Өмнөговийн найман суманд 2000 гаруй бог мал хорогджээ

2019 оны 05 сарын 13

Өмнөговь аймагт хоёр хоногийн өмнө /2019.05.13/ хүчтэй цасан шуурга шуурч, цаг агаарын аюултай үзэгдэл болсны улмаас дөрвөн хүн амиа алдсан. Аймгийн хэмжээнд төөрсөн 41 иргэнээс 37 иргэнийг эсэн мэнд олсон юм. Цогтцэций сумын гурван иргэн, Сэврэй сумын Сайншанд багийн нэг иргэн осгож нас барсан байдалтайгаар олдсон. Мөн цасан шуурганы улмаас олон тооны мал хорогдсон мэдээлэл байна. Энэ талаар аймгийн Засаг даргын Тамгын газрын Олон нийттэй харилцах албаны дарга Б.Бямбасайханаас тодрууллаа.

-Цасан шуурганы улмаас танай аймагт дөрвөн хүний амь эрсэджээ. Талийгаачдын ар гэрийнхэнд нь аймгийн зүгээс ямар тусламж, үйлчилгээ үзүүлж байна вэ?

-Ар гэрийнхэнд нь эмгэнэл илэрхийлээд байна. Аймгийн Засаг даргын дэргэдэх зөвлөл өнөөдөр хуралдана. Хуралдаанаар талийгаачдын ар гэрт ямар тусламж үзүүлэх талаар хэлэлцэнэ. Гамшгийн тухай хууль болон бусад холбогдох хуульд зааснаар сэтгэл санааны болон эд материалын тусламж үзүүлэх ёстой.

-Цаг агаарын онцгой үзэгдлийн улмаас хэчнээн мал хорогдсон байна вэ. Хохирлын хэмжээг тогтоосон уу?

-Урьдчилсан байдлаар найман сумаас мэдээлэл ирээд байна. Найман сумын 20 өрхийн 2000 гаруй бог мал, 20 бод хорогдсон тухай мэдээлэл ирүүллээ. Мөн 10 өрхийн мал уруудаж, олдоогүй байна. Эрэн хайж байгаа. Булган, Мандал-Овоо, Ханхонгор, Баян-Овоо, Ханбогд, Номгон гэсэн зургаан сумаас хохирлын талаар мэдээлэл ирээгүй байна. Зам даваа цасан шуурганд боогдож, зорчиход хүндрэл үүсч байгаа учраас дээрх сумд мэдээлэл хараахан ирүүлээгүй байна.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: