Ханбогд суманд үер бууж гамшгийн хэмжээнд хүрчээ

2018 оны 08 сарын 05

Өмнөговь аймгийн Ханбогд суманд үер бууснаас болж олон газар зам эвдэрч,  аймгийн төв болон Улаанбаатараас тус сум руу хүрэх боломжгүй болоод байна. Мөн Тавантолгой Гашуун сухайтын нүүрсний замыг энэ сарын 2-ноос эхлэн  тодорхойгүй хугацаагаар хаажээ.
8 дугаар сарын 03-нд  тус сумын нутгаар 10 минут орчим хүчтэй аадар бороо орсны улмаас буусан үерт нэг айлын гэр урссан бол хоёр хүүхэд гэртээ усанд автаж байхад нь тус сумын гал түймэр унтраах 66 дугаар ангийн аврагчид аварчээ.

Үүссэн нөхцөл байдлын талаар тус сумын Засаг дарга Ш.Эрдэнэжаргалаас тодруулахад "Ер нь Ханбогд суманд бороо өдөр бараг өнжихгүй шахам орж байна. 8 дугаар сарын 03-ны аадар борооны улмаас сумын төвөөс 50 км зайтай байдаг Ундайн гол үерлэж аймгийн төв болон Улаанбаатараас манай сум руу ирэх боломжгүй болж зам хаагдсан. Сумын төв болон Цагаан хадны байдал маш хүнд байна" гэлээ. Сумын удирдлагууд болон иргэд хамтын хүчээр үүсч байгаа хүндрэлийг сөрж чадах бүхнээ хийж байгаа хэдий ч байгалийн гамшгийн өмнө хүчин мөхөсдөж байна гэж тус сумынхан хэлж байна. 

Ханбогд Оюутолгой чиглэлийн замд маш их эвдрэл гарч машин зорчих хүндрэлтэй болоод байгаа аж. Хэдийгээр Оюутолгой ХХК-ийн онцгой байдал, аюулгүй ажиллагааны хэлтсийнхэн шуурхай ажиллаж байгаа хэдий ч бороо дахин орж эвдрэл үүсгэсээр байгаа юм байна. 
Тус сум руу аль ч газраар тойрч хүрэх боломжгүй байгаа тул иргэдийг эрсдэлтэй алхам хийлгүй, үер намжихыг хүлээх хэрэгтэйг сумын онцгой комиссынхон анхааруулж байна. 

Мөн Тавантолгой Гашуун сухайтын нүүрсний зам нь Баян-Овоо, Ханбогд сумын нутгаар дайран өнгөрдөг бөгөөд энэ зам маш олон газраа эвдрэл үүссэн, бороо өдөр алгасахгүй шахам орж байгаа тул засах боломж өгөхгүй байгаа аж.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: