Тодорхойгүй нөхцөл байдал дундах ОЮУ ТОЛГОЙ ТӨСӨЛ

2021 оны 01 сарын 19

“Оюу толгой”төслийн ирээдүйг дэнслэх чухал цаг мөч ирж байгааг уул уурхайн портал Mining.com онцолжээ. Эдийн засгийн ахлах шинжээч Сесилиа Жамасми  Монгол Улсын Засгийн газар, Рио Тинто компани, “Оюу толгой“ төслийн дунд үүсээд буй нөхцөл байдлын талаар дүгнэн бичсэнийг уншигч танд хүргэе.

Монгол Улсад хэрэгжүүлж буй “Оюу Толгой” зэс, алтны төслийн хувьд ирэх зургаан сар ирээдүйгээ дэнслэх чухал цаг мөч байх болно. Яг одоо энэ төсөл далд уурхайн бүтээн байгуулалтаас шалтгаалан хөрөнгө оруулагч талдаа ч, Монгол Улсын Засгийн газар талдаа ч маргаан дагуулж буй. Учир нь бүтээн байгуулалтын зардал нэмэгдсэн, ашиглалтад орох хугацаа хойшилсон зэргээс шалтгаалан үр ашгийг дээшлүүлэх, далд уурхайн бүтээн байгуулалтын гэрээг ч өөрчлөх тухай яриа хэлэлцүүлэг ид өрнөж байна.

Хоёр долоо хоногийн өмнө “Рио Тинто” компани далд уурхайн бүтээн байгуулалттай холбоотой мэдэгдэл хийсэн юм. Уг мэдэгдэлд “далд уурхайн олборлолт 2022 оны аравдугаар сард эхэлнэ” гэжээ. Үүссэн нөхцөл байдалтай холбоотой шинэ судалгаа хийхэд дээрх дүн гарсан бөгөөд далд уурхайн бүтээн байгуулалтын зардал нь 6.75 тэрбум ам.доллар байна гэж заажээ. Энэ нь 2015 оны далд уурхайн бүтээн байгуулалтын гэрээнд тусгаснаас даруй 1.4 тэрбум ам.доллараар өндөр байгаа юм. Монгол Улсын Ерөнхий сайдаар Ч.Сайханбилэг ажиллаж байх үед байгуулсан уг гэрээг монголчууд “Дубайн гэрээ” гэдгээр нь сайн мэднэ. Учир нь “Рио Тинто” компанийн гүйцэтгэх захирал Жеан Себастьян Жак болон Ч.Сайханбилэг нар холбогдох албаны хүмүүсийг байлцуулан Дубайн зочид буудалд гэрээ үзэглэсэн учраас “Дубайн” гэх тодотголтой болжээ. Дубайд үзэглэсэн дээрх гэрээ гурван жил үргэлжилсэн маргааны эхийг тавьж, мухардалд ороод байгаа юм.

“Рио Тинто” компанийн гаргасан дээрх мэдэгдэл монголчуудад таалагдсангүй. Монгол Улсын Засгийн газар өнгөрсөн долоо хоногийн эхээр “Рио Тинто” болон хөрөнгө оруулагч “Туркойз Хилл” компаниас далд уурхайн бүтээн байгуулалт Монгол Улсад эдийн засгийн үр өгөөж өгөх эсэхийг эргэн харж, нарийн тооцоо гаргахыг хүссэн.

“Оюу Толгой төслийн үнэ цэнийн 80 гаруй хувь нь газрын доор байдаг. Энэ утгаар нь харвал Монгол Улсын Засгийн газар “Оюу Толгой” компанийн гүний уурхайн бүтээн байгуулалтыг дэмжиж байгаа. Гэвч санхүүгийн тооцооллыг судлаад үзэхэд Монгол Улс 2051 он хүртэл ногдол ашиг авахгүйгээр зогсохгүй 22 тэрбум ам.долларын өртэй үлдэхээр байгааг гүний уурхайн ордын үйлдвэрлэлийн нөөцөд тулгуурлан гаргасан байсан” гэж ЗГХЭГ-ын Гадаад төсөл, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд дарга Б.Солонгоо орон нутгийн нэгэн хэвлэлд ярьсан юм.

Ярилцлага өгсөн Б.Солонгоо даргын үзэж байгаагаас Монгол Улсын Засгийн газар “Оюу Толгой”-гоос хэзээ ч ногдол ашиг авахгүй байж магадгүй гэж эмээж буй бололтой. Монгол Улс “Оюу Толгой” төсөлд 34 хувийг эзэмшдэг ч ил уурхайн зарим бүтээн байгуулалт, далд уурхайн өргөтгөл зэргээс шалтгаалан олон тэрбум ам.долларын зээл авсан нь Монголын талын эзэмшдэг 34 хувийг үнэгүйдүүлж байгаа гэж тэд үзэж байна. “Рио Тинто” болон “Туркойз Хилл”-ийн зүгээс Монгол Улсын эрх баригчидтай холбогдоход бэлэн байгаагаа мэдэгддэг.  Удахгүй дахин хэлэлцээр хийхээр холбогдох шинжээчдийн багийг ч бэлдэж байгаа гэх. Гэхдээ далд уурхайн бүтээн байгуулалтын ашиглалтад орох хугацаа дахиад ч хойшилж магадгүйг дээрх компаниуд хоёулаа хүлээн зөвшөөрч байгаа.

“2021 оны эхний хагасаас хойш бүтээн байгуулалтын хугацаа хойшлох нь төслийн үнэ цэнийг бууруулахад хүргэж болзошгүй.  “Рио Тинто”-гийн мэдэгдэлд дурдсанаар 2022 оны аравдугаар сард ашиглалтад орно гэж үзэж байгаа юм билээ. Монгол Улсын Засгийн газар мөнгөн урсгалын хүртээмжийг нэмэгдүүлэх, аль болох үр ашигтай байхыг эрмэлзэж байгаа нь харагдсан. Гэхдээ бүтээн байгуулалтын гэрээг дахин хэлэлцэх зэрэг нь гүний уурхайн үнэ цэнэ буурахад тодорхой хэмжээнд нөлөөлнө” гэж “Морган Стенли” компанийн шинжээч Алейн Габриэл өөрийн блогтоо бичжээ.

 

ТОДОРХОЙГҮЙ ҮР ДҮН

 

“Оюу Толгой”-н далд уурхай ашиглалтад орсон тохиолдолд зэсийн салбар дахь дөрөв дэх том уурхай болно. Гэхдээ бүтээн байгуулалт эхэлснээсээ хойш зорьж буй үр дүнд хүрч очиход хэдий хэр хугацаа шаардагдах вэ, дөрөв дэх том уурхай болж чадах уу гэх асуулт тавигдаж байна. Тийм ч учраас Монгол Улсын Засгийн газар 34 хувийн талаар дэлгэрэнгүй судалгаа хийх гэж байна. Тодруулбал Монгол Улсын парламент 2019 онд хуралдаж 92 дугаар тогтоол баталсан байдаг. Дээрх тогтоолоор 34 хувиар рояалти буюу нөөц ашигласны тусгай төлбөр хэлбэрээр орлуулах талаар судлах гэсэн заалт оруулжээ. Засгийн газар дээрх тогтоолыг хэрэгжүүлэх үүднээс холбогдох судалгааны ажилдаа оржээ.

“Рио Тинто” болон хөрөнгө оруулагч “Туркойз Хилл” компаниуд “Оюу Толгой”-н далд уурхайн бүтээн байгуулалтад анхаардаг. Гэхдээ үүссэн асуудал их байгаа тул далд уурхайн замнал бартаатай байна. Саяхан хоёр компани далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилт босгох асуудал дээр шийдэлд хүрч чадаагүй тул арбитрын шүүхээр асуудлаа шийдэх замыг сонгосон. Яг одоо хоёр компанийн арбитрын ажиллагаа Канад улсын Британийн Колумб мужид эхлээд байна. Арбитрын шүүхийн шийдвэр хэрхэхээс далд уурхайн бүтээн байгуулалтын хувь заяа шийдэгдэнэ.

“Оюу Толгой” дээр далд уурхайгаас гадна өөр олон асуудал бий. Нэн тэргүүнд эрчим хүчний асуудлыг дурдах шаардлагатай. Монголын тал Хятадаас эрчим хүч авдаг асуудлыг шийдэхийн тулд цахилгаан станц барих санаачилга дэвшүүлсэн. “Рио Тинто” компанитай станц байгуулах гэрээнд ч гарын үсэг зурсан. Гэхдээ цахилгаан станц барих ажил "дахин хойшлогдоно гэж" Рио Тинто үзэж байна. Үүнээс гадна “Оюу Толгой”-н менежментийн багийн бүтцийн өөрчлөлт, 2019 оны нөөцийн мэдүүлэгт үндэслэн 2020 онд боловсруулсан ТЭЗҮ-г батлах шаардлага тулгараад буй. Ирэх тавдугаар сард “Рио Тинто” компани “Оюу Толгой”-н хувь заяаг эцэслэн дэнслэхээс өмнө дээрх асуудлуудыг бүгдийг нь нягталж, гаргалгаа гаргасан байх шаардлагатай.

 

“ОЮУ ТОЛГОЙ” ТӨСӨЛ ЗОГСОХ УУ

 

Монгол Улсын Засгийн газар, хөрөнгө оруулагч талууд төслийг хойшлуулахгүй гэдэгт итгэлтэй байгаа ч цаашид үүсэх асуудлууд, нөхцөл байдал хэрхэхээс шалтгаалан төсөл зогсож ч мэдэхээр байна. “Оюу Толгой” бол Монгол Улсын эдийн засгийн хүндийг нуруун дээрээ үүрдэг төсөл. Ажлын байраар хангагч байгаад зогсохгүй Монгол Улсын гадаадын шууд хөрөнгө оруулалтын тал нь “Оюу Толгой” төсөл байдаг. Ажиллах хүчний 94 орчим хувь нь монголчууд. Одоогоос найман жилийн өмнө 2013 онд монголын тал ашгаа нэмэгдүүлэхийн тулд “Оюу Толгой”-г зогсооё гэж хүртэл үзэж байлаа. Гэвч одоогийн үүссэн нөхцөл байдал өмнөхөөс арай дээр байна. Тэд асуудлыг илүү нухацтай авч үздэг болж. Далд уурхайн бүтээн байгуулалтын зардал нэмэгдсэн, ашиглалтад орох хугацаа хойшилсныг судлах тусгай хороо байгуулсан. Энэ хороонд “Туркойз Хилл” компаниас нэр дэвшүүлсэн хоёр, “Эрдэнэс-Оюутолгой” /Монгол Улсын Засгийн газар/-оос дэвшүүлсэн хоёр гишүүн асуудлыг нарийвчлан шалгаж буй.  

“Оюу Толгой” сонгуулийн томоохон сэдэв болоод байна. Монгол Улсад ирэх зургаадугаар сард Ерөнхийлөгчийн сонгууль болно. Уг сонгуульд зүүн төвийн үзэл баримтлалтай Монгол Ардын Нам, баруун төвийн үзэл баримтлалтай Ардчилсан намаас нэр дэвшигчид өрсөлдөнө. Хоёр намын аль, аль нь “Оюу Толгой”-н үйл ажиллагааг үргэлжлүүлэхийн төлөө байгаагаа мэдэгдээд байна. “Оюу Толгой” төслийг батлахад оролцсон С.Батболд Ерөнхийлөгчийн сонгуульд Монгол Ардын Намаас нэр дэвших магадлал өндөр байна. Ерөнхий сайдаар ажиллаж байсан тэрээр Гадаад хэргийн сайд байхдаа “Оюу Толгой” төслийг эхлүүлэхэд эерэгээр хандаж байсан улстөрчдийн нэг.

Ардчилсан намаас нэр дэвших магадлалтай байгаа одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга төслийг илүү үр дүнтэй болгохын тулд “Туркойз Хилл”, “Рио Тинто” хоёртой хэлэлцээрийн ширээний ард суух ёстой гэж боддог нэгэн. Түүнчлэн монголын баялгийг барууны оролцоотой компаниудын нөлөөгөөр ашиглаж байна гэж үздэг эсэргүүцэгчидтэй ижил санаа бодолтой байдаг.

 

ГАДНЫХНЫГ ҮЗЭН ЯДАГЧИД

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга саяхан Монголд хөрөнгө оруулах хүсэлтэй гаднын компаниуд Монголын дотоодын банкаар үйлчлүүлэх ёстой гэсэн байр сууриа илэрхийлсэн. Бүр хууль хүртэл санаачилсан. Түүний энэ шийдвэр олон нийтэд таалагдаж болох ч эдийн засгийн хувьд тогтворгүй байдалд байгаа Монгол Улсын дотоодын банкаар үйлчлүүлэх нь хөрөнгө оруулагчдыг үргээнэ гэж шинжээчид үзэж байна. Магадгүй түүний үзэл бодол “Оюу Толгой”-гоос “Туркойз Хилл”, “Рио Тинто”-г холдуулах далд утгатай байж ч мэднэ. Учир юу хэмээвээс уул уурхайн томоохон шинжээчид Х.Баттулга “Оюу Толгой” төсөлд мөнхийн хөрш болсон Орос, Хятадыг оролцуулах сонирхолтой гэж үзсээр ирсэнтэй холбоотой. Одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга бол ОХУ-д талтай, Владимир Путиныг биширдэг, бизнес нь ч Оростой холбогдсон нэгэн.

“Рио Тинто” компани бүр анхнаасаа “Оюу Толгой”-н далд уурхайн бүтээн байгуулалт бол хамгийн чухалд тооцогдох төсөл гэж удаа дараа мэдэгдсээр ирсэн. Далд уурхай ашиглалтад орсны дараа 2028- 2036 оны хооронд жилд 480 мянган тонн зэс олборлоно гэж тооцоолж байгаа. Гэвч хамгийн чухалд тооцогдох төсөл гэрээ болж үзэглэгдсэний дараачаас эхлэн тодорхойгүй замналыг туулж байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: