Зам хаасан тэмцлийн гарц сайжруулсан зам

2018 оны 09 сарын 12

Өмнөговь аймгийн Ноён, Баяндалай сумын зааг нутаг “Хөнхөр хатавч” гэдэг газарт хүнд даацын машинуудыг явуулахгүй замыг нь хаасан билээ.
Энэ сарын 3-аас эхэлсэн уг тэмцэл өнөөдрийг хүртэл үргэлжилсээр байна. 9-р сарын 10-нд Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар нөхцөл байдалтай газар дээр очиж танилцлаа. Энэ үеэр тэрбээр хэлэхдээ “Би Дорноговь аймгийн уурхайд, уурхайн дарга хийж байсан учраас энэхүү зовлонг мэднэ. Тиймээс асуудалтай байгаа 140 км замыг уул уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа хэдэн уурхайн дарга нар ярилцаад техникээ гаргаад сайжруулсан зам тавих нь хамгийн хурдан шийдэх гарц” гэж зөвлөсөн. Тус аймгийн баруун бүс нутагт уул уурхайн 11 компани үйл ажиллагаа явуулдаг аж. Энэхүү хаасан замаар 2012 оноос хойш тээвэр хийж байгаа гэж малчид хэлж байна. Баяндалайгаас уурхай хүртэл өргөөшөө 20 орчим км үргэлжилсэн 40 орчим салаа зам байгааг нэг замаар явуулахыг шаардаж малчид ийнхүү замыг хаасан байна. Ингээд уншигчиддаа газар дээрээс нь хийсэн ярилцлага, сурвалжлагаа хүргэж байна.

Ноён сумын Ганзаганд багийн малчин н.Бахдал:
Энэ асуудлыг одооноос бид яриад байгаа юм биш. Бүүр эртнээс асуудлаа гаргаж хэлсээр ярьсаар ирсэн. Хамгийн гол нь олон салаа зам гаргаж, тоосжилт их байгааг л зогсоох гээд бид тэмцээд байгаа юм. Энэ жилийн хувьд ойрын жилүүдэд ороогүй их бороо орж энэ олон салаа зам эдгэсэн. Говьд бороо орох нь ховор шүү дээ. Тиймээс л ийм үед нь бид тэмцэж энэ замыг цэгцлэхгүй бол дахиад л олон салаа зам үүснэ, дахиад тоосонд дарагдана. Зам янзалж эмх цэгтэй болохоос нааш бид зам нээхгүй. Намайг 2012-2016 онд сумын хурлын төлөөлөгч байхад Терра Энержи ХХК хатуу хучилттай зам тавина гээд замынхаа чиглэлийг гаргаж байсан. Гэтэл өнөөдөр сайжруулсан шороон замаар нүүрсээ зөөж байна. Эд ингэж худлаа ярьсаар л байх уу.

Ноён сумын Ганзагад багийн Засаг дарга Д.Чимэд:
Малчид зам хаахаас өөр арга байсангүй ээ. Намрын их ажлаа ардаа орхиод, амиа хүртэл золиослон малчид тэмцэж байна. Гэтэл энэ уурхайнууд дандаа хувийн хэвшил байж яагаад өөрсдөө энэ замаа хариуцахгүй төр рүү түлхээд байгааг би ойлгохгүй байна. Малчдыг үл тоож байгаад харамсаж байна. Одоо энэ сэргэсэн байгалийг хар, хайрлаж хамгаалахаас өөр аргагүй. Хавар ямар болсон байлаа, Монгол хүн бүрийн сэтгэл зүрх зүсэгдэхээр байсан. Бид ярилцаад энэ нарийн боом учраас Хөнхөр хатавч дээр зам хаасан бусдаар үүнээс баруун тийш зам бүр аймаар элэг эмтрэмээр болсон байгаа. Бусдаас юу ч гуйхгүйгээр өөрсдийнхөө бор зүрхээр амьдарч байгаа малчид яагаад уул уурхайн хөлд үрэгдэх ёстой юм бэ. Ингэсхийгээд энэ хэдэн малчид чимээгүй болчихно гэж бодож байгаа бол үгүй шүү гэдгийг хэлмээр байна.

Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар:
"Баруун сум руу явсан 302 км замыг 2012 онд аймгийн төсвөөр зургийг нь гаргаад аймаг өөрөө жилд 15-20 км ахиулсаар байгаад 85 км болчихсон. Одоо 220 км үлдчихээд байгаа юм л даа. Энэ байдлаа бид төрийн өндөрлөгүүдэд танилцуулж асуудлаа хэлсэн. Өнөөдрийн байдлаар гаргасан шийдвэр алга. Уурхайхны хувьд бид татвараа төлж байна харин үүнийг улсын төсвөөр оруулаач гэсэн асуудал тавиад байгаа. Гол асуудал нь олон салаа зам гаргасан 140 км замын асуудал энд яригдаж байна. Тэгэхээр уурхайнхан хөрөнгө техник хүн хүч гаргаад эхний ээлжинд сайжруулсан зам тавих хэрэгтэй. Үүнийхээ дараа хатуу хучилттай замынхаа асуудлыг ярих нь зөв. Уул уурхайн ажлаа бас зогсоож болохгүй, тэнд маш олон хүн ажиллаж байна, төсөв бүрдүүлж байна гээд арын асуудал их шүү дээ. Иймээс даруй сайжруулсан шороон зам тавих, зөвхөн нэг замаар тээвэрлэлт хийх нь чухал. Зөвхөн уул уурхайн компаниудаас гадна энд гэрээгээр ажилладаг тээвэрлэлт хийж байгаа компаниуд гээд олуул болчихвол 140 км сайжруулсан зам уг нь асуудал биш шүү дээ. Ийм л гаргалаа хэллээ, энд ирсэн хүмүүс дээд удирдлагууддаа хэлэх байх. Аймагтаа уурхайн удирдлагуудыг урьж уулзъя, цаашдаа энэ замын асуудлыг улсын төсөвт суулгуулах ажлыг шат дараатай хийгээд явна" гэлээ.
Харин энд ирсэн уурхайн удирдлагууд сайжруулсан зам тавих асуудлыг яг одоо шийдэж чадахгүй гэдгээ мөн хэлж байсан юм. Бид улсад их хэмжээний татварт төлж байхад улс энэ замыг янзлах ёстой гэсэн  байр суурьтай байна.


"Чинхуа Мак" ХХК-ийн төлөөлөл И.Наянтай:
Энэ жилийн хувьд хур бороо ихтэй байлаа. Бид ачаа бараагаа татаж чадахгүй 20 гаруй хоног сул зогссон. Үргэлжлээд нутгийн ард иргэд ийнхүү хөдөлгөөн өрнүүлж зам хаагаад байна. Өмнө нь буюу 9-р сарын 5-нд 5 уурхайн төлөөлөл ирж нутгийн иргэдтэй уулзсан. Малчид албан шаардлага өгсний дагуу бид дээшээ, энэ байдлыг уламжлаад байна. Албан бичгийн маань хариу уг нь өнөөдөр ирэх байсан ч ирсэнгүй. Гэсэн ч бид өнөөдөр энд ирээд зогсож байна. Бид шатахуун болоод тэслэх материалаа Нарийн Сухайтын үнээр нийлүүлэгч компаниасаа авдаг.

“МАК” ХХК-ийн уурхайн дарга н.Баярсайхан:
"Энэ жилийн хур борооны улмаас уурхайн хөрс хуулалтын ажил нэг сар орчим зогссон. Шивээ хүрэнгийн боомтоор өмнө нь Нарийн сухайтын уурхайн компаниуд нийтдээ 20 гаруй сая тонн нүүрс экспортлодог байсан бол одоо 9 сая орчим тонн нүүрс экспортлоод байна. Энэ замын асуудал бол энэ хавраас эхэлж яригдсан нь үнэн. Аймаг дээр уурхайн удирдлагууд уулзаж энэ замын трассыг өөрчлөе, өөр газраар явуулдаг болгоё гэж ярьсан. 5-р сард уул уурхайн үйл ажиллагаатай танилцсан сайдууд, УИХ-ын гишүүд Баяндалайгаас, Ноёны нүүрс тээврийн зам хүртэлх замыг барих ажлыг концест оруулж улсын чанартай зам тавихаар ярьсан. Энэ тэмцлээс болж баруун талын бүх уурхайн үйл ажиллагаа зогсоно гэдэг маш сөрөг үр дагавартай. Улсын төсөвт бүрдүүлэх татвар зогсоно, хөрс хуулалт зогссон байна гэдэг чинь өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах ажил мөн хойшилж байна л гэсэн үг" гэлээ.
Энэхүү зам хаах ажлыг Гурвантэс, Ноён, Баяндалай, Сэврэй сумын малчид нэгдэн зохион байгуулж байна. Хөнхөр хатавч орчмоор зам хаасан тул тээврийн хүнд даацын машинууд өөр газруудаар явж байгааг зогсоохоор Сэврэй сумынхан ч мөн пост гаргаад зам хаагаад эхэлсэн гэдгээ малчид нь энэ үеэр ирж хэлсэн юм.
Сэврэй сумын малчин н.Бөхчулуун:
Сэврэй сумын нутаг “Загийн худаг” гэдэг газар зам хаагаад эхэлсэн. Бид малынхаа бэлчээрийг хамгаалах ажилд нэгдэж байна. Энд зам хаасны улмаас манай нутгаар тээврийн цуваа хөвөрч эхэлсэн. Тэд өдрөөр явахгүй шөнөөр явж байгаа учраас бид зохион байгуулалтад ороод пост гаргаж эхлээд байна.

Зам хаасан иргэд, тээврийн жолооч нарын хооронд ширүүн тэмцэл үүсч байгаа учраас малчид  цагдаагийн байгууллагаас тусламж хүсээд байна. Зам хаасан 7 хоногийн хугацаанд жолооч нар зам хаасан иргэдийг машинаар дайрах шахсан, зугтаж гарсан гэх гомдлуудаа энэ үед хэлж байсан юм. Мөн Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын дэд дарга, Онцгой байдлын газрын дэд дарга нар очсон тул тэд мэргэжлийн үүднээс зөвлөгөө өгч ажиллав. Учир нь шатахуунаас гадна тэсрэх дэлбэрэх бодисын тээвэр мөн энэ зам дээр хаагдаж зогссон байсан юм. Тэмцэл өрнүүлж байгаа малчид, иргэд сайжруулсан зам тавихаас нааш зам нээхгүй гэдгээ мэдэгдсэн юм.

Д.Мишигсүрэн

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: