ҮДИЙН ЦАЙ 600, ЦЭЦЭРЛЭГИЙН ХООЛ 1,650 төгрөг!?

2018 оны 09 сарын 04

Таны хүүхэд сургууль, цэцэрлэг дээрээ юу иддэг вэ? 

ЕБС-ийн бага ангийн сурагчдын үдийн цай болон цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг төрөөс даадаг. Ингэхдээ бага ангийн сурагчийн үдийн цайг 600 төгрөг, цэцэрлэгийн хүүхдийн нэг өдрийн хоолыг 1,650 төгрөгт багтаан өгч байна. Энэ мөнгөн дүнд багтаан хүүхдүүд юу идэж байгааг тодруулсан юм.

Нэг хүүхдэд 600 төгрөгөөр үдийн цай уулгадаг

Үдийн цай хөтөлбөрийн хүрээнд 1-5 дугаар ангийн сурагчид "Үдийн цай" хөтөлбөрийн хүрээнд ихэвчлэн гурилан боорцог, цай, жимсний шүүс зэргийг идэж уудаг. 

Энэ талаар БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Т.Ням-Очир “2012 оноос хойш нэг хүүхдэд 600 төгрөгөөр үдийн цай уулгах төсөв үргэлжилж байгаа. 

Хүүхдүүд үдийн цайнаас өдөрт хоол хүнснээс авах илчлэгийнхээ 15 хүртэл хувийг авах ёстой. Одоогоор хүүхдүүдэд өгч буй 15 төрлийн хүнсний бүтээгдэхүүн дээр мэргэжлийн хүмүүс  судалгаа хийгээд илчлэгээ хангахын тулд голдуу нүүрс ус ихтэй хүнсний бүтээгдэхүүнээр хүүхдүүдэд үйлчилж байна гэх дүгнэлт гаргасан байгаа. Тийм учраас нүүрс ус, чихэрлэг ихтэй бүтээгдэхүүн биш уураг ихтэй болон сүү сүүн бүтээгдэхүүн  хүүхдүүдэд идүүлэхийн тулд төсвийг нэмэгдүүлэх шаардлагатайг онцолж байгаа” гэсэн мэдээлэл өгсөн юм.

Нэг хүүхдэд өгөх үдийн цайны өртгийг 1,200 төгрөг болгох шаардлагатай.

 

Тус яамнаас судалгаан дээр үндэслэн нэг хүүхдэд өгөх үдийн цайны өртгийг 1,200 төгрөг болгох шаардлагатай байна гэсэн тооцоог гаргаад саналаа Сангийн яам руу явуулсан. Сангийн яамнаас энэ жилдээ боломжгүй. 2019 оны төсөв дээр харгалзаж үзье гэсэн хариу ирүүлсэн байна.

Нийт  ЕБС-иудын 70 орчим хувь нь байгаа төсөв, боломждоо тааруулаад зарим өдөр халуун хоол өгдөг талаар тэрбээр нэмж хэлсэн юм.  Тиймээс цаашдаа сургуулиуд цайны газартайгаа хамтраад аль болох халуун хоол цайгаар үйлчлэх боломжийг сургууль тус бүр дээрээ л эрэлхийлж байгаа гэлээ.

Түүнчлэн 2018 оны зургаадугаар сард УИХ-ын зарим гишүүд “Үдийн цай” хөтөлбөрийг “Үдийн хоол” хөтөлбөр болгон өргөжүүлэх шаардлагатай гэж үзээд “Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай” хуулийн төслийг санаачлан боловсруулж, УИХ-д өргөн бариад байна. 

Хүнсний бүтээгдэхүүний үнэ нэмэгдсээр байгаа ч цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардал нэмэгдээгүй

Улсаас цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг 2009 оноос эхлэн төр хариуцахаар болсон.

Улс хүүхдийн хоолны мөнгийг дааж эхэлснээс хойш гурван жилийн дараа буюу 2012 онд хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлттэй уялдуулан цэцэрлэгийн хүүхдийн нэг өдрийн хоолны зардал 8-10 цаг ажилладаг цэцэрлэгт 1,100 төгрөг байсныг 1,650, 24 цагаар ажилладаг цэцэрлэг, сувиллын болон тусгай цэцэрлэгт 1,600 төгрөг байсныг 2,400 төгрөг болгон нэмэгдүүлж байжээ.

Эцэг, эхчүүдийн зүгээс  “Цэцэрлэгт өгч байгаа хоолонд хүүхдүүд цадахгүй байна,  Хүүхэд маань цэцэрлэг дээрээ яг ямар хоол идэж байгаа талаар мэдээлэл алга, Хүүхдийн хоолны мөнгийг эцэг эхчүүд өөрсдөө өгдөг болъё, Хоолны мөнгийг бүтнээр нь болон хувьчлаад өгөхөд асуудал байхгүй” гэх саналыг эцэг эхчүүд гаргасаар ирсэн.

Хүүхдийн хоолонд түлхүү хэрэглэдэг гол нэрийн хүнсний бүтээгдэхүүнүүд 2012 онд ямар үнэтэй байсан болон одоо ямар үнэтэй байгааг хүснэгтээс харна уу.

Хүнсний бүтээгдэхүүн

2012 оны дундаж үнэ /ҮСХ/ төг

2018 оны 7 дугаар сарын байдлаар Улаанбаатарт зарагдаж буй дундаж үнэ /ҮСХ/ төг

Гурил, 1-р зэрэг, 1 кг

696

1,050

Цагаан будаа, 1 кг

1,699

2,780

Хонины мах, 1 кг

6,637

7,533

Үхрийн мах, 1 кг

7,291

9,082

Шингэн сүү, 1 л

1,095

1,500

Тараг, 1 л

1,530

2,480

Төмс, 1 кг

1,033

1,801

Байцаа, 1 кг

1,103

2,214

Лууван, 1 кг

1,184

2,625

Манжин, 1 кг

1,161

-

Цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг эцэг, эх нь хуваалцаж төлөөд хоолны хэмжээг нь ихэсгэх асуудал төр хоолны мөнгийг дааж эхэлсэн цагаас хойш яригдсаар байдаг ч ажил хэрэг бололгүй өдийг хүрсэн. Цэцэрлэгүүдийн зүгээс ч эцэг эх нь хоолны мөнгөний зохих хувийг өгвөл эргээд тэдний зүгээс тавих хяналт шалгалтыг сайжруулна гэж үзэж буйгаа илэрхийлдэг.


Хамгийн сүүлд 2012 онд сургууль, цэцэрлэгийн хүүхдийн үдийн цай, хоолны зардлыг нэмснээс хойш хүнсний бүтээгдэхүүний үнэ хэр хэмжээгээр нэмэгдсэнийг дээрх хүснэгтээс харж болно. Ийм нөхцөлд хүүхэд сургууль, цэцэрлэг дээрээ идэх хүнсний бүтээгдэхүүнээс шаардлагатай уураг, илчлэгийг авах боломжгүйг мэргэжлийн хүмүүс судалгаан дээр үндэслэн баталж байна. 

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: