21 аймаг нийслэлд хүчирхийлэлд өртсөн гэх эмэгтэйчүүдийн эзлэх хувийг гаргажээ

2018 оны 07 сарын 25

Үндэсний статистикийн хорооноос 2017 онд энэхүү судалгааг явуулж, тайланг “Хүчирхийллийн нүцгэн үнэн” нэртэйгээр энэ онд хэвлүүлсэн байна. 

Тоон судалгааны хүрээнд хүн амд суурилсан өрхийн судалгаагаар Монгол Улсын 21 аймагт, олон шатлалт түүврийн аргыг ашиглан 7860 өрхийг сонгон мэдээлэл цуглуулжээ.

Дээрх өрхөөс судалгаанд хамрагдах шалгуурт нийцсэн 15-64 насны нэг эмэгтэйг санамсаргүйгээр сонгон нийт 7319 эмэгтэйтэй ярилцлага хийсэн байна.

Тайланд дурдсан бие махбодийн хүчирхийллийн талаарх судалгааны дүнг хүргэж байна.

7000 ГАРУЙ ЭМЭГТЭЙН ТЭН ХАГАС НЬ ХҮЧИРХИЙЛЛИЙН АЛЬ НЭГ ХЭЛБЭРТ ӨРТӨЖ БАЙСАН

Судалгаанд оролцсон эмэгтэйчүүдийн 57.9 хувь буюу дийлэнх нь амьдралдаа хамтрагчийн зүгээс хүчирхийллийн аль нэг хэлбэрт өртсөн талаараа хэлжээ. Мөн тэдний 31.2 хувь нь биемахбодь болон бэлгийн хүчирхийлэлд өртөж байсан гэнэ.

21 аймаг нийслэлд хүчирхийлэлд өртсөн гэх эмэгтэйчүүдийн эзлэх хувийг харвал Увс аймаг хамгийн бага буюу 22.4, Дархан-Уул аймаг хамгийн их буюу 41 хувьтай байгаа юм.

Шүүх хурлын танхимаас гарч ирээд “ЧИ НАМАЙГ ЯЛЫН ӨМНӨ ЗОГСООДОГ ХЭН БЭ?” ГЭЭД ЗОДСОН

”Би 10 гаруй жил сүг болтлоо зодуулсан. Шүүх хурлын танхимд надаас дахиж би хэзээ ч ингэхгүй гээд сөгдөж, мөргөөд гуйгаад байсан. Гэвч гарч ирээд л хаалгаа түгжиж аваад “Чи намайг ялын өмнө зогсоодог хэн бэ?” гээд зодсон. Тэгэхээр тэр хүн хэзээ ч засрахгүй. Би хэнд ч хэлдэггүй, нуудаг байсан. Мөн унтахгүй гэвэл зоддог байсан. Би амьд гаръя гээд зугтааж энд ирсэн” хэмээн гүнзгийрүүлсэн ярилцлагын үеэр судалгаанд оролцогч ярьсан байна.

Хамтрагчийн үйлдсэн бие махбодын хүчирхийллийн тархалт 29.7 хувь байгаа нь бараг гурван эмэгтэй тутмын нэг нь амьдралдаа дор хаяж нэг удаа хамтрагчийн үйлдсэн бие махбодын хүчирхийлэлд өртсөн гэсэн үг юм.

Хамтрагчийн үйлдсэн бие махбодын хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдийн эзлэх хувь насны бүлгээр харилцан адилгүй байна. Энэ үзүүлэлт 40-44 насны эмэгтэйчүүдийн дунд хамгийн өндөр буюу энэ насны таван эмэгтэй тутмын хоёр нь (40.7 хувь) амьдралдаа хамтрагчийн үйлдсэн бие махбодын хүчирхийлэлд дор хаяж нэг удаа өртсөн байна. Харин хамтрагчийн үйлдсэн бие махбодын хүчирхийлэлд сүүлийн 12 сарын хугацаанд 30-34 насныхан хамгийн их өртсөн буюу 16.6 хувь байна. Хүүхэд төрүүлж, өсгөх 25-49 насны эмэгтэйчүүд сүүлийн 12 сард болон амьдралдаа хамтрагчийн үйлдсэн бие махбодын хүчирхийлэлд хамгийн их өртсөн байна.

МОТОЦИКЛ, МАШИНААР ХӨӨСӨН, МОРИОР ХӨӨЖ ТАШУУРДСАН...

Бие махбодийн хүчирхийллийг хэрхэн үйлддэг талаарх мэдээлэл нь тун аймшигтай. Эдгээр дунд мотоцикл, машинаар хөөх тэр бүү хэл мориор хөөж ташуурдсан гэх мэдээлэл байгаа нь тун эмзэглэмээр. Бие махбодийн хүчирхийллийн хамгийн түгээмэл үйлдэл нь алгадах, юм шидэх байдаг бөгөөд цохих, үсдэх зэрэг дараагаар нь орж байна.

Хүчирхийлэлд өртсөн гэх эмэгтэйчүүдийн 72.1 хувь нь хүнд хэлбэрийнх байдаг аж.

ТЭД НЭГ Л ЦОХИВОЛ ДАРААГИЙНХ НЬ ТАНЫГ ХҮЛЭЭЖ БАЙГАА...

Бие махбодын хүчирхийллийг хүн ганц удаа үйлдээд зогсдоггүй. Судалгаанаас үзэхэд хамтрагчийн үйлдсэн бие махбодын хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдийн бараг тал хувь нь (45.5 хувь) олон удаа (5-аас дээш) хүчирхийлэлд өртжээ. Харин тал (49.6 хувь) нь сүүлийн 12 сарын хугацаанд хамтрагчийн үйлдсэн бие махбодын хүчирхийлэлд хэд хэдэн удаа өртсөн байна.

Сургуульд сурч байгаагүй эмэгтэйчүүд бие махбодын хүчирхийлэлд өртөх нь харьцангуй өндөр байна

Боловсролын түвшнээс үл хамааран эмэгтэйчүүд хамтрагчийн үйлдсэн бие махбодын хүчирхийлэлд өртөж байна. Техник, мэргэжлийн боловсролтой эмэгтэйчүүдийн хувьд амьдралдаа бие махбодын хүчирхийлэлд өртсөн хувь хамгийн их буюу 35.4 хувь байна (Зураг 4.8). Мөн сургуульд сурч байгаагүй эмэгтэйчүүдийн хүчирхийлэлд өртсөн хувь (31.4 хувь) дундажаас өндөр байна. Энэ үзүүлэлтийг сүүлийн 12 сарын байдлаар авч үзэхэд хамтрагчийн үйлдсэн бие махбодын хүчирхийлэлд өртсөн сургуульд сурч байгаагүй эмэгтэйчүүдийн хувь харьцангуй өндөр буюу 16.0% байгаа нь дундаж үзүүлэлт болох 11.9 хувиас их байна.

БҮХНИЙ БУРУУТАН НЬ АРХИ

Хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдийн бараг гурван эмэгтэй тутмын хоёр нь (62.2%) тэдний хамтрагч архи ууж, согтуу байсан нь хүчирхийлэл үйлдэхэд нөлөөлсөн гэж хариулжээ. Удаах шалтгаан нь хардалт. Түүнчлэн бусдын нөлөөтэйгөөр, хэн нэгний гэр бүлд асуудал үүссэн үед хүртэл хамтрагчаа зодож, заналхийлдэг байх нь. Тэр ч бүү хэл гэрт нь хоол байхгүй, өлссөн үедээ хүртэл гар хүрдэг талаар судалгаанд өгүүлжээ.

Эрэгтэйчүүд ихэвчлэн архидан согтуурсан үедээ эхнэр, найз охиныхоо эсрэг бие махбодын хүчирхийлэл үйлддэг байна. Ярилцлага өгсөн эмэгтэйчүүдийн ярианд “архинаас л болж байгаа юм, архи уухаараа хүнээ байдаг, архи уухаараа эхнэр, хүүхдээ алах шахдаг, архи ууж орж ирээд” гэх үгс олон удаа давтагдаж байлаа. Олон жил хүчирхийллийн орчинд амьдарч буй зарим эмэгтэйчүүд уурыг нь хүргэвэл “эрүүл үедээ ч зоддог болсон” гэж ярьж байв. Цөөн тооны залуу эмэгтэйчүүд нөхөр, найз залуу нь “оройтлоо, үгэнд ороогүй гэж санаатайгаар архи ууж ирээд” агсам тавьж, зоддог тухай өгүүлж байжээ. 

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: