Х.Сугир: Шинэ боомт байгуулах хэрэгцээ, шаардлага байхгүй

2019 оны 12 сарын 16
“Цагаан дэл уул - Өлзий” боомт байгуулахыг Өмнөговь аймгийн иргэд эсэргүүцэж, иргэдийн саналыг Өмнөговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Х.Сугир, Засаг дарга Н.Наранбаатар нар Сангийн сайд, Боомтын үндэсний зөвлөлийн дарга Ч.Хүрэлбаатарт а

“Цагаан дэл уул - Өлзий” боомт байгуулахыг Өмнөговь аймгийн иргэд эсэргүүцэж, иргэдийн саналыг Өмнөговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Х.Сугир, Засаг дарга Н.Наранбаатар нар Сангийн сайд, Боомтын үндэсний зөвлөлийн дарга Ч.Хүрэлбаатарт албан тоотоор уламжилжээ. Энэ асуудлаар Өмнөговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Х.Сугираас байр суурийг нь сонслоо.


-Өмнөговь аймгийн Хүрмэн сумын Цагаан дэл уул, БНХАУ-ын Өлзий хэмээх газрыг хамарсан Монгол, Хятадын хилийн “Цагаан дэл уул-Өлзий” боомт байгуулах ажил эхэлсэн. Гэвч нутгийн иргэд ихээхэн эсэргүүцэж байна. Танай ИТХ энэ асуудалд ямар байр суурьтай байна вэ?

-Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг дарга нь УИХ-аас гаргасан хууль, Засгийн газраас гаргасан тогтоол шийдвэрийг хэрэгжүүлж ажиллах ёстой. Гэвч иргэдийнхээ санал, шүүмжлэлийг авч ажиллах үүрэг бас бий. 

Анх 2010 онд тухайн үеийн аймгийн Засаг дарга Б.Бадраа, аймгийн Тамгын газрын дарга Б.Түвшинбаяр нар Өвөрмонголын өөртөө засах орны Альшаа аймгийн удирдлагуудыг таван удаа аймаг руу урьж, зөвхөн “Цагаан дэл уул - Өлзий” боомтыг нээх, Цагаан дэл боомтоос Даланзадгад хот руу зам тавих асуудлыг ярилцсан протокол бий. Өмнөговь аймгаас тухайн үед сонгогдсон УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан, Д.Бат-Эрдэнэ нар хоёулаа сайдаар ажиллаж байсан. Энэ хоёр хүний сайдаар ажиллаж байсан Н.Алтанхуягийн Засгийн газрын үед Монголын талаас Өмнөговь аймгийн Хүрмэн сумын нутаг Цагаан дэл, Хятад талаас Өлзий гэсэн газар нутгийг хамруулж, “Цагаан дэл уул - Өлзий” боомтыг байгуулах Засгийн газрын шийдвэр гарсан. Засгийн газрын тогтоол гарахдаа ачаа тээврийн боомт байгуулна гэсэн шийдвэр гарсан байдаг. Протоколыг нь үзэхээр зургаан гарц, орцтой боомт байгуулахаар төлөвлөсөн. Энэ нь одоогийн Гашуун сухайт боомтоор нүүрс гаргаж байгаа шиг орц, гарцтай боомтыг байгуулна гэсэн үг.

Мөн Цагаан дэл уул боомтоос Даланзадгад хот хүртэл Хятадын өндөр зэрэглэлийн хүнд даацын автомашин явах боломжтой авто зам тавина гэж протколд тусгасан байдаг. Тэгэхээр энэ боомтыг байгуулах шийдвэрийг Засгийн газраас гаргахдаа ямар нэгэн байгалийн баялаг, нүүрс ч юм уу экспортлохоор төлөвлөсөн нь тодорхой байгаа. Энэ ажил 2010 - 2016 онуудад эрчимтэй хэрэгжээд, сонгуулиас хойш нэг хэсэг чимээгүй болсон. Харин 2018 оноос зам тавих ажил яригдаж, гэрээ хэлэлцээр хийж эхэлсэн. Зам тавих компани нь тодроод, иргэд харин эсэргүүцэж байгаа. Яагаад эсэргүүцэж байна гэхээр 2010- 2016 оны тухайн үеийн аймгийн удирдлагууд, Засгийн газраас Хүрмэн, Номгон, Ханхонгор сумын ард иргэд, удирдлагуудаас асуугаагүй гэж үзэж байгаа.

Ард иргэдийн зүгээс малын бэлчээр ус хомстоно, байгалийн үзэсгэлэнт газар, ховор ан амьтан, ургамал сүйтнэ гэж үзэж байгаа. Гашуунсухайт, Шивээ-Хүрэнгийн боомт байсан хэрнээ энэ хоёрыгоо манай улс хөгжүүлж чадаагүй. Монголын талын боомт хөгжилгүй, Хятадын талын боомт хөгжиж, хүн ажиллаж, амьдрах орчин бүрдсэн газар байгааг бид мэднэ. Тиймээс ийм байгаа нөхцөлд гуравдагч боомтын хэрэгцээ шаардлага байхгүй гэж бид үзэж байгаа.

-Та Сангийн сайд, Боомтын үндэсний зөвлөлийн дарга Ч.Хүрэлбаатарт энэ асуудлаар хандсан. Ямар хүсэлт хүргүүлсэн бэ?

-Монгол Улсын Засгийн газрын 2014 оны хоёрдугаар сарын 21-ний өдрийн 46 дугаар тогтоолоор “Цагаан дэл уул – Өлзий байнгын ажиллагаатай авто замын боомт” шинээр байгуулах шийдвэрийг гаргахдаа Өмнөговь аймгийн Номгон, Ханхонгор, Хүрмэн сумдын иргэд, иргэдийн Нийтийн хурал, сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын саналыг аваагүй шийдвэрлэсэн нь дээрх сумдын иргэдийн эсэргүүцэл, тэмцэлтэй тулгараад байгаа. Тиймээс боомтын болон замын бүтээн байгуулалтын ажилд нутгийн иргэд, аж ахуйн нэгж хоорондын зөрчил, тэмцэлтэй тулгарах магадлалтай байна. Иймд “Цагаан дэл уул – Өлзий байнгын ажиллагаатай авто замын боомт”-ыг нээхгүй байхыг Өмнөговь аймгийн иргэдийн өмнөөс хүсч байгаагаа илэрхийлсэн. Мөн иргэдийн хүсэлт, шаардлагын дагуу аймгийн ИТХ-аас Ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Ажлын хэсгийн санал дүгнэлтийг энэ сарын 18-нд ИТХ-аар хэлэлцэнэ.

-Малчид, нутгийн иргэд боомт байгуулахыг ихээхэн эсэргүүцэж байгаа. Гэтэл одоо бүтээн байгуулалтын ажил эхэлчихсэн байдаг. Тэгэхээр ямар шийдвэр гаргах нь зүйтэй юм бэ?

-Боомт байгуулахыг малчид эсэргүүцэж байгаа нь зөв. Гэтэл тэнд нэгдэж байгаа зарим төрийн бус байгууллагын тэргүүн нар 2012-2016 онд аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч байсан хүн бий. Өнөөдөр гэнэт сэрсэн юм шиг асуудалд хандаж байгаа тохиолдол байна. Энэ хүмүүс тухайн үед яагаад ард иргэдээс асуугаагүй юм бэ. Тухайн үеийн ИТХ-ын төлөөлөгчид эсэргүүцэж, иргэдээс санал аваагүйн улмаас одоо Монгол Улс энэ асуудлыг дангаар шийдэх боломжгүй. Хятадын талтай ярилцаж, тохиролцож байж энэ боомтыг нээлгэхгүй байх асуудал яригдана. Түүнээс Монгол Улсын Засгийн газар дангаараа шийдэх боломжгүй болсон. Онгон дагшин байгалиа хайрлах хамгаалах талаасаа иргэдээсээ асууж ажилласан бол өнөөдрийн ийм хүнд байдалд орохооргүй байлаа. 

 

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: