“Хилийн шинэ боомт хөгжил бус гамшиг дагуулна” хэмээн Хүрмэн сумынхан үзэж байна

“Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга” ТББ, “Босоо хөх Монгол”, “Эрс шинэчлэл хөдөлгөөн” ТББ-ууд хамтран Монгол орон даяар өрнүүлж байгаа “Байгаль эх, хариуцлагатай уул уурхай” үндэсний хэлэлцүүлэг Өмнөговь аймгийн Хүрмэн суманд үргэлжиллээ.
Хэлэлцүүлэг дээр “Босоо хөх Монгол” ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга Ц.Баяраа, “Эрс шинэчлэл хөдөлгөөн” ТББ-ын тэргүүн Д.Энхбат, Монгол Улсын маркшейдерийн зөвлөх инженер Д.Гэрэлгуа, “Гайхамшигт говь” ТББ-ын тэргүүн Х.Түмэндэлгэр нар илтгэл тавьж, “Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга” ТББ-ын тэргүүн, МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр хэлэлцүүлгийг хөтлөн явууллаа. Хэлэлцүүлэгт сумын Засаг дарга Б.Ганболд, ИТХ-ын дарга С.Эрдэнэбаяр, 260 гаруй иргэд оролцсон юм. Хүрмэн сумын Жанжин багийн Засаг дарга н.Ичинхорлоо малчдынхаа хамт маш идэвхтэй оролцсоныг тэмдэглэх хэрэгтэй.
“Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга” ТББ-ын тэргүүн, МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр хэлэлцүүлгийг нээж хэлэхдээ “Чингисийн алтан удмын Батмөнх даян цэцэн хааны төрсөн нутагт бид өнөөдөр ирээд байна. Өмнөговь бол үндсэндээ бүхлээрээ уул уурхайн аймаг болсон. Уул уурхайн нөлөөлөл бүх сумыг хамарсан тул бид сум болгоноор орж хэлэлцүүлэг хийж байгаа юм.
Тосон бумбын нуруунд ирвэс хамгаалагч, Хөвсгөл нутгийн хүү Т.Лхагвасүмбэрэл ажиллаж байсан. Тэр жилд 27 тонн мөс үүрч, ховор амьтдыг ундалж, хамгаалж байсан. Монголын том сэхээтэн, эрдэмтэн тэр залуу амиа алдсанаар нутгийн иргэдийн олон жилийн турш өрнүүлж байсан Тосон бумбын төлөөх тэмцэл олны нүдэнд ил болсон. Өмнөговьд Цагаандэлийн гэх шинэ боомт нээхээр яригдаж байгаа нь нутгийн олны эсэргүүцэлтэй тулгарч байна. Энэ боомт руу тавих зам хэд хэдэн сумын нутгийг дайран өнгөрөхийн нэг нь Хүрмэн сум. Энд боомт нээвэл энэ сайхан үзэсгэлэнт газар нутаг байхгүй болно.
Хариуцлагагүй уул уурхайн төлөөх тэмцэлд улстөржилт, намчирхал байж таарахгүй. Бид нам, улс төр харгалзалгүй Тосон бумбын төлөө тэмцэж ялалт байгуулсан.
Монгол Улсын Засгийн газраас Монгол Улс дахь уул уурхайн лицензүүдийг шалгах ажлын хэсгийг Засгийн газрын Шадар сайдаар ахлуулан байгуулж, бүрэлдэхүүнд нь таван сайд багтаад байгаа юм. Энэ ажлын хэсэгт бид иргэдийн үгийг хүргэнэ. Төр, засагт хүргэнэ.
Энэ аравдугаар сарын 25-нд Даланзадгад хотод, ирэх 12 дугаар сард Улаанбаатар хот, Төрийн ордонд бид энэ асуудлаар хэлэлцүүлэг хийнэ. Та бүхнийг урьж байна.
Оюутолгойн уурхайн балгаар ус хомсдож байна. Гүний ус татарч байна. Монгол, гадаад инженер, ажилчдын цалингийн зөрүү хэт их, амралт, ажлын хуваарилалт тэнцүү биш байна. Хаяа түшсэн малчид нь туйлдаж байна. Гэтэл Оюутолгой баялгаараа дэлхийд тавд орж байгаа. Оюутолгойгоос бага нөөцтэй Эрдэнэт 40-өөд жилийн тэртээ байгуулагдаж, өнөөдөр ч баяжуулах комбинат ажиллаж байна. Оюутолгойд эсрэгээрээ хэдэн сэндвичэн байр л байна. Ингэж таарахгүй” гэсэн бол “Босоо хөх Монгол” ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга Ц.Баяраа “Сайн ноён хан аймгийн Балдан бэйсийн хошуу, Монголын төрийг 45 жил барьсан Батмөнх Даян цэцэн хааны төрсөн өлгий, үзэсгэлэнтэй энэ нутгийнхан газар шорооныхоо төлөө тэмцэгчид байх ёстой. Энэ нутгаас Мандухай цэцэн хатан алтан ургийн сүүлийн ганц удам Батмөнх Даян хааныг олж, тасарч байсан алтан ургийг сэргээсэн.
Монголын ард түмэн ядарч зүдэрч байсан ч газар шороогоо зарж яваагүй” гээд их хааны төрсөн нутаг, онгон дагшин байгаль, олон төрлийн араатан жигүүртэн, ургамал жигдэрсэн газар орныг бүрэн бүтэн сахиж байхыг нутгийн олонд захилаа. Энд мэргэн ардын ухаан хэрэгтэй гэсэн юм.
Тус сумын Засаг дарга Б.Ганболд Монгол Улсын ууган сумдын нэг Хүрмэн 2023 онд 100 жилийн ойгоо тэмдэглэх гэж буйг танилцулаад газар нутагт нь уул уурхайн байдал цэгцэрч, лицензүүд цөөрч байгааг хэллээ. Гэхдээ Цагаандэлийн шинэ боомт нээх асуудал 2006 оноос яригдаж, 2010 оноос эрчимжиж байснаа намжсан ч энэ 2019 оноос дахин сэргэж ширүүсэх шинжтэй болсон байна.
“Эрс шинэчлэл хөдөлгөөн” ТББ-ын тэргүүн Д.Энхбат хариуцлагатай уул уурхай гэж юу болох, яаж хөгжүүлэх талаар илтгэсэн бол, Монгол Улсын маркшейдерийн зөвлөх инженер Д.Гэрэлгуа уул уурхайн салбарын хуулийн зохицуулалтын талаар ярьж, “Гайхамшигт говь” ТББ-ын тэргүүн Х.Түмэндэлгэр ямар үзэсгэлэнт газар нутаг, ан амьтан, ургамал Өмнөговийн нутагт байдгийг слайдаар үзүүлж танилцуулсан нь иргэдийн сэтгэлд ихэд нийцсэн юм. Аймгийнхаа бусад сумдын нутгаар төдийлөн явж үзээгүй зарим малчид мод, ургамал, ан амьтад, үзэсгэлэнт газар нутгийнхаа зургийг хараад гайхан дуу алдаж “Үүнийг уурхайн балгаар устгаж болохгүй” гэцгээж байв.
Үүний дараа иргэд байр сууриа илэрхийллээ.
Малчин Ш.Насанжаргал “Хэлэлцүүлгийн багийнхантай хамтран ажиллахад бэлэн байна. Хүрмэн сум уул уурхайн амсар дээр байгаа. Оюутолгой, Тавантолгой байхад Өмнөговьд өөр уурхайн хэрэг алга. Манай нутгаар зам тавьж нүүрс тээвэрлэх гэж байна. Тэгвэл энэ байгаль дэлхий сүйрнэ.
Зам дагаж хөгжил гэж ярьдаг ч зам дагаж там, гамшиг нүүрлэдэг болоод байна.
Уурхайнууд бараг бүгдээрээ хятадуудын мэдэлд байна.Хэдэн жилийн өмнө 40 машин зэрэгцэж явсан газарт өнөөг хүртэл ургамал ургаагүй. Эрх мэдэлтэй хүмүүсийг Бээжин явуулж, санаа бодлыг нь худалдаж авах бодлого явуулж байна.Цагаандэлийн боомтыг бариулах гэж Хятадын тал хилийн цаана Өлзийт боомт байгуулсан, тийш нь төмөр зам тавьж байгаа гэсэн” гэж байлаа. Уурхайн найман лицензийн эзэд шинэ боомт нээгдмэгц ордоо ухахаар хүлээж суугааг хэлэх малчид ч байв.
Аялал жуулчлалын салбарт олон жил ажилласан “Гайхамшигт говь” ТББ-ын тэргүүн Х.Түмэндэлгэр Цагаандэлийн боомтыг анх аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлэх гэж буйг сонсоод дэмжиж, сонирхож байсан ч алсдаа ашигт малтмал зөөх гэж буйг мэдээд орхисон гээд Европоос ирсэн жуулчид “Энэ нутгийг хэвээр нь хадгалаарай” гэж аминчлан захидгийг дуулгав.
Хүрмэн сумын Засаг дарга Б.Ганболд “Би ямар ч үед иргэдийнхээ талд зогсоно. Үүнийг баттай хэлнэ. Сумын удирдлага, эрх мэдэлтэй хүмүүс худалдагдчихсан юм шиг зарим хүн ярьж байна. Үгүй шүү. Иргэдтэйгээ хамт байх болно” хэмээлээ.
Жанжин багийн 28 настай залуу малчин н.Хатанбаатар “Би Тост, Тосон бумбын хэлэлцүүлэгт очиж Цагаандэлийн боомтыг нээлгэхгүй гэдэг үгээ хэлж байсан. Боомтыг нэг л мэдэхэд гэнэт нээчихвэл зогсоож чадахгүй гэдгийг ойлгож байна.Энэ боомтыг нээвэл Өмнөговийн урд тал тэр чигээрээ уул уурхайн зам болж хувирна. Цагаандэлийн боомтыг нээлгэхгүй гэсэн бидний үгийг хэлэлцүүлгийн багийнхан та бүхэн УИХ, Засгийн газарт хэлж өгөөрэй” гэж байлаа.
Хэлэлцүүлгийг зохион байгуулагч сэтгүүлч Х.Мандахбаяр “Хатанбаатар та энэ нутгийн тод од болж гялалзаарай. Энэ боомт нээгдсэний дараа бид яаж тэмцээд ч хүч хүрэхгүй. Боомт хүрэх замыг дагаад 20-30 уурхай нээгдэхээр зэхчихсэн байгаа. Үүнийг эсэргүүцэж Номгон, Хүрмэний иргэд, малчид гарын үсгээ зурж байна.
Зам, уурхайг хаалгахад нөхөн төлбөрийн мөнгө орон нутгаас нэхэгдэх болов уу гэж иргэд айдаг. Харин ч эсрэгээрээ газар, нутаг, бэлчээрээ сүйтгүүлсний нөхөн төлбөрийг уурхайнууд хэзээ малчид, иргэдэд өгөх вэ? Уурхай бус, нутгийн иргэд хохирч байна. Тийм байхад уурхай хаасны нөхөн төлбөр гэж яригдах ёсгүй” гэлээ.
Жанжин багийн Засаг дарга н.Ичинхорлоогийн хэлснээр Цагаандэл боомтын тээврийн замын дийлэнх нь Хүрмэн сумын нутгаар дайран өнгөрөх аж. “Боомт нээхээс өмнө зам тавина. Нутгийн иргэд та нар малаа маллахын зэрэгцээ замын ажилд оролцож мөнгөтэй болно. Ажилд оруулна. Ийм гоё замтай болно гэж зурагтай ном тарааж иргэдийн тархийг угаадаг. Нутаг орноо хмагаалъя. Багаараа “Босоо хөх Монгол” ТББ-д нэгдэе” гэсэн юм.
Малчин Б.Түмэнбаяр “Боомтын зам дайрч өнгөрдөг тал урдуураа сайхан байгальтай. Ёстой 22 үндэс, 33 сүндэс бүгд тэнд бий. Ан амьтан, сухай, тоорой мод, эмийн ургамал цөм байдаг амар амгалан тал нутгийг нүүрсний замаар талхлах гэж байна” гэсэн бол иргэн Хүрлээ “Монгол орныхоо газар шорооны бүрэн бүтэн байдлын төлөө явж иргэдийнхээ үгийг сонсож байгаа хэлэлцүүлгийн багийнханд талархаж байна. Хүрмэн сум онцлогтой. Монгол Алтайн нурууны төгсгөл, хойноосоо сунаж тогтсон их хайрхан энд байна. Хангай, говь, тал хээр хосолсон Хүрмэн сум асар их түүхтэй нутаг.
Дандаа уурхай гэж байснаас түүх, өв соёлоо сайн мэдэх хэрэгтэй. Олны мэдэх Ёлын ам, Хонгорын элснээс ч илүү сайхан газар Хүрмэнд бий. Зам тавибал эртний түүхт Чингисийн даланг тасдаж тавина”, иргэн н.Янжмаа “Сүүлийн 30 жилд ингэж жирийн малчид, иргэдтэй чин сэтгэлээсээ ярилцаж, бидний үгийг сонсдог хүмүүстэй уулзаж байсангүй. Өвөг дээдэс халуун цусаа асгаруулан хамгаалж үлдээсэн газар шороог хэдэн төгрөгөөс арилжиж таарахгүй. Шинэ боомтыг эсэргүүцэж энд ирсэн хүмүүс 100 хувь гарын үсэг зуръя. Багийн нийтийн Хурал дээр ч бид гарын үсгээ зурсан. Сэргээгдэх эрчим хүч ашиглах салхин сэнс тавих тухай дуулдаж байснаа болилоо. Гэхдээ үүнийг судлах хэрэгтэй. Тэр сэнс нэг секундэд нэг, сүүлдээ гурав, бүр тэгснээ 23 удаа эргэнэ гэж сонсогддог. 5-6 метрийн өндөрт байх тэр сэнс говийн эмзэг өвс ургамалд ямар нөлөөтэйг судлах учиртай” гэв.
Сумын ИТХ-ын дарга С.Эрдэнэбаяр байгаль эх, газар шорооныхоо төлөө тэмцэж, иргэдийн үгийг сонсож яваа хэлэлцүүлгийн багийнханд талархал илэрхийлээд иргэдтэйгээ санал нэг байгаагаа хэллээ.
Монгол Улсын маркшейдерийн зөвлөх инженер Д.Гэрэлгуа уул уурхайн ашиглалтын зохицуулалт, эрх зүйн талаар иргэдэд зөвлөгөө, зөвлөмж өгөв.
Хүрмэн сумын иргэд “Уул уурхайгаас хэдхэн олигархи баяжиж, нутгийн иргэд мөхөсдөж байна. Үр хүүхдэдээ үлдээх газар шороогоо хамгаалъя. Өмнөговь аймгаас 2600 оюутан Улаанбаатарт их, дээд сургуульд сурч байгаа. Тэдний сургалтын төлбөрийг Өмнөговиос олборлолт хийж байгаа уул уурхайн компаниуд бүрэн даах боломжтой” гээд хэлэлцүүлэгт оролцсон 260 орчим иргэн Цагаандэлийн шинэ боомт нээхийг эсэргүүцэн гарын үсэг зурж, хэлэлцүүлгийн багийн ахлагч Х.Мандахбаярт гардуулан өгөв.
Сэтгэгдэлүүд: