Элсэн манхныг ногоон төгөл болгосон нь

2019 оны 05 сарын 15

Монголын говь цөлөөс дэгдсэн шар шороон шуурга Солонгосын хойгийг даван Япон аралд хүрч цаашлаад бөмбөрцгийн нөгөө бөөрөнд байгаа Америкийн баруун эрэгт ч гамшиг тарьдаг болсон.Байгаль экологийн доройтол, цөлжилтийн хамгийн бодит жишээ энэ. Энэ бүс нутагт шороон шуургатай өдрийн тоо 1960 оныхтой харьцуулахад дөрөв дахин өссөн гэх баримт ч анхаарал татна.

Шар шуурганы хор нөлөөг багасгах үр дүнтэй аргыг өдгөө Өвөрмонголд амжилттай хэрэгжүүлж байна.Далад хошууны нутагт орших Хөвчийн элсийг ногооруулсан туршлага 2017 онд НҮБ-ийн тунхагт бичигдэж, цөлжилтөөс хамгаалах дэлхий нийтийн үлгэр жишээгээр нэрлэгдэж байв. БНХАУ, Монгол улсын сэтгүүлчдийн “70 жилийн гэрч” хамтарсан сурвалжлах баг элсэн далайг ногооруулж буй жишиг паркуудтай танилцлаа.

Элсэн манхныг ногоон төгөл болгосон нь

“Салхи элсний орон” хэмээн нэрлэгдэж ирсэн Хөвчийн элсийг моджуулах төсөл эхэндээ бүтэшгүй мөрөөдөл мэт санагдаж байсан ч ойрмогхон хиймэл дагуулаас авсан зургаар элсэн далайн багагүй хувь нь ногоорч харагдах болжээ.Цөлжилтийг бууруулах ажлыг ядуу өрхийн амьжиргааг дэмжих төсөлтэй уялдуулж бизнесийн амжилтад хүрсэн Дүн Да групп 1996 оноос Фэн Шүйлян цогцолборыг байгуулсан юм. Эхний ээлжид 2.9 тэрбум юанийн хөрөнгө оруулж, 200 мянган га газарт  элсэнд тэсвэртэй нэгэн төрлийн бургас тариалжээ.Гурваас таван жилийн настай  бургасыг барилгын материалын үйлдвэрлэлд ашиглаж байгаа бол навч нахиагаар нь туулай тэжээнэ.Эргүүлээд туулайн ялгадсаараа бургасаа бордоно. Үржүүлсэн туулайны махыг хүнсэнд, арьс үсийг үйлдвэрлэлд ашиглана.Туулайн аж ахуйгаа түшиглээд чоно,үнэг, булга зэрэг үслэг ангийн аж ахуй ч эрхлэх болж.Эдгээрээс гардаг түүхий эдийг эмийн үйлдвэрлэлд ч ашиглаж байна.

Элсэн манхныг ногоон төгөл болгосон нь

Элсэн манхныг ногоон төгөл болгосон нь

Хамгийн гол нь аж ахуйгаа дагаад 10 мянган өрхийн амьжиргааг дээшлүүлж чаджээ.Бэлчээр хомс элсэн цөлд хүнд нөхцөлд амьдарч байсан малчид, Хятадын өөр 12 мужаас ч Хөвчийн элсэнд хүмүүс шилжин ирж туулай тэжээх ажилд шамдах болсон байна.Одоо эдгээр өрхийн жилийн орлого 50-100 мянган юаньд хүрч байгаа. Дүн Да группийн зүгээс  53 км2 газар нутагт 120 мянга гаруй хүн суурьшин нутагших нөхцөл бүрдүүлээд байна.Туулай тэжээх багахан суурингаас эхэлж байсан Фэн Шүйлян цогцолбор эдүгээ тохилог орон сууцны хороолол, эмнэлэг сургууль, барилгын материал болон хүнсний үйлдвэр, биотехнологийн хүрээлэн, мод үржүүлгийг аж ахуйг багтаасан бүхэл бүтэн хотын дайтай болж, санхүүгийн орлого нь жилдээ 10 сая юань хол давж байна.Иргэдийг ядуурлаас гаргах алхмыг байгаль экологийн доройтолтой тэмцэх үйлстэй нэгтгэж чадсан Өвөрмонголын жишгийг Бразилын сэтгүүлчид мөн сонирхон судалж байгаатай бид таарсан. Ерөөс БНХАУ 2021 он гэхэд “ядуу өрх” гэсэн ойлголтыг халахаар зорьж буй.

Элсэн манхныг ногоон төгөл болгосон нь

Элсэн манхныг ногоон төгөл болгосон нь

“Элсэн манхан бүрийг ногооруулна гэж ойлгож болохгүй”. Байгалийн үзэмжийг хадгалж аялал жуулчлалын гол бүтээгдэхүүнээ болгосон Онгон тал бүсийн мэргэжилтэн ийн өгүүллээ. Далад хошууны Занданзуу сумын нутагт байрлах 5300 гаруй га талбай бүхий Онгон тал нь үндэсний зэрэглэлийн аялал жуулчлалын бүс болохоор зорьж байна.Тэнгэрийн хаяанд үргэлжлэх онгон талд дуут манхан, таталган зам, ингэн овооны тахилга, цөлийн ургамал, зэрлэг амьтны парк зэрэг жуулчдын нүд хужирлах зүйл олон. Элсийг нэгэнт эрхшээж чадсан тул одоо хамгаалж үлдэх ч тэдний зорилго болжээ.

Элсэн манхныг ногоон төгөл болгосон нь

Элсэн манхныг ногоон төгөл болгосон нь

Ордос нутагт “Чингис хаан” үндэсний ойн парк Их эзний онгон шүтээний цогцолбортой хаяа нийлнэ. Эзэн хороо хошууны Өвс, ой шугуйн товчооны дэд дарга Сүнь Липинийн хэлснээр 1950, 60-аад оны үеэс энэ хавийн цөлжилтийг сааруулж, 1990-ээд онд элс манхныг тогтворжуулжээ.Улмаар 2011 онд улсын зэрэглэлийн ойн парк байгуулж эхэлсэн байна.38.6 мянган га талбайтай ойн паркт өдгөө 300 гаруй төрөл зүйлийн мод, ургамал ургаж байгаа. Ногоон бүсээ дагаад 148 зүйлийн шувуу, 31 төрлийн хөхтөн, 9 зүйл мөлхөгч амьтан үндэсний паркт нтагшсаны дотор дэлхийд нэн ховорт тооцогдох нэгэн төрлийн цахлай ч олноороо нүүдэллэн ирэх болжээ. Тус парк нь алсдаа намгархаг газар, элсэн цөл зэрэг байгалийн өвөрмөц үзэмжийг морь уралдах, бөмбөг тоглох уламжлалт спортын төрлүүдтэй уялдуулан, аялал жуулчлалын чанарыг дээшлүүлэхээр төлөвлөж байна.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: