Тост Тосон бумбын уулс

2021 оны 01 сарын 06

Өмнөговь аймгийн үзэсгэлэнт газруудад нэр нь зүй ёсоор орох газрын нэг нь Тост Тосон бумбын уулс юм. Тус аймгийн Гурвантэс сумаас баруун хойш 45 км-т орших Тост Тосон бумбын ууланд ирвэс хамгаалах “Ирвэс” төв ажилладаг. Дэлхийд нэн ховорт тооцогдох болсон ирвэсийн өлгий нутаг ч гэж хэлж болно.
Уг уул нь далайн түвшнээс дээш 2517 метрийн өндөртэй, эгц цавчим оргил, нуруудтай, Цоохор ирвэс болон түүний гол идэш тэжээл болох янгир ямааны гол тархац нутаг бөгөөд одоогоор 800 орчим янгир ямаа байгаа гэж тооцож байна. Цоохор ирвэсийн ялгадсанд хийсэн шинжилгээгээр идэш тэжээлийн 64 хувь нь янгир байгааг тогтоосон байдаг. "Ирвэс" төвийнхөн өнгөрсөн хугацаанд 15 ирвэсийг хүзүүвчилж судалгаагаа явуулахад тэд тогтвортой амьдарч байгаа гэсэн байна.
Тост ууланд говийн бусад уул нуруудын адил ургамлын бүрхэвч, амьтад шувууд бий. 2012 онд тус төвөөс санаачлан Тост уул түүний орчныг Улсын тусгай хамгаалалтад авах санал ирүүлснийг Гурвантэс сумын ИТХ, Өмнөговь аймгийн ИТХ-аас дэмжсэн тогтоол гаргасан юм.
2016 онд УИХ-ын хаврын ээлжит чуулганы хуралдаанаар “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж баталсан билээ. Үүнд Тост Тосон бумбын нурууг Улсын тусгай хамгаалалтад авах санал 81,2 хувиар дэмжигдсэн юм.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: