Өмнөговь аймагт 1,700 толгой бог мал үерт урссанаас 1,000 орчмыг нь олжээ

2018 оны 08 сарын 05
ДАЛАНЗАДГАД ДОЛООН БАГИЙН 18  ХАШАА, 13 ГЭР УСАНД АВТЖЭЭ

Өмнөговь аймгийн Даланзадгад суманд  долоодугаар 27-ны өдрийн 21:00 цагаас 28-ны өдрийн 15:20 цаг хүртэл хугацаанд үргэлжлэн орсон усархаг борооны улмаас үер бууж  Далан багийн орон сууцны дөрвөн байшингийн зоорийн давхар, Дундсайхан багийн 5, 7 дугаар гудамжны цэвэр усны шугам, сүлжээний шуудуу цөмөрч дөрвөн автомашин нүх рүү орсон, 15 автомашин ус, шаварт суусан,  нийт 7 багийн 18  хашаа, 13 гэр усанд автсан тухай мэдээллийг 28-ны өдрийн 08:14-15:00 цагийн хооронд хүлээн авсан байна. 

Тус аймгийн Онцгой байдлын газрын 23 алба хаагч, таван автомашин, ЗДТГазрын 15 алба хаагч, гурван автомашин, “Өмнөд бүсийн Цахилгаан түгээх сүлжээ” ХХК-ийн 7 хүн, 7 техник, нийт 45 хүн, 15 техник хэрэгсэлтэйгээр  үерийн усыг зайлуулжээ. 

Даланзадгад-Баяндалай чиглэлийн 1.2  километр авто замыг сэргээн засварлах ажлыг “Дардан говь” ХХК тус өдрийн 13:00 цагаас засварын ажлыг эхлүүлж, том оврын автомашиныг зорчихийг түр хугацаагаар хязгаарлаад байна.    

100 ГАРУЙ БОГ МАЛ ҮЕРИЙН УЛМААС ХОРОГДЖЭЭ

Мөн Өмнөговь аймгийн Баяндалай сумын Баян багийн “Ховил” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойт зүгт 75 км-т/ Малчин Э-ын 1,700 толгой бог мал үерт урссан тухай дуудлагыг 28-ны өдрийн 09:40 цагт хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын 9 алба хаагч, 1 автомашин, нутгийн захиргааны байгууллагын 6 хүн, 3 автомашинтай, нийт 15 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр  13:05 цагт очиж, 4 цаг 35 минут ажиллаж, 1,000 орчим малыг олж, 100 гаруй бог мал хорогдсон. Үлдсэн малыг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: