“ЭРДЭНЭТ 40” алтан маркийн анхны өдрийн нээлт боллоо

2019 оны 02 сарын 21
“ЭРДЭНЭТ 40” алтан маркийн анхны өдрийн нээлт боллоо

 

Монгол Улсын шуудангийн анхны марк 1924 онд гарч байжээ. Тэр цагаас хойш тасралтгүй Монголын түүхийг бичиж буй монгол марк нэгэн шинэ сэдвийн маркаар баяжлаа.

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн түүхт 40 жилийн ойд зориулан 90 гаруй жилийн түүхтэй “Монгол шуудан” компаниас “Эрдэнэт-40” тусгай технологи бүхий алтан марк гаргажээ. Алтан маркийн анхны хувийг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д хүлээлгэн өгөх ёслол өнөөдөр /2019.02.20/ боллоо.

 Ёслолд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, “Монгол шуудан” ХК-ийн  Гүйцэтгэх захирал Б.Анхбаатар, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр болон бусад зочид, төлөөлөгч оролцов.

Зочид “Эрдэнэт-40” маркийг Монгол маркийн музейд хадгалуулах анхны өдрийн дугтуйнд гарын үсэг зурж, тамга даран баталгаажуулсан юм.

 

 

“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ХХК-ийн Ерөнхий захирал Х.БАДАМСҮРЭН ёслолыг нээж үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ,

 

-Монголчуудын 20 дугаар зууны манлай бүтээн байгуулалт “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн түүхт 40 жилийн ой өнгөрсөн 2018 онд тохиолоо. Эх орныхоо нийгэм эдийн засаг хөгжил дэвшлийн гол хөдөлгөгч хүч болсоор ирсэн шилдэг үйлдвэрийн уурхайчид, хамт олон бид түүхт ойгоо ажил хөдөлмөрийн өндөр амжилтаар угтан, үйлдвэрлэл, эдийн засгийн төлөвлөгөөгөө сүүлийн хоёр жил дараалан  өндөр үзүүлэлтээр давуулан биелүүллээ.

 

Тухайлбал, “Эрдэнэт” үйлдвэрийн уурхайчин бид 2017 онд 34.5 сая тонн, 2018 онд 36.6 сая тонн хүдэр олборлож, 2017 онд 31.4 сая тонн, 2018 онд 31.5 сая тонн хүдэр боловсруулжээ. Зэсийн металл авалтыг 2017 онд 89,2 хувь 2018 онд 89,5 хувьд хүргэж, үйлдвэрлэлийн 40 жилийн түүхэн дээд амжилт тогтоолоо. Үүний үр дүнд манай хамт олон 2017 онд 580 тэрбум, 2018 онд 655 тэрбум төгрөгийг улс болон орон  нутгийн төсөвт төвлөрүүллээ. “Эрдэнэт” үйлдвэрийн 40 жилийн түүх, замнал, бахархалт үйлсийг аливаа улс орны тусгаар тогтнолын баталгаа, илэрхийлэл болж байдаг марканд мөнхлөн үлдээж буйд нь “Монгол шуудан” компанийн хамт олонд талархал илэрхийлье.

 

Шуудангийн маркийн сэдвийн төлөвлөгөөг жил бүр Монгол Улсын Засгийн Газраас баталдаг. Энэ батлагдсан төлөвлөгөөний дагуу 2017 оны зургадугаар сарын 30-ны өдрийн 119 тоот тогтоолд зааснаар бүтээгдсэн “Эрдэнэт-40” тусгай технологийн алтан марк нь шуудангийн үйлчилгээнд орж буй 1041 дэх сэдвийн марк болж байна.  

 

“Эрдэнэт-40” алтан маркийн тухайд эх зурагт нь “Эрдэнэт” үйлдвэрийн бүхий л цаг үеийн амжилт бүтээл, нийгмийн хариуцлагын ололт дэвшлийг илэрхийлэн тусгасан нь залуус хойч үеийнхэнд эх орноо хайрлах үзлийг төлөвшүүлэх, улмаар уул уурхайн салбарын түүхийн үнэт судлагдахуун материал болох онцгой ач холбогдолтой бүтээл болжээ.

 

Хүн төрөлхтний хосгүй үнэт бүтээлийн нэгд зүй ёсоор тооцогддог марканд үйлдвэрийнхээ нэр мөн дүр, дүрслэлийг үлдээж буйдаа “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирлын хувьд өөрийн зүгээс болон хамт олныхоо нэрийн өмнөөс гүнээ талархал илэрхийлж байна.  “Эрдэнэт-40” алтан маркийг бүтээж, үйлчилгээндээ нэвтрүүлж буй “Монгол шуудан” компанийн хамт олон, хамтран ажилласан бүхий л уран бүтээлч, зураач та бүхэнд  уурхайчдынхаа нэрийн өмнөөс дахин талархал илэрхийлж, цаашдын ажилд үйлсэд нь өндөр амжилт хүсэн ерөөе” гэв.

 

“Эрдэнэт -40” алтан маркийн ӨГҮҮЛЭМЖ

 

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирлын нийгмийн асуудал хариуцсан орлогч захирал Д.Дэлгэрбаяр алтан маркийн утга учир, агуулгын талаар “Үйлдвэрийн түүхт 40 жилийн ойд зориулан гаргасан “Эрдэнэт-40” алтан марк нь агуулга, өгүүлэмж талаасаа төгс бүрдэл бүхий бүтээл болжээ. Тухайлбал, Монгол Улсад уул уурхайн салбар үүсч хөгжихөд онцгой үүрэг гүйцэтгэж, улс орны нийгэм эдийн засагт оруулж ирсэн хувь нэмрийг төр засгаас өндрөөр үнэлж, төрийн дээд одон медалиар шагнаснаар үйлдвэр маань хос одонт үйлдвэр болсон. 2013 онд үйлдвэрийн 35 жилийн ойгоор Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, өнгөрсөн 2018 онд тохиосон 40 жилийн ойгоор Д.Сүхбаатарын одонгоор шагнасныг маркийн баруун дээд хэсэгт зурсан байна.  Мөн Монгол, Оросын хамтарсан Уулын баяжуулах үйлдвэрийн билгэдэл болсон сүлд тэмдгийг байрлуулсан. Уг сүлд тэмдгийг “Эрдэнэт” үйлдвэрийн анхдагчдын нэг, Ерөнхий захирлын Хөгжлийн бодлого хариуцсан зөвлөх Д.Адъяа үйлдвэр ашиглалтад орох үед бүтээсэн юм. 40 жилийн ойд зориулан бүтээсэн хөдөлмөр алдрын түрүүний дүрслэл бүхий энэхүү лого зүүн дээд хэсэгт харагдаж байна. Тэртээ 1964 онд Монгол, Чехословак улсын геологчдын хамтарсан багийнхны нээн илрүүлсэн зэсийн том орд Эрдэнэтийн овоо уулын өнөөгийн байдал,  хүдрийн ил уурхайн карьерыг тодотгож, уурхайн бүсэд ногоон төглийг багтаасан зэрэг нь "Эрдэнэт" үйлдвэр нийгмийн хариуцлагынхаа хүрээнд байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээхэд цаг ямагт анхаарч, ээлтэй хандаж ирсний илэрхийлэл гэж хэлж болно. Эрдэнэт хот бол уурхай дагасан хот. Тийм ч болохоор Эрдэнэт хотын орон сууцны хороолол, барилга байгууламжийг цаг хугацааны хувьд баригдсан он дарааллаар нь харьцуулан тусгажээ. Энэ бол өдрөөс өдөрт Эрдэнэт хот өнгөжин дэвжиж, тэлж буйг гэрчилсэн илэрхийлэл. Зууны манлай үйлдвэрийн үйлдвэрлэлийн бүхий л шат дараалал, бодлого шийдвэр боловсруулагдаж байдаг Ерөнхий захиргааны нэгдүгээр байрыг мөн  марканд дүрсэлсэн. Зүүн талд Баян-Өндөр уулын зүүн дэнж буюу Эрдэнэт хотын анхны орон сууцны хорооллын хэсэгт сүндэрлэдэг “Найрамдлын өндөрлөг”-ийг үзүүлэв. Энэ бол эрдэнэсийн хотын өнгө төрхийн үндсэн бэлгэдэл юм.

 

“Эрдэнэт” үйлдвэр нийгмийн хариуцлагын хамгийн шилдэг бодлоготой компани. Бид үйлдвэрийн үнэт баялгаа уурхайчид, ажилтнууд хэмээн тодорхойлдог учраас нийгмийн хамгааллын цогц хөтөлбөр хэрэгжүүлдэг. Энэхүү утга санааг алтан маркны  гол хэсэгт эгэл жирийн уурхайчнаар төлөөлүүлэн дүрсэлж өгсөн нь манай үйлдвэрийн үндсэн зарчим, үнэт зүйлийг тусгаж чаджээ. Маркийн баруун, зүүн талд хоёр түүхэн зураг харагдана. 1978 оны наймдугаар сарын 12-ны өдөр “Эрдэнэт” үйлдвэр технологийн горимын дагуу анхны зэсийн баяжмалыг гарган авснаас хойш дөрвөн сарын дараа буюу арванхоёрдугаар сарын 14-ний өдөр Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн анхны бүтээгдэхүүн болох зэсийн баяжмал ачсан галт тэрэг хөдөлсөн байдаг. Анхны баяжмал хэмээн Орос, Монгол хэлээр бичсэн гэрэл зураг тэрхүү түүхийг өгүүлдэг юм.  

 

Түүнчлэн “Эрдэнэт” үйлдвэрийн эхэн болон өнөө үед ашиглаж байгаа  БЕЛАЗ машиныг үе үеийн  ажилчидтай нь хар, өнгөт зургаар хослуулж зурсан. Өчигдөр, өнөөдрийг харьцуулсан энэ харьцуулалт “Эрдэнэт” үйлдвэрийн техник технологийн шинэчлэл, ажилтнуудын хөдөлмөр хамгаалал, үйл ажиллагааны  хөгжил дэвшлийг өгүүлж байгаа юм” хэмээн тайлбарласан юм.

 

Монгол Улсын Засгийн газрын тогтоолын дагуу бүтээсэн “Эрдэнэт-40” маркийг “Монгол шуудан” компанийн Маркийн газрын зураач Ч.Бат-Эрдэнийн урлажээ.

 

Ийнхүү “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 40 жилийн замнал, бахархам үйлс улс орондоо төдийгүй дэлхий дахинд тухайн улсын хөгжил дэвшил, ард түмнийх нь соёл уламжлалыг төлөөлж,  хүн төрөлхтөний хосгүй үнэт бүтээлийн нэгээр зүй ёсоор тооцогддог маркийн нэг сэдэв боллоо.

 

Тухайн орны мөнгөн дэвсгэрт улс дотроо хэрэглэгдддэг бол марк дэлхийн өнцөг булан бүрт шуудан үйлчилгээгээр дамжин очдогоороо онцгой ач холбогдолтой. Тийм ч учраас марк тусгаар тогтносон улсыг илэрхийлэх баталгаа, үнэт зүйл, улсын нэрийн хуудас гэж үздэг.  

 

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: