Үзэсгэлэнт Ёлын ам

2021 оны 01 сарын 06

Өмнөговь аймгийг зорьж, гадна, дотны жуулчдын заавал очиж үздэг газруудын нэг “Ёлын ам” нь Алтай нурууны үргэлжлэл болох “Говь гурван сайхан” уулын зүүн сайхан ууланд орших тус аймгийн есөн гайхамшгийн нэг юм.

Далайн түвшнээс дээш дунджаар 2800 метр өндөр, Зүүнсайхан уулыг зүүн хойшоо сэтлэн урссан голын нарийхан хавцал юм. Хавцлын голоор жижиг горхи урсдаг бөгөөд өвөл мөсөн бүрхүүлээр хучигддаг. Жилийн турш мөстэй байдаг байсан боловч сүүлийн жилүүдэд ихэнх хэсгийн мөс нь хайлдаг болсон. Хавцлын мөнхийн нар тусахгүй зарим газарт нэг метрээс ч илүү зузаантай мөс үлддэг. Бороо хур ихтэй жил хавцлын дээрээс 4 хүрхрээ урсан орж ирдэг. Нар тусахгүй мөнхийн сүүдэр бүхий сэрүүн газрууд олон байдаг учраас өвлийг санагдуулам сэнгэнэсэн хүйтэн агаар хавцлын голоор нэвт урсаж байдаг. Хавцлын ёроолоос дээшээ харахад тэнгэр зөвхөн нарийн цэнхэр зурвас мэт харагддаг. Зарим хадан хана нь 200 метр хүртэл өндөр элгэн эгц байдаг.

Дархан цаазат газар бөгөөд дархалсан талбай нь 64 ам.километр. Ёл шувуу байдаг учраас ийнхүү Ёлын ам хэмээн нэрлэсэн. Ёл шувуу нь зөвхөн төв Азид байдаг Монголын дархан цаазат шувуу бөгөөд 1500-3000 метрийн өндөрт оршдог ховор шувуу. Жигүүр нь 2.5-3 метр хүрнэ. Нуруу нь хөхөвтөр шаргал, хэвлий толгой нь цайвар, эрүүн доороо сахалтай. 1700 метрээс дээш өндөрт үүрээ засдаг, ихэвчлэн 2 дугаар сард хоёр өндөг гаргадаг. Амьтдын сэг ясаар хооллодог ажээ.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: