Өмнөговийн 33 эмэгтэй зохиолчийн бүтээлийн эмхэтгэлийн нээлт боллоо

2019 оны 03 сарын 12

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн эмэгтэй зохиолчид уран бүтээлээ эмхэтгэн ном бүтээлээ.

Тус аймгийн Монголын зохиолчдын эвлэлийн салбарын гишүүн 33 эмэгтэй зохиолчид уран бүтээлээ нэгтгэн "Ижий говийн дуулал" нэртэй ном хэвлүүлэн нээлтээ хийлээ.

Номын нээлтэд аймгийн Засаг дарга Н.Наранбаатар оролцож эмэгтэй зохиолчид болоод аймгийнхаа нийт зохиолчдод уран бүтээлийн амжилт хүсэн, үргэлж дэмжиж ажиллах болно гэлээ. Мөн түүний аав шүлэг найраг бичдэг, ном бүтээл гаргаж байсан талаар хуваалцсан юм.

Уг номын эмхэтгэлийг тус салбарын тэргүүлэгч гишүүн, Г.Сэр-Одын нэрэмжит шагналт зохиолч О.Сувдаа санаачлан ийн нэгтгэн баринтагласан байна. Нээлтийн үйл ажиллагаанд номонд уран бүтээл нь орсон 17 найрагч бүсгүй болон яруу найрагт дуртай нутгийн иргэд оролцлоо. Мөн энэ үеэр Өмнөговь аймгийн ахмад зохиолч Э.Хархүү, Ү.Батням болон тус салбарын тэргүүлэгч гишүүн Г.Сэр-Одын нэрэмжит шагналт залуу яруу найрагч Э.Гантулга нар утсаар мэндчилгээ хүргэж гэнэтийн бэлэг барьсан юм. Монголын зохиолч эмэгтэйчүүдийн эмхэтгэл ном байдгаас бус аймаг дангаараа ийн эмэгтэй зохиолчид уран бүтээлээ нэгтгэн ном болгосон нь анхных гэж ахмад зохиолч Э.Хархүү онцолсон юм.

Мөн зохиолч бүсгүйчүүдээ заавал 33 байхаар сонгосон нь 33 говийг бэлгэдэж, Гурвансайхан уул нь гурван бүсгүйн домогтой тул 3-ын тоог бэлгэдсэн гэдгээ номыг эмхэтгэн гаргасан зохиолч О.Сувдаа хэллээ. 

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: