Т.Батболд: Сонгуулийн хууль зөрчвөл ӨНДӨР ДҮНТЭЙ мөнгөн торгууль оногдуулна

2020 оны 06 сарын 10
Цахим орчинд сонгуулийн сурталчилгаа хийхдээ юуг анхаарах ёстойг Харилцаа холбооны зохицуулах хорооны Интернетэд суурилсан үйлчилгээ технологийн хэлтсийн дарга Т.Батболдоос тодрууллаа.

Цахим орчинд сонгуулийн сурталчилгаа хийхдээ юуг анхаарах ёстойг Харилцаа холбооны зохицуулах хорооны Интернетэд суурилсан үйлчилгээ технологийн хэлтсийн дарга Т.Батболдоос тодрууллаа.


-Цахим орчинд сонгуулийн сурталчилгаа хийхдээ юун дээр анхаарах ёстой вэ?

-Сонгуулийн тухай хуулийн 37 дугаар заалт бол цахим орчинд сурталчилгааг хэрхэн хийх талаар зохицуулсан заалт юм. Тухайлбал, 37.1-т гурван төрлийн цахим хуудас ашиглаж сонгуулийн сурталчилгаа хийж болно гэж заасан байдаг. Нэгт, нам эвсэл нэр дэвшигч өөрийн цахим хуудас ашиглаж болно. Хоёрт, нам эвсэл нэр дэвшигчийн цахим орчин дахь олон нийтийн сүлжээгээр дамжуулан сонгуулийн сурталчилгаа явуулж болно гэж заасан. Хуульд заасны дагуу нэр дэвшигчийн үнэмлэхээ гардаж авснаас хойш аймаг нийслэлийн сонгуулийн хороонд сонгуульд ашиглах цахим хуудсаа бүртгүүлэх ёстой. Бүртгүүлсэн хаягаар албан ёсны сурталчилгаа хийх эрхтэй болж байгаа юм. Гуравт, бусад цахим хуудас гэж байгаа. Үүнд вэб сайт, албан ёсны пэйж хуудас багтах ба Харилцаа холбооны зохицуулах хороонд бүртгүүлэх ёстой. Дээрх бүртгэл хийгдээд дууссан.

-Өмнөх сонгуулийн сурталчилгаанаас энэ жил юугаараа онцлог вэ?

-Өмнөх сонгуулиар бид вэб сайтуудад зохицуулалт хийж байсан. Харин энэ удаад вэб сайтаас гадна цахим орчин дахь олон нийтийн сүлжээнд хяналт тавихаар “Фэйсбүүк” компанитай хамтарч ажиллаж байгаагаараа онцлог юм.

-Хэдэн нэр дэвшигч цахим хуудсаа бүртгүүлсэн бэ?

-Нийт 580 орчим пэйж хуудас бүртгүүлэх жагсаалт аймаг нийслэлийн сонгуулийн хорооноос ирсэн. Бид бүх нэрсийг шалгаад, хамгаалалтад авахаар “Фэйсбүүк” компанид хүргүүлсэн. Тус компаниас шаардлага хангасан пэйж хуудсыг баталгаажуулах ажил хийгдэж байгаа. Бүх пэйж хуудсыг хамгаалалтад авсан гэдгээ мэдэгдсэн. Бусад цахим хуудсыг зургаадугаар сарын 5 хүртэл Харилцаан холбооны зохицуулах хороон дээр бүртгэсэн. Нийт 290 орчим вэб сайт, 340 орчим олон нийтийн сүлжээн дэх цахим хуудас сонгуулийн сурталчилгаа явуулахаар бүртгүүлсэн. Сонгуулийн сурталчилгааг зөвхөн бүртгэлтэй цахим хуудсаар явуулахыг анхаарах хэрэгтэй.

-Хувь хүн өөрийн фэйсбүүк хуудсыг Харилцаа холбооны зохицуулах хороонд бүртгүүлээгүй мөртлөө нэр дэвшигчийг дэмжсэн лайв хийвэл хуулийн хариуцлага хүлээнэ гэсэн үг үү?

-Дамжуулсан хүн буюу цахим хаяг эзэмшигч хариуцлага хүлээнэ. Гэхдээ иргэн хүн өөрийн үзэл бодлоо илэрхийлж байгаа тохиолдолд лайв хийж болно. Харин сурталчилгаа хийх эрхгүй байж сурталчилж болохгүй. Үүнийг ялгаж салгах хэрэгтэй. Харилцаа холбооны зохицуулах хороо технологийн арга хэмжээ авна. Харин хувь хүн хуулийн этгээдийг торгох эрх байхгүй. Хувь хүн өөрийн үзэл бодлоо илэрхийлэх бүрэн эрхтэй. Үүнийг сурталчилгаа юу, өөрийн үзэл бодлоо илэрхийлсэн үү гэдгийг ялгаж салгах хэрэгтэй. Тухайн цахим хуудас сонгуулийн сурталчилгаа хийх зөвшөөрөлгүй байж нэр дэвшигчийг дэмжсэн сурталчилгаа хийсэн тохиолдолд гомдолтой байгаа иргэн хуулийн этгээд цагдаад гомдол гаргана. Мөн Мэргэжлийн хяналтын ерөнхий газар энэ асуудлыг хариуцах чиг үүрэг хүлээсэн. Тэгэхээр хууль тогтоомжийн дагуу зааг ялгааг тогтоох зайлшгүй шаардлагатай. Тухайн хүн үзэл бодлоо илэрхийлсэн байна уу эсвэл сонгуулийн сурталчилгаа явуулж байна уу гэдгийг дээрх хоёр байгууллага тогтооно.

-Хувь хүн өөрийн цахим хуудсаараа үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй ч сурталчилгаа хийвэл хэн хариуцлага хүлээлгэх вэ?

-Хувь хүн үзэл бодлоо илэрхийлэх нь Үндсэн хууль болон Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулиар олгогдсон эрх шүү дээ. Тэгэхээр тухайн хүн үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрхтэй. Гэхдээ тодорхой хэмжээний ёс зүйн хэм хэмжээг баримтлах нь чухал юм. Хэрэв сурталчилгаа хийсэн бол иргэний гомдлоор цагдаагийн байгууллага шалгана.

-Одоогоор ямар, ямар зөрчил илэрч байна вэ?

-Сонгуулийн тухай хуулийн 48.1.7 дугаарт заасан улстөрчдийн чансаа тогтоох, санал асуулга явуулах тохиолдол нэлээд гарч байна. Энэ талаар Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас нийт 45 дүгнэлт ирүүлсэн. Мөн Сонгуулийн тухай хуулийн 35.3 дугаарт заасан гүтгэн доромжлох, илт худал мэдээлэл тараах тохиолдол нэлээд гарч байгаа. Ийм төрлийн зөрчил мэдээлэл цагдаагийн байгууллагаас ирж байна.

-Вэб сайтуудад баннер буюу хөдөлгөөнт реклам байршуулж, сайтын пэйж хуудсаар сонгуулийн сурталчилгааны лайв хийж болох уу?

-Хэрэв тухайн вэб сайт болон пэйж хуудсаа Харилцаа холбооны зохицуулах хороонд бүртгүүлсэн бол сонгуулийн сурталчилгааны лайв хийх, баннер байршуулах, видео бичлэг, мэдээ түгээх эрхтэй. 

-Сонгуулийн суртал­чилгааны хугацаа дууссаны дараа нэр дэвшигчийн суртал­чилгааны материалыг сэргээж болохгүй. Тэгэхээр ямар арга хэмжээ авна гэсэн үг вэ?

-Сонгуулийн тухай хуульд зааснаар санал өгөхөөс 24 цагийн өмнө бүх төрлийн сонгуулийн сурталчилгаа зогсох ёстой. Иймд сонгуультай холбоотой бүх төрлийн мэдээллийг зөвхөн өөрт харагдах төлөвт шилжүүлж болно. Эсвэл пэйж хуудсаа түр идэвхгүй болгох гэх мэт арга хэмжээг авах ёстой. Сонгууль дуустал сурталчилгааны материалыг бүх хүнд харагдахгүй байлгах арга хэмжээг авах ёстой.

-Тэгэхээр вэб сайтад орсон мэдээ, материалыг яах ёстой гэсэн үг үү?

-Тухайн вэб сайт суртал­чилгааны материалаа олон нийтэд харагдахгүй болгох арга хэмжээг авах ёстой. Сонгуулийн сурталчилгаа санал хураалт эхлэхээс 24 цагийн өмнө дуусах ёстой учраас цахим орчинд ч ялгаагүй энэ зарчим үйлчлэх ёстой.

-Хууль зөрчсөн тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ?

-Хэрэв Сонгуулийн тухай хуулийг зөрчвөл Зөрчлийн тухай хуулиар өндөр мөнгөн дүнтэй шийтгэл оногдуулна. Сонгуулийн хуулийг зөрчвөл  Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээрт заасан зүйл ангиар шийтгэнэ. Торгуулийн хэмжээ нь хувь хүн 5,10,20 сая төгрөгөөр, хуулийн этгээд 50,100,200 сая төгрөгөөр торгуулах заалттай. Цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах, түүнд хяналт тавих журмыг зөрчих юм бол дээрх торгуулийг оногдуулна. Хууль журмаа сайн анхаарч ажиллахыг хэвлэл мэдээллийг хэрэгслүүдэд зөвлөж байна.

-Сонгуулийн тухай хуулийг зөрчсөн цахим хаягийг хааж, цуцалсан тохиолдол гарсан уу?

-Одоогоор ийм тохиолдол гараагүй. Хууль зөрчсөн контент, хуурамч хаягаас гүтгэлгийн чанартай мэдээ мэдээлэл тараасан тохиолдол гарсан. Энэ талаарх мэдээллийг “Фэйсбүүк” компанид хүргүүлсэн. 

Эх сурвалж: ZINDAA.MN

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: