Цэрдийн галавын хонь хэмээн нэрлэдэг эвэрт үлэг гүрвэл

2021 оны 01 сарын 06

Өмнөговь аймгийн музейн ховор үзмэрүүдийн нэг эвэрт үлэг гүрвэл юм.

Монгол орноос хамгийн анх олдсон цөөн хэдэн үлэг гүрвэлийн нэг нь протоцератопс хэмээх үлэг гүрвэлийн төрөл юм. Багавтар /1 -1,7м орчим урт / өвсөн идэшт, дөрвөн хөлт энэ үлэг гүрвэлүүдийн толгойн яс нь том, биеийн уртын бараг 1/3- ийг эзэлнэ. Ихэнх нь Жодохтын цаг үед олноороо олдож байсан тул үлэг гүрвэлийн өсөлтийн хувирал, өөрчлөлтийг нас насаар нь тодорхойлох боломж нээгдэж ясан биенд ажиглагдах хүйсийн ялгааг тогтооход чухал баримт болсон байна. Түүний эрүүний яс сайн хөгжсөн ба ихэвчлэн бутлаг ургамлаар хооллодог. Биеэр тийм том биш, өнөөгийн хонь шиг учир Цэрдийн галавын хонь хэмээн нэрлэдэг. Протоцератопсын олдвор нь бага нялхаасаа өтөл нас хүртэл дэс дараалан олдсон ийм олдворууд дэлхийд нээгдээгүй байгаа нь шинжлэх ухааны салбарт хамгийн баялаг чухал олдворын тоонд зүй ёсоор тооцогддог байна.

Энэхүү эвэрт гүрвэлийн тодорхойлолт: Өвсөн идэшт, эвэрт гүрвэл Протоцератопс /Protoceratops Andrews/ одоогоос 80 орчим сая жилийн өмнө буюу хожуу цэрдийн галавийн Жодохтийн цаг үед амьдарч байсан. Баянзаг, Төгрөгийн ширээгээс их олддог. Эх хурдастай нь боловсруулсан үлэг гүрвэлийн араг яс. Толгой нь дээшээ гэдийсэн, их биеэрээ дугуйрсан, хэвтэж буй байдалтай, урд 2 хөлний сарвуу байхгүй, хойд талын баруун хөл сарвуутай, 20ш шүдтэй бөгөөд эх хурдсыг тойруулан гипсэн ороолт хийсэн. Гадны төрхөөс харахад зулзаган эвэрт гүрвэл байна.

Хэмжээ: дунд чөмөгний урт 16см, шилбэний ясны урт 15см, сарвууны урт 6см, шивлүүр ясны урт 5см, эвэрний урт 25см, өн 11см,

Олдсон газар: Өмнөговь Булган сум, Төгрөгийн ширээгээс 2018 онд.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: