Гурвантэс сумын Гоёот, Баясах багийн нутагт өвөлжилт хүнд байна

2021 оны 01 сарын 17

Өмнөговь /ГУРВАНТЭС/ Гурвантэс сумын Гоёот, Баясах багийн нутагт өвөлжилт хүнд байна.

Тус сумын нутагт зуншлага сайн байгаагүйн дээр зэргэлдээ аймгийн отор нүүдэл орж ирсний улмаас хоёр багт өвөлжилт хүнд байгаа аж. Сумын удирдлагуудын зүгээс өвс тэжээлийн үнийг тогтвортой байлгах бодлого барьж ажиллаж байгаа бөгөөд аймгаас тодорхой хэмжээний санхүүжилт шийвэрлүүлж өвс тэжээл татан авч малчиддаа өгчээ. Гурвантэс сумын Засаг дарга Г.Гангамаа "Манай сум төв суурингаас хол учраас татаж ирсэн өвс нэг боодол нь 17 мянга 500, тэжээл 20 мянган төгрөгийн үнэтэй болдог. Сая татаж ирсэн өвсөө 10 мянга, тэжээлээ 19 мянган төгрөгөөр малчиддаа өгсөн. Малчин өрх олон учраас татаж ирсэн өвс тэжээл нэг айлд цөөн тоогоор ногдож байна. 62 тн тэжээл татаж ирэхэд нэг өрөхөд 4 шуудай тэжээл хувиарлаж байгаа" гэлээ.

Тухайн бүс нутагт үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компанитай хамтын ажиллагааг сайжруулах өвс тэжээлийн дэмжлэгийг малчдад үзүүлэх, орон нутгийн иргэдийг уул уурхайн компанид ажилд оруулахад илүү анхаарч байгаагаа сумын удирдлагууд онцолсон. Гурвантэс сумын хувьд аймгийн хамгийн баруун талын сум бөгөөд Хятад улстай Шивээхүрэн Сэхэ боомтоор хиллэдэг. Ногоон бүс болох зорилтын хүрээнд сумын Онцгой комисс хяналт, урьдчилан сэргийлэх арга хэмжээ бэлэн байдлаа хангахад чиглэл бүр дээр анхаарч байна. МУ-ын Эдийн засгийг бүрдүүлэх нүүрс тээвэр экспортоо сайжруулах, түүнчлэн ногоон бүсээ хамгаалах постууд гарган ажиллаж байгаа аж. Энэ талаар тус сумын Засаг дарга Г.Гангамаа "Ажлаа авснаасаа хойш уул уурхайн компаниудад хоёр санал тавьсан. Үүнд малчдаа дэмжиж өвөл хаврыг өнтэй давахад хамтарч ажиллах, "Коив-19" халдварын улмаас ажилгүйдэл нэмэгдэж айл бүрт ажилгүй хүн байна. Тиймээс орон нутгийн иргэдийг уул уурхайд ажиллах боломж гарга гэсэн саналыг тавьсан" гэлээ. Түүний саналыг хүлээн авч дөрвөн уурхай 36тн өвс ирүүлснийг малчиддаа хүргэсэн бөгөөд зарим уурхайгаас тэжээл өгөхөөр болсон байна.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: