ГУРВАНТЭС СУМЫН ХАРЬЯАТ "ДАРХАН" Д.БАЗАРЫН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭН ТАВИГДЛАА.

2019 оны 10 сарын 15

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын харьяат, дууч, хуурч, соёлын биет өвийг тээгч, уран дархан Д.Базарын урласан бүтээлийн үзэсгэлэн төрөлх нутаг болох  Гурвантэс суманд гурван өдөр үргэлжлэн тавигдлаа. 2019 оныг Өмнөговь аймаг “Соёлыг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан Энэхүү үзэсгэлэнг сумын Соёлын төвийн хамт олон, Д.Базар агсны үр ач, төрөл төрөгсдөөс нь хамтран  Соёлын биет өвийг бусдад сурталчилан таниулах, түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэн үлдээх зорилготойгоор зохион байгуулсан юм. Тус үзэсгэлэнд өөрийн урласан үе дамжин уламжлагдан одоо ч хэрэглэж байгаа олон арван бүтээлээс гадна. Түүний уран хийцийг өвлөн авсан зээ хүү Б.Баянсүхийн урласан бүтээлүүд ч тавигдсан юм.

  

 

 

Далантайн Базарын товч намтар түүх.

Далантайн Базар нь 1935 оны гахай жил “Гоёот” багийн нутаг “Өлгий” хэмээх газар малчин ард Далантайн хоёрдугаар хүү болон мэндэлсэн. Эцэг эхийн хамтаар мал маллан, ан гөрөө хийж, аян жин тээж бага залуу насаа өнгөрүүлсэн.

-1957 онд Гурвантэс сумын “Соёл” нэгдэлд гишүүнээр элсэж адуучин, хоньчин, ямаачны сууриар ажиллаж байсан.

-1961 онд хань Дэмчигийн Рэнцэнтэй гэр бүл болж зургаан хүүхдийг өсгөж бойжуулсан.

Нэгдлийн гишүүн байхдаа олон арван эмнэг хангал сургаж, жил бүр нэгдүгээр зэргийн ноолуур бэлтгэж, тушаадаг чанарын аварга малчин байв.

Анчны нийгэмлэгийн гишүүн байсан бөгөөд жил бүр хуваарьт үнэг, чоно, туулайн арьс, ногтрууг бэлтгэн тушаадаг байсан. Үүгээр ч зогсохгүй морин хуурыг өөрөө урлан урт, богинын дууг сайхан дуулж хуурддаг байсан нэгэн юм.

Хорь гаруй насандаа нутгийн дархан Шаарав , Гомбосүрэн нарт шавь орон төмрийн дархан болох гараагаа эхэлсэн. Дархан хэмээх Базар гуай нь дарханы бүх багажаа өөрөө хийдэг байсан бөгөөд авдар, хөөрөг тосож халуун гагнуур хийх, ган суулгах, шуумуур үлээж мөнгөний гагнуур хийх зэргээр монгол дарханы чадварыг гойд эзэмшсэн хүн байсан. Монгол дарханы аргаар 60 гаруй нэр төрлийн бүтээл урласан төдийгүй гоёл чимэглэл, гэр ахуй, мал аж ахуйн тоног төхөөрөмжийн чиглэлээр олон арван бүтээлийг хийсэн. /50 гаруй жил бүтээл урласан/

Урласан бүтээлээрээ Өмнөговь, Өвөрхангай, Баянхонгор аймгийн сумдын иргэдэд танигдсан чадвартай уран дархан байв.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: