С.Номинцэцэг: Минималист амьдралын хэв маяг бол манай нүүдэлчин ахуй л юм билээ

2021 оны 01 сарын 06

“Ковид-19” халдвар тархаж хөл хориотой байгаа үед цагийг үр бүтээлтэй өнгөрүүлж, гэр бүлдээ цаг зав гаргах боломж бүрдэж буй. Ийм үед бага зардлаар гэрээ хэрхэн тохижуулж болох санал санаачилгыг бусадтайгаа хуваалцдаг цахим хуудсыг хөгжүүлж яваа Даланзадгад сумын тавдугаар багийн иргэн С.Номинцэцэгийг урьж ярилцлаа.

- "Sweet Home-Өмнөговь" цахим хуудас нээх болсон шалтгаан, зорилгынхоо талаар танилцуулаач?

- Бид мэдээллийн асар их урсгал дунд амьдарч байна. Нүүр номоор хэрэггүй мэдээлэлд цаг заваа зарцуулдаг. Тиймээс Өмнөговийн бүсгүйчүүд бие биедээ хэрэгтэй мэдээлэл, шинэ санаа, туршлагаа солилцдог шинэ цахим хуудастай болох хүслээр энэ цахим хуудсаа нээсэн. Цахим хуудсын агуулга бидэнд хамгийн ойр сэдэв болох гэр болон орчны тохижилт, бүтээлч санаагаа хуваалцах юм.

Ялангуяа гэрийн эзэгтэй нарт тав тухтай орчныг хамгийн хялбараар бий болгох санааг оруулж байгаа харагддаг. Энэ талаараа?

- Эзний нэрээр орж, эзэгтэйн нэрээр гардаг гэдэг. Орчин үед интерьерийн шинэ содон шийдлүүд бий болж, бид эмх цэгцтэй амьдралын хэв маягийг эрхэмлэх болсон. Бид заавал үнэтэй тавилга эд зүйлс худалдаж авахаасаа өмнө гэрийнхээ дотоод засалд тохируулж, гарын доорх материалаар жижиг сажиг зүйлс урлаж, гэрээ чимэх боломжтой. Би өөрөө ч ийм зүйлс хийх сонирхолтой болохоор цахим хуудасныхаа гишүүддээ санаа оноогоо хуваалцах дуртай. Манай гишүүд маш бүтээлч, ажилсаг бүсгүйчүүд байдаг юм билээ.

Ихэвчлэн хэдий насны хүмүүс идэвхтэй байна вэ?

- Манай цахим хуудас нээгдээд удаагүй ч 1900 гишүүнтэй болсон. 80 хувь нь бүсгүйчүүд, үлдсэн хувь нь эрчүүд байдаг. Эрчүүд маань цахим хуудсаасаа гарахгүй байхыг бодоход тэдэнд сонирхолтой байдаг юм шиг санагдсан. Идэвхтэй гишүүд маань гэрлээд амьдрал ахуйгаа төвхнүүлж яваа эсвэл амьдрал нь төвхнөсөн ч үргэлж шинийг эрэлхийлдэг 25-аас дээш насныхан байгаа нь анзаарагдсан.

- Цахим хуудсаараа дамжуулан янз бүрийн уралдаан тэмцээн зохион байгуулж байгаа харагддаг. Үр дүн хэр байна вэ, таны хүссэн үр дүнд хүрч байгаа юу?

- Цар тахалтай үед гэрийн хорионд байгаа гишүүдээ идэвхжүүлэх, өдрийг үр бүтээлтэй өнгөрүүлэх зорилгоор нэг удаа уралдаан зарласан. Бүсгүйчүүд маань маш идэвхтэй оролцож, хийсэн бүтээснээ бусадтайгаа хуваалцсан. Өмнөговийн бүсгүйчүүд маань ажилсаг бас аливаа зүйлийн донжийг олдог мэдрэмжтэй шүү. Гэхдээ манайхны нэг сул тал нь их даруухан юм болов уу. Бүгдээрээ гэртээ зөндөө зүйлс хийж байгаа ч зориглоод нийтлэх нь цөөхөн байдаг.

- Он солигдох мөч ойртож байгаатай холбоотойгоор гэртээ хэрхэн хямд төсрөөр сүлд мод засах санаануудыг та өөрөө хийж хүмүүстэй хуваалцсан байсан. Жишээ жижигхэн цагаан сүлд мод хөөрхөн харагдсан л даа. Юугаар хийсэн бэ?

- 1м тор 2500 төгрөгөөр авсан. Хуучин төмөр өлгүүрээр гол суурийг нь хийсэн. Тэгээд хуучин багц чимэглэлийг задлаад чимчихсэн юм. Үүнээс гадна модны хаягдал мөчир олсон утсаар хэлхээд чимэглэж ханандаа сүлд мод хийсэн. Яг иймэрхүү мод үйлдвэрийнх нь 50 мянгаас дээш үнэтэй байсан. Үүнээс гадна хуучин ваараа олсон утсаар чимж өвөрмөц болгох, хашаандаа тарьсан гацуураа чимж шинэ жилийн уур амьсгал бүрдүүлэх, хуучин жааз ашиглан гэрийн хана чимэх гэх мэтээр хямд төсрөөр тав тухай орчинг бүрдүүлж болох санааг хуваалцаж байна.

- Сүүлийн үед минималист хэв маягийг иргэд түлхүү сонирхох болж энэ тал дээр таны бодол?

- Минималист амьдралын хэв маяг бол манай нүүдэлчин ахуй л юм билээ. Маш цомхон, чанарлаг эд зүйлс, хувцас хунартай. Бидний өвөг дээдэс тоо бус чанарт анхаарч цомхон амьдардаг байжээ. Орчин үед бид цаг нартай уралдаж ажилладаг болсон болохоор энэ хэв маягийг эрхэмлэж, хэрэгжүүлж чадвал асар их хөрөнгө мөнгө, цаг хугацаа хэмнэхээс гадна уур уцаар бухимдалгүй амьдрахад их чухал нөлөөтэй. Гэвч хэрэгжүүлж чадах нь ховор юм аа.

- Цаашид төлөвлөж байгаа санаагаа хуваалцаж болох уу?

- Цаашид цахим хуудсаа улам хөгжүүлж, гишүүдийн тоогоо нэмэн олон хүмүүстэй сайн сайхнаа хуваалцах боломжийг олгомоор байна. Төрөл бүрийн санаачилга гаргаж, гишүүдээ идэвхжүүлэх, гол нь нээлттэй болгохыг зорьж ажиллана. Зорилгогүй утас үзэж байхаар иргэдийнхээ шинэ санаа, туршлагыг түгээн дэлгэрүүлж, бусадтайгаа хуваалцдагтаа баяртай байдаг. Цаашдаа гишүүдтэйгээ хамтран төрөл бүрийн сургалт зохион байгуулах мөн сайн үйлсийн аян өрнүүлэх зэрэг нийгэмд гэрэл гэгээ түгээхийг зорьж ажиллана.

 

-Ярилцсанд баярлалаа.  

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: