О.Сувдаа: Бийрэн бичвэр дотоод хүнээ мэдрэх нэг ёсны бясалгал болж өгдөг

2021 оны 01 сарын 06

Өмнөговь аймгийн Ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн багш О.Сувдаатай түүний ТББ-ынх нь үйл ажиллагаа болон цар тахлын үед цахимаар иргэддээ монгол бичгийг түгээн дэлгэрүүлж буй талаар нь ярилцлаа. 

- Танай ТББ-аас яриагаа эхлүүлье. Ямар зорилгоор хэзээ байгуулсан бэ?

-"Урлахуйн мөр" Төрийн бус байгууллагаа 2012 онд үүсгэн байгуулсан. Тэр үед "Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-I"ийг хэрэгжүүлэхээр болж төрийн албан хаагчид төдийгүй хувь хүмүүст монгол бичгээ сурах хэрэгцээ шаардлага гарсны улмаас аж ахуй нэгж, хувь хүмүүст сургалт явуулж, үндэсний бичгээ сурахад нь туслах зорилгоор үүсгэн байгуулж байлаа.

-Одоо явуулж буй үйл ажиллагааныхаа талаар?

-Хөл хорио тогтоосны улмаас цахимд монгол бичгээр хэрхэн бичих, унших дасгал ажлуудыг "Монгол бичиг Өмнөговь аймаг" цахим хуудсанд нийтэлж админаар нь ажиллаж байна. Уг цахим хуудсандаа яруу найргийн булан нээж өдөрт нэг яруу найрагчийн бүтээлийг монгол бичгээр байршуулж эхлээд байна. Энэ нь зохиолчид болоод зохиол бүтээлд дурлагсадад монгол бичгээ хүргэх зорилготой юм. Цар тахалгүй үед сурагч, насанд хүрэгчдэд зориулсан уран бичвэрийн сургалт зохион явуулдаг байсан. Мөн уран бичвэрээр бэлэг дурсгалын үгийг захиалгаар бичиж өгөх үйлчилгээг ард иргэддээ хүргэж байна.

-Та бага ангийн багш шүү дээ. Хэдийнээс, яагаад ийнхүү монгол бичигт шимтэх болов?

-Тиймээ. Хүмүүс намайг монгол хэл уран зохиолын багш гэж бодоцгоодог юм билээ Уулзаад бага ангийн багш гэдгийг мэдэхээрээ гайхдаг. Би эмээ дээрээ өссөн эмээгийн хүүхэд л дээ. Эмээ маань Хүрмэн сумын Сүхбаатарын зам нэгдлийн анхны гишүүн бөгөөд малчин, саальчин эгэл жирийн эмэгтэй байсан. Залуудаа бүлгэмд хуучин монгол бичгийн багш байсан. Мөн кирилл цагаан толгой сураад шинэ үсгийн багш болж байснаа дурсан ярьдаг байлаа. Намайг сургуульд суухаас өмнө монгол бичиг, тоо, тооны хүрд зааж сургасан, хонины бэлчээрт л монгол бичгээ сурсан даа. Хурга хариулахдаа хичээлээ хийх даалгавартай явдаг байлаа. Хүрмэн суманд нэгдүгээр ангид ороход н.Баасанхүү багшийн ангид монгол бичгийн цагаан толгойг үзсэн. Би аль хэдийнээ эмээгээрээ заалгачихсан учраас түүртээгүй л дээ. Гэхдээ л ямар дүн авсан бол гэхээс нойр хүрдэггүйсэн. Сургуульд суухаас өмнө хонины бэлчээрт сурсан монгол бичгээ оюутан болсон хойноо ангийнхандаа самбарт хичээлийг нь бичиж өгдөг байлаа. Ангийнхан Сувдаа бичиг чинь үүдээр гарлаа гээд бүгд хажуу тийшээ гилжийж байгаад уншдаг байсан. Одоо бодоход анх самбарт хичээж бичсэн бичиг маань далийгаад явчихдаг байсан хэрэг. Олимпиадад сургуулиа төлөөлж оролцдог төдийгүй "Үүрийн туяа" романыг өдөрт хоёр хуудсаар нь хөрвүүлэг хийдэг байсан. Энэ бүхэн л намайг монгол бичигт илүү их хөтөлсөн гэж боддог доо.

-Сургалт сонирхсон хүмүүс олон байдаг шиг ээ. Танд ийм санал их ирдэг үү?

-Хүмүүс их сонирхдог. Монгол бичгийг хүүхдэдээ анхан шатнаас нь эхлээд заалгах хүсэлтэй эцэг эхчүүд ихэссэн. Зуны амралтаар дунд ангийн хүүхдүүд хоцрогдол арилгах болон бийрэн бичвэрийн сургалт авах хүсэлт ирдэг. Цаг зав бололцоотой үедээ сургалт зохион байгуулдаг. Бийрэн бичвэрийг бол зургаа хоногт сурах боломжтой. Гэхдээ бийрэн бичвэр нь уйгагүй их хөдөлмөр, тэвчээр шаардаж, дотоод хүнээ мэдрэх нэг ёсны бясалгал болж өгдөг давуу талтай.

-Насанд хүрэгчдээс сургалт авах санал хэр ирдэг вэ?

-Хүсэлт ирдэг ээ. Энэ жил хөл хорио тогтоогоогүй байсан бол сургалтын төв нээхээр төлөвлөсөн байсан юм. Удахгүй сайхан цаг ирэхээр сургалтын төвөө нээх бодолтой байгаа.

-Бийрэн бичвэрээр уралдаан тэмцээн Өмнөговьд зохион байгуулдаг уу?

-Манай байгууллагын хувьд бийрэн бичвэрийн уралдаан зохион байгуулж байгаагүй. Харин жил болгоны гуравдугаар сард Цогт-Овоо суманд Ардын боловсролын тэргүүний ажилтан Х.Гончигринчин багшийн нэрэмжит "Эрдмийн хишиг" аян болдог. Уг аяныг Х.Гончигринчин багшийн үр хүүхдүүд, үе үеийн шавь нар нь зохион байгуулдаг уламжлалтай. Тэр аянаар багш, сурагчдын дунд анги, мэргэжлээр нь төрөлжсөн олимпиад зохион байгуулдаг бөгөөд бийрэн бичвэрийн уралдааныг мөн явуулдаг.

-Өмнөговьд бийрэн бичвэрээр бичдэг хэр олон хүн байдаг бол?

-Анх гарын арван хуруунд багтахаар цөөхөн байсан. Одоо харин олон болсон шүү. Г.Ганзориг гээд Улаанбаатар хотод оршин суудаг манай аймгийн залуу бий. Гурвантэс сумын монгол хэлний багш Баттогтох мөн аймгийн төвийн сургуулиудын монгол хэлний багш нар өөрсдөө бичихийн зэрэгцээ шавь нартаа зааж сургаж байна.

-Одоо энэ чиглэлээрээ хийхээр төвлөж буй ямар ямар ажлууд байгаа вэ?

-Эхний ээлжинд аймгийнхаа монгол бичгийн цахим бүлгэмийг идэвхжүүлэх төлөвлөгөөтэй байна. Дараагаар нь суралцахыг хүссэн хүмүүст зориулан сургалт зохион байгуулна. Монгол хэл бичгийн сургалт явуулдаг сургалтын төвөө нээх зорилготой байгаа. Үүний дараа өөрийнхөө яруу найргийн номоо монгол бичиг, кирилл хосолсон хэлбэрээр гаргана гэсэн төлөвлөгөөтэй байна даа.

-Ярилцсан танд баярлалаа.

 

 

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: