Даланзадгадын Зөгий Ногоонд иргэд ам сайтай байна

2018 оны 07 сарын 24

 Өмнөговь аймгийн төв Даланзадгадад эко автобус зорчигчдод үйлчилсээр багагүй хугацааг үдлээ. 

Монгол инженерүүдийн хийсэн уг автобус нь байгаль орчинд хор нөлөөгүй гэдгээрээ онцлог юм. Номинхолдингийн салбар “Эколог бус” ХХК-ийн хамт олон үйлдвэрлэсэн уг автобус нэг бүр нь 50 сая орчим төгрөгийн үнэтэй юм. Автобусууд одоогийн байдлаар долоон чиглэлд, хүүхдэд 200, том хүнд 500 төгрөгөөр үйлчилж байна.

Агаарын бохирдол ихэсч байгаа энэ үед цахилгаанаар ажилладаг эко автобусыг оруулж ирсэн нь олны талархлыг хүлээж байгаа. Мөн хувийн таксинаас өөр нийтийн тээвэр үйлчилгээ байдаггүй Даланзадгад суманд алслагдсан гэр хорооллын иргэд, хүүхдүүд ажил, сургуульдаа явах нь хүндрэлтэй байдаг асуудалд цэг тавьж, иргэдийн дунд "Зөгий ногоон" хэмээн нэрлэгдэх болжээ.

Зорчигдын талархлын олон сайхан үгийг дагуулах болсон Даланзадгадын нийтийн тээврийн үйлчилгээг дааж яваа эко автобусны ганц эмэгтэй жолооч Д.Цэцэгсүрэнтэй уулзаж ярилцлаа.

Д.Цэцэгсүрэн:  "Бид нар өөрсдөө мөнгөө хураагаад явчихдаг юм. Өө тэгээд бүх л ажлаа өөрсдөө хийнэ шүү дээ засвараа ч гэсэн өөрсдөө хийдэг."

- Энэхүү автобусыг хэдийнээс эхэлж жолоодов?
- Анх 3-рсарын 18-нд орж ирэхэд нь би барьж эхэлсэн. 
- Ээлжийн жолооч гэж байна уу?
- Ээлж гэж байхгүй, илүү цагаар ажилладаг нь жаахан хүндрэлтэй л байдаг. Гэхдээ яахав дөнгөж л байгуулагдаж үйл ажиллагаа нь жигдрэх гээл явж байгаа юм болохоор зүтгэж л явна даа. 
- Аккумлятороо та сая цэнэглэж байгаад салгаад авчих шиг боллоо. Хэдэн цаг цэнэглээд цэнэгээ хэр удаан барьж байна вэ?
- 8-9 цаг цэнэглэж байж бүрэн цэнэгээ авдаг. Цэнэгээ дүүрсэн үед бүтэн өдөржингөө явчихдаг. Завсраар нь нэмэлтээр цэнэглээд байдаг юм.
- Та нарын хувьд өөрсдөө кондукторын  ажлаа хийчихдэг үү?
- Тийм. Бид нар өөрсдөө мөнгөө хураагаад явчихдаг юм. Өө тэгээд бүх л ажлаа өөрсдөө хийнэ шүү дээ засвараа ч гэсэн өөрсдөө.
- Засвар гэснээс хэр их гэмтэл гарч байна вэ?
- Шинэ юм чинь одоохондоо гэмтэл гараагүй л байна, яахав урсгал үйлчилгээгээ л бид өөрсдөө хийдэг. 
- Монгол хүний хийсэн автобус шүү дээ. Та өмнө нь унаж байсан авто машинуудтайгаа харьцуулахад хэр байна вэ, давуу тал байна уу?
-Утаа байхгүй, ямар нэгэн үнэр гэж байхгүйгээрээ байгальд яах аргагүй ээлтэй унаа. Бага оврын болохоор аймагтаа болчихсон унаа гэж боддог. Өвөл явж үзээгүй болохоор хүйтэнд хэр байхыг сайн хэлж мэдэхгүй байна. Би өмнө цахилгаан тээвэрт том автобус барьж байсан, ийм жижигхэнийг барьж байгаагүй л дээ. Гэхдээ үүнийг аймагт таарсан л эд гэж бодож байгаа. 
- Хэдэн хүн суух боломжтой вэ?
- Нийтдээ 12 хүний суудалтай. Дөрвөн амартизотар, нэг нумтай болохоор даацын хувьд маш сайн. 
- Нэг чиглэлд хэдэн зогсоолд зогсож байгаа вэ?
-Харин хамгийн их асуудал дагуулж байгаа зүйл зогсоол л байна. Цаанаасаа шийдээд өгсөн зогсоолгүйгээс хүмүүс дуртай газраа буух гэж загнах, бухимдах зэрэг асуудал их гардаг. Зорчигчид бас их харьцаа муутай л байдаг.  Ялангуяа одоо бороо их орж байгаа үед зорчигч нар нөмөр бараадмаар болохоос эхлээд ер нь тогтмол тохижуулсан зогсоолтой байвал иргэд ч тэр газраа очоод автобусаа хүлээнэ шүү дээ. 
- Өглөө хэдэн цагаас гараад, орой хэдэн цагт буудаг вэ?
- Би гэрээсээ өглөө 6 цагт гараад л ажил дээрээ очиж хөдөлмөр хамгааллын мэдээллээ аваад шугамандаа 7 гээд гардаг. Орой  8 цаг өнгөрөөгөөд л харьдаг даа. 
- Өдөр амралт гэж байх уу?
- Өдөр амарвал орлогоо алдчихна шүү дээ.

"Зөгий ногоон" хэмээн говьчууд өхөөрдөх болсон уг автобусаар зорчиж буй иргэд ч ам сайтай байлаа. Тэд хол газраас алхахгүй, ялангуяа хүүхдүүд сургууль, цэцэрлэг эхэлсэн үед унаатай байгаад сэтгэл хангалуун байгаагаа онцолж байлаа. 

Д.Мишигсүрэн

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: