө. Зүүд манасан итгэл магад үнэн болж өтгөн үүлс өвгөн сарьдагийг мөрлөхөд усан бөмбөлгүүд уралдан асгарлаа.

Б.Баярчимэг

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: