Аялал жуулчлалын шинэ чиглэл говиос эхэлнэ

2018 оны 08 сарын 12

НУТГИЙН ИРГЭДИЙН АМЬЖИРГААГ ДЭМЖИХ НЬ ГЕОПАРКИЙН ЗОРИЛГО

Байгалийн өвөрмөц тогтцоороо жилд 6.5 сая жуулчин татдаг АНУ-ын Гранд Канионтой Өмнөговийн хэрмэн цав, Шар цав, Бүгээн цав зэрэг үзэсгэлэнт газруудыг зүйрлэх нь бий. Монголын говь нутаг тогтцоосоо гадна археологи, палеонтологи, түүхийн үнэт өв агуулдгаараа онцлог. Шар цав гэхэд өдгөөгөөс 80 орчим сая жилийн өмнө амьдарч байсан үлэг гүрвэлийн 18 мянга гаруй чулуужсан мөртэй.

Эндээс хэмжээгээрээ дэлхийд гуравт орох үлэг гүрвэлийн мөр ч олдсон юм. 1.1 метр орчим урттай уг мөр нь 30-40 тонн жинтэй, 20-30 метр өндөр өвсөн тэжээлт зауроподын бүлгийн үлэг гүрвэлийнх гэдгийг судлаачид тогтоогоод буй. Амьтны мөрөөс яснаас нь шинжлээд мэдэх боломжгүй зан араншин, хөдөлгөөн зэрэг нарийн мэдээллийг нь тогтоож болдог учраас палеонтологийн салбарт тун үнэ цэнэтэйд тооцогддог. Гэтэл шар цавд үлэг гүрвэлийн мөр олноороо олдсон цагаас хойш зарим хүн шуналын сэдлээр мөрийг тойруулан ухаж авах явдал олон гарах болжээ.

Тиймээс ШУА-ын Палеонтологи, геологийн хүрээлэнгийн эрдэмтэд аймгийн захиргаатай хамтран хашаа барьж, хамгаалалтад авсан. Мөн геопарк байгуулж уг түүх, байгалийн өвийг хамгаалахаар ажиллаж байна. Геопарк бол 2000-аад оны эхээр бий болсон аялал жуулчлалын шинэ чиглэл. Манайд дөнгөж л эхлэлээ тавьж буй нь энэ. Одоогоор ЮНЕСКО 38 орны 140 газрыг энэ ангилалд бүртгээд байгаа.

Бүсээр нь авч үзвэл Европт 73, Ази Номхон далайн бүсэд 58, Латин Америкт дөрөв, Хойд Америкт гурав, Африк тивд хоёр геопарк бий. Геопарк нь геологийн зүй тогтол, палеонтологийн олдворт түшиглэдэг цэцэрлэгт хүрээлэн юм. Тэгвэл геопарк манайд яагаад хэрэгтэй вэ. Манай улсад ирж буй жуулчдын 80 орчим хувь нь жуулчны компаниудын маршрутаар аялдаг. Гэтэл энэ чиглэлүүд нь 30 гаруй жилийн өмнө буюу социализмын үеэс хойш бараг шинэчлэгдээгүй.

• Манай орны зүүн бүсийг түүх, баруун бүсийг адал явдалт говийн бүсийг геопаркийн чиглэлээр хөгжүүлэхэд тохиромжтой.
• Геопарк нь геологийн зүй тогтол, палеонтологийн олдворт түшиглэдэг цэцэрлэгт хүрээлэн юм.
• “Аватар” киноны зургийг авсан БНХАУ-ын Жанжиажэ геопаркад жилд 100-120 сая жуулчин ирдэг.

Шинэ газарт жуулчдаа аваачъя гэхэд дэд бүтэц муутай гэх зэрэг түмэн зовлон энэ салбарт бий. Мөн компаниуд л үйлчлүүлэгч авчрахгүй бол тухайн нутагт аялал жуулчлал хөгждөггүй. Аяллын маршрутад багтсан байлаа ч орон нутгийн иргэдэд өгөөж багатай. Харин геопарк байгуулснаар манай аялал жуулчлалын салбар дахь дээрх түмэн бэрхшээл нимгэрэх боломжтой. Геопаркийг хөгжүүлэх нь нэгд, байгалийн үзэсгэлэнт газар, түүхийн үнэт олдворыг хамгаалахад тустай.

Хашаа татаж, хариуцах эзэнтэй болно. ЮНЕСКО-д бүртгэлтэй болох учраас жуулчдын анхаарлыг багагүй татна. Геопаркийн хамгийн гол зорилго нь аялал жуулчлалаар дамжуулж нутгийн иргэдийн амьжиргааг дээшлүүлэх явдал. Малчид геопарк дотор жуулчдад цагаан идээгээ борлуулах, бэлэг дурсгалын зүйлс худалдаалахаас гадна бэсрэг наадам хийх зэргээр аялал жуулчлалын улиралд давхар орлого олох боломжтой.

Тухайлбал, “Аватар” киноны зургийг авсан БНХАУ-ын Жанжиажэ хүрээлэнг нэрлэж болно. Уг паркад жилд 100- 120 сая жуулчин ирдэг бөгөөд нутгийн иргэдийн амьжиргаа үүний ачаар эрс дээшилжээ. Японы геопаркийн сүлжээний ерөнхийлөгч Махито Ватанабэ “Геопарк байгуулна гэдэг тухайн орон газрыг хамгаалалтад аваад, хязгаар тогтоож буй хэрэг биш. Харин иргэдэд орлогоо нэмэгдүүлэхийн зэрэгцээ амьдралын хэв маягаа хэвийн үргэлжлүүлэх боломж олгохыг зорьдог.

Геопаркийн санхүүжилтийг орон нутгийн захиргаа гаргахыг зөвлөдөг

Тухайлбал, уул уурхайн бүс нутагт геопарк байгуулбал заавал уурхайг хаахыг шаарддаггүй. Тухайн байгалын үзэсгэлэнт газар, өвд сөрөг нөлөөгүй л бол хүлээн зөвшөөрдөг” гэв. Тэгвэл манайд геопарк байгуулах хэр их нөөц боломж байна вэ. Мэргэжилтнүүд эхний ээлжинд геопарк байгуулах хамгийн тохиромжтой газар бол говийн бүс гэдгийг хэлж байна.

БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого, зохицуулалтын газрын дарга С.Баясгалан “Манай орны зүүн бүсийг түүх, баруун бүсийг адал явдалт аяллын чиглэлээр хөгжүүлэх боломжтой. Харин говийн бүсэд геопарк илүү тохиромжтой” гэв. Монгол орон үлэг гүрвэлийн олдворын тоогоороо АНУ, БНХАУ-ын дараа гуравдугаарт ордог. Ийм олдвор бүхий газар гэхэд Монголд 60 гаруй бий. Эдгээрээс 13 нь ЮНЕСКО-гийн дэлхийн байгалийн өвд багтсан. Тиймээс говийн бүсэд дор хаяж 13 геопарк байгуулах боломжтой.

Үүнээс гадна хүннүгийн булш, хадны сүг зураг, үзэсгэлэнт байгаль гээд геопаркийн шаардлага хангах маш олон газар Монгол оронд бий. Гэхдээ геопарк байгуулахад дэд бүтэц, хөрөнгө оруулалт нэн чухал. ЮНЕСКО бүртгэлээ гээд санхүүжилт өгдөггүй. Харин арга зүйн зөвлөгөө өгч, бусад орны туршлагаас сурах боломж олгодог аж. Тиймд нутгийн иргэдийн орлогыг нэмэх зорилготой учраас орон нутгийн захиргаа нь хөрөнгө оруулалт хийх нь зөв гэж үздэг юм байна.

Ингэснээр нутгийн иргэд амьдарч буй газрынхаа өгөөж, үр шимийг аль нэг компанид алдах биш, өөрсдөө хүртэх боломж нээгдэх аж. Нөгөө талаас аялал жуулчлалын салбарыг хэдхэн компанийн “зоргоор” биш улс нэгдсэн бодлогоор зангидаж, байгальд ч, иргэдэд ч ээлтэйгээр хөгжүүлэх боломж харагдаж байгааг БОАЖЯ-ны мэргэжилтэн С.Мөнх-оргил онцолсон юм.

ЗГМ:ТОДРУУЛГА

                                 ТӨРИЙН АЖЛЫГ ЭРДЭМТЭД ХИЙЖ БАЙНА
ШУА-ын Палеонтологи, геологийн хүрээлэнгийн захирал Х.Цогтбаатараас зарим зүйлийг тодрууллаа. Тус хүрээлэн Шар цавыг Дэлхийн геопаркийн сүлжээнд бүртгүүлэхээр ажиллаж байгаа юм.

-Шар цавыг геопарк болгох ажил ямар шатандаа явж байна вэ?
-Өнгөрсөн долдугаар сард дэлхийн геопаркийн сүлжээний төлөөлөгчид шар цавыг үзээд явсан. Одоогоор хариу нь ирээгүй байгаа. Бид анх 1995 онд энэ газрыг илрүүлж, өнөөдрийг хүртэл судалгааны ажил хийж байна. Энэ палеонтологийн үнэт өвийг хамгаалахын тулд төсөл бичиж, Өмнөговийн орон нутгийн хөгжлийн сангаас санхүүжилт авсан. Одоогоор үлэг гүрвэлийн мөрийг баллахгүйн тулд хөндий гүүр, шилэн зам байгуулаад байна. 

-Геопарк байгуулах нь ямар давуу талтай вэ?
-Энэ бол олон улсад 3-4 жилийн өмнөөс дэлгэрч эхэлсэн аялал жуулчлалын шинэ чиглэл. Иргэд геологийн өвөрмөц тогтоц, байгалиа хамгаалахын сацуу тогтвортой хөгжлөөр амьжиргаагаа дээшлүүлэхэд чиглэсэн хөтөлбөр. Олон улсад 3-4 жилийн өмнөөс дэлгэрч эхэлсэн, аялал жуулчлалын шинэ чиглэл.

Тухайн газрыг иргэд шинжлэх ухааны үүднээс таньж мэдсэнээр нутаг орноо хайрлах, хамгаалах хандлага нь нэмэгддэг. Яаж ашиглаж хурдан мөнгө олох вэ л гэж бодож байгаагаас байгалаа хамгаалах, тогтвортой хөгжил бий болгох талаар юу ч хийлгүй өнөөг хүрлээ. Ийм байдал ард хоцрох ёстой. Тиймээс Засгийн газар зохион байгуулах ёстой ажлыг олдвороо хамгаалахын тулд эрдэмтэд хийгээд явж байна шүү дээ.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: