Х.Мандахбаяр: Сэтгүүлчдийг Солонгост урт хугацаанд суралцах боломжийг олгоно

2018 оны 06 сарын 22

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл БНСУ-ын Сэтгүүлчдийн холбоотой хамтын ажиллагаа эхлүүлсний таван жилийн ойн хүрээнд тус улсын сэтгүүлчид манай улсад айлчилж байна.

Бусад улстай харьцуулахад манай улсын сэтгүүлчдийн байгууллагатай хамгийн өргөн хүрээнд хамтран ажиллаж буй БНСУ-ын Сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгч Чон Гюү Сон, дэд ерөнхийлөгч Гүон Ху Үг тэргүүтэй сэтгүүлчдийн баг өнөөдөр МСНЭ-ийн удирдлагууд, хэвлэл мэдээллийн салбарын төлөөлөлтэй уулзаж ярилцсаны дараа Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт баригдаж буй Чингис хаан олон улсын шинэ нисэх буудлын бүтээн байгуулалттай танилцлаа. 

ЧОН ГЮҮ СОН: ЧӨЛӨӨТ СЭТГҮҮЛ ЗҮЙГ ХАНГАХ ХАМГИЙН ЧУХАЛ ЗҮЙЛ НЬ СЭТГҮҮЛЧДЭЭ ХӨГЖҮҮЛЭХ

БНСУ-ын Сэтгүүлчдийн холбоонд 186 байгууллагын 10,000 гаруй сэтгүүлч харьяалагддаг байна. Хэвлэл мэдээллийн байгууллага бүр Сэтгүүлчдийн холбооны салбар зөвлөлөөс гадна Үйлдвэрчний эвлэлтэй байна. Гэхдээ энэ хоёр салбар байгууллагын чиг үүрэг, үйл ажиллагаа давхцдаггүй болохыг тус улсын СХ-ын ерөнхийлөгч Чон Гюү Сон онцолсон. Тухайлбал, тухайн хэвлэл мэдээллийн байгууллагаас нэг хүн Сэтгүүлчдийн салбар зөвлөлийг даргалах бөгөөд сэтгүүлчдийн ажиллах орчныг сайжруулах, тэднийг хөгжүүлж, чадавхжуулахад анхаарч ажилладаг байна. Харин үйлдвэрчний эвлэл нь хөдөлмөрийн харилцаа, цалин хөлс, нийгмийн асуудлыг хариуцдаг ажээ. 

Сэтгүүлчдийн баримтлах ёс зүйн дэг журамтай холбоотой мэдээллээ байнга шинэчилж, сар бүр ёс зүйтэй холбоотой сургалтуудыг тогтмол зохион явуулдаг

 

Чон Гюү Сон “Чөлөөт сэтгүүл зүйг хангах хамгийн чухал зүйл нь сэтгүүлчдээ хөгжүүлэх. Тийм учраас Сэтгүүлчдийн холбооны харьяа байгууллагуудаа жилд нэг удаа богино болон урт хугацааны сургалтад хамруулдаг. Мөн сэтгүүлчдийн баримтлах ёс зүйн дэг журамтай холбоотой мэдээллээ байнга шинэчилж, сар бүр ёс зүйтэй холбоотой сургалтуудыг тогтмол зохион явуулдаг. Тийм учраас чөлөөт сэтгүүл зүйг хангах, сэтгүүлчдийн эрх ашгийг хамгаалах хамгийн эхний алхам бол сургалтын нэгдсэн системийг ажиллуулах юм. Энэ системээ бид байнга сайжруулж байдаг” хэмээн ярьсан юм. 

Сэтгүүлчдийн эрх ашгийг хамгаалсан хууль эрх зүй сайжраад явж байгаа ч 100 хувь бүрэн нийцсэн хууль тогтоомж хараахан гараагүй байгааг БНСУ-ын СХ-ны “MBN” салбар зөвлөлийн дарга Ким Сү Хён дурдлаа. 

БНСУ-ын Сэтгүүлчдийн холбоо Монголын СНЭ-ээс гадна АНУ, Хятад, Болгар, Индонези,  Вьетнам зэрэг орны сэтгүүлчдийн байгууллагатай өргөн харилцаатай ажилладаг байна.

МСНЭ-тэй хамтын ажиллагаагаа эхлүүлсний таван жилийн ойн хүрээнд санамж бичгийг шинэчлэн байгуулж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр зорьжээ. Энэ хүрээнд олон ажил ярихаар төлөвлөсний дотор эхний ээлжинд Монголд амьдарч байгаа солонгос иргэд, Солонгост амьдарч байгаа монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр иргэдийг мэдээллээр хангахад ямар үүрэг гүйцэтгэж болох талаар хэлэлцэж буй аж. БНСУ-аас 3,500 орчим иргэн Монгол байдаг бол 35 мянга гаруй монгол иргэн тус улсад сурч, ажиллаж байна.  

Цаашид зөвхөн сэтгүүл зүй бус, өөр олон салбарт хэрхэн оролцож ажиллах талаар хоёр улсын сэтгүүлчдийн байгууллага ярилцахаар төлөвлөжээ. 

Х.МАНДАХБАЯР: ХОЁР УЛСЫН КОНТЕНТ СОЛИЛЦООГ ӨРГӨЖҮҮЛНЭ

МСНЭ-ийн ерөнхийлөгчийн ажлаа аваад удаагүй байгаа Х.Мандахбаяр өмнө удирдлагын эхлүүлсэн энэ хамтын ажиллагааг илүү өргөжүүлэхээр төлөвлөж байгаагаа БНСУ-ын төлөөлөгчдөд дуулгасан. Ялангуяа, сэтгүүлчдээ БНСУ-д суралцах боломжийг олгохын зэрэгцээ цаашид илүү бүтээлч, илүү бодитой зүйлсийг шийдэхээр ажиллана гэв. Тухайлбал “Хоёр улсын контент солилцоог илүү өргөжүүлэх, сэтгүүлч солилцоог 5-10 хоног биш, удаан хугацаагаар явуулж, хоёр орны найрамдалт харилцаанд тодорхой үр дүн гаргасан бодлого баримтална” хэмээн Х.Мандахбаяр онцолсон. Манай улсад өнөөдөр хэвлэл мэдээллийн 436 байгууллагад 4,700 орчим хүн ажиллаж байгаа гэсэн тоо байна. Эдгээр хүний нийгмийн асуудлыг шийдвэрлэж дэмжих, мэргэжлийн хувьд чадавхжуулах, үүний тулд гадаад, дотоодын хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргахаар төлөвлөж байгаа гэдгээ МСНЭ-ийн шинэ ерөнхийлөгч энэ үеэр дуулгав.

МСНЭ-ийн зүгээс санамж бичгийг шинэчлэн байгуулахдаа илүү нухацтай боловсруулж, ирэх аравдугаар сард БНСУ-д айлчлах үеэрээ үзэглэхээ төлөвлөжээ.  БНСУ-ын сэтгүүлчдийн баг Монгол Улсад 14 хоног саатаж, зарим аймгаар зочилж, орон нутгийн сэтгүүлчидтэй мөн уулзах юм байна. 

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: