ӨМНӨГОВЬЧУУД БАЯЛАГИЙН ЭЗЭН БОЛЖ ТӨРСӨН Ч БАЯЛАГ НЬ ЗОВЛОН АВЧИРДАГ АЗГҮЙ АРД ТҮМЭН ҮҮ?

2019 оны 05 сарын 15

ИЙМ БАЯН
Өмнөговийн газар нутгийн хэмжээ Ватикан улсаас 376 мянга дахин том. 
Өмнөговийн газар нутгийн талаас илүү буюу 92.882 км² талбай нь уул уурхайн лицензтэй.

Өмнөговь аймаг бол эдийн засаг сөхөрсөн энэ цаг үед элгээ сийчүүлж, хэвлийгээ ухуулж улсаа чирч яваа ганц аймаг.
Өмнөговь бол ноолоход амар номхон тэмээ.

Улс зээл авах, улсын зээл төлөх, сонгуулийн өмнө мөнгө тараах, сонгуулийн дараа мөнгө босгох гээд бүх л улс төржилтийн золионд энэ л аймаг тамлагддаг тавилантай. Нэгхэн жишээ сануулахад Оюуны Ундраа групп ганцхан лицензийг нь урагшаа хил давуулж барьцаалаад энд зайсан толгойн нүсэр бүтээн байгуулалтуудыг босгочихов.

ГАМШИГ
Хур чийг багатай говийн замаар уурхайн хоол хүнс хангамж, түлш ачсан хүнд даацын машинуудын үр дагавараас үүссэн шороо тоосноос болж малын бэлчээрээ ч харах боломжгүй болсон малчдын шаналал дээр бас нэгэн ноцтой зүйл нэмэгджээ. Тэр нь хаа сайгүй малын гэдэс дотроос хар тоосжилтын бөөгнөрөл гардаг болсон байна. Хөрсийг нь ташраар нь хага ярсан болохоор тэнд амьдардаг үнэг, туулай, гөрөөс, гэх мэт амьтад ухсан нүхэн дотор золбин нохой шиг зүдэрч явахыг би нүдээрээ харлаа.

Гэтэл нийслэл хотод түүхий нүүрс оруулж ирэхийг хориглосон Засгийн Газрын 62-р тогтоолоос үүдсэн, сайжруулсан түлшний түүхий эд болох түлшинд хэрэглэх нүүрсийг хажуу хаяанд байгаа Налайх, Багануур, Шивээ овоо, Алаг толгой алинаас нь ч биш хаа хол Өмнөговиос зөөх болсон. Эрдэмтэйхэн хүний элэг хөшиж, зэвүү хүрмээр иймэрхүү жишээнүүдэд Өмнөговьчууд бараг манарчээ.

Ундны усны нөөцгүй болж байгаа говийн хомсхон усаар угааж 500 орчим километрийн цаанаас зуу, зуун хүнд даацын машинаар тасралтгүй тээвэрлэж авчирч байгаа нь загатнасан чихээ хөлөөрөө маажихтай агаар нэг үйлдэл болж байгаа юм. Арга ч үгүй дээ. Хүний хүмүүс хүрэн бөөртэй. Энэ шийдвэрийг гаргаж байгаа хүмүүсийн хэн нь ч говийн хүү биш.

ӨМНӨГОВИЙН НЭГ МАЛЧИН:
- Улсын эдийн засгийг үүрч энэ нутаг хангалттай зовж байна. Одоо өөрсдийнхөө тарьсан утааг өөрсдөө багасга... Тэр шахмал түлшнийхээ нүүрсийг дэргэдээсээ тат... гэж байна лээ. Харин хөөрхий газар нутаг нь үг хэлдэгсэн бол:
ХЭТЭРХИЙ ТАМЛАЖ БАЙНА... гэж уйлах байсан болов уу...

Тэндхийн хүн, байгаль, мал гуравын зовлон хотыхонд падгүй. 
Үүний нотолгоо нь гурав хоногийн өмнө Өмнөговьт байгалийн гэнэтийн давагдашгүй хүчин зүйл, цасан шуурга болоход орон нутгийн гэх жижиг таван толгой уурхайгаас ажлын хэсэг томилж малчиддаа тус дэм болсоноос өөр бусад тэндээс ашиг хонжоо ологч уурхайнууд хэлгүй, дүлий хүн мэт өнгөрсөн байна.
Дашрамд дуулгахад 41 иргэн малтайгаа сураггүй алга болсоноос 37 хүнийг эсэн мэнд олоод байгаа гэнэ. Харамсалтай нь Цогтцэций сумын нэгэн гэр бүлийн хоёр иргэн, бас нэгэн эмэгтэй, Сэврэй сумын Сайншанд багийн нэг иргэн, нийт дөрвөн иргэнийг осгож нас барсан байдалтай олжээ. Мөн 1000 гаруй мал цасан хунгарт дарагдсан бөгөөд мал нь сураггүй алга болсон айлуудаас ирсэн дуудлага нэмэгдсээр байгаа гэнэ.

Нийслэлийн түлшний нүүрсийг зөөх болсон шийдвэрийг нутгийн малчид яагаад ч зөвшөөрөхгүй гэж байгаа ч тэдний эсэргүүцэл төрийн тамганы өмнө юу биш. Одоо Өмнөговиос урагшаа зөөж байгаа нүүрсний тасралтгүй тээвэрлэлт нэг дахин нэмэгдэж хойшоо үүснэ гэсэн үг. Сонин шүү нээрээ. Ямар ч эрүүл ухаанаар бодоход хажууханд төрийн өмчийн оролцоотой нүүрсний уурхайнууд угаах устайгаа байхад хаа холоос зөөж байгаа шалтгааны цаана "УТААГ ЗАХ ЗЭЭЛ БОЛГОЖ МӨНГӨ ХҮҮЛЭГЧ"-дийн шунал байгаа нь гарцаагүй.

ӨМНӨГОВЬЧУУД БАЯЛАГИЙН ЭЗЭН БОЛЖ ТӨРСӨН Ч БАЯЛАГ НЬ ЗОВЛОН АВЧИРДАГ АЗГҮЙ АРД ТҮМЭН ҮҮ?

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: