Өмнөговьчууд Төрийн Их тахилгат хайрханаа тахилаа

2018 оны 06 сарын 22

Өмнөговь аймгийн Говь гурван сайхан уулын Зүүн сайхан ууланд орших төрийн "Их тахилгат" хайрханы тэнгэрийг тайх ёслол 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр буюу өнөөдөр боллоо.

Алтайн нурууны төгсөх ноён оргил Говь гурван сайхан уулын "Хошуу овоо" хайрханыг анх 1721 онд тахиж байсан гэдэг.  Далайн түвшнээс дээш 2816 метр өндөрт байрлах "Хошуу овоо" хайрханыг анх тахихдаа монгол зан заншлыг дээдлэн төр шашны ариун үйлийг үйлдэж, 512 бөхийг барилдуулж байжээ. Хангарьдын шинжтэй, сарлагийн сүлдтэй Их хайрхан дээрээс Өмнөговь аймгийн 12 сумын нутаг дэвсгэр ил харагддаг гэнэ.

Зуун зууны буурал түүхтэй "Хошуу овоо" хайрханыг 1990 оны үед Өмнөговь аймгийн Хүрмэн сумын нутгийн зон олон тахиж, улмаар 2005 оноос аймгийн ИТХ-ын тогтоолоор аймгийн ард иргэд, сүсэгтэн олон тахин сүсэглэж байжээ.

МУ-ын Ерөнхийлөгчийн 2012 оны 08 дугаар сарын 23-ны 153 дугаар зарлигийн дагуу 2013 онд Говь гурван сайхан уулын "Хошуу Овоо" хайрханыг ТӨРИЙН ТАХИЛГАТ ХАЙРХАН болгож тахисан. 5 жилд нэг удаа ТӨРИЙН ТАХИЛГАТ ХАЙРХАНЫ ТЭНГЭРИЙГ ТАЙХ ЁСЛОЛЫГ үйлдэхээр болсон ба 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр буюу зуны дунд сарын билгийн тооллын 9-ний билэгт сайн өдөр "ТӨРИЙН ТАХИЛГАТ ХАЙРХАНЫ ТЭНГЭР ТАЙХ ЁСЛОЛ"-ыг төр, шашны ариун үйлийг хослуулан, хоёр дахь удаагаа ёслол төгөлдөр үйлдлээ.

Их тахилгын үйл ажиллагааг аймгийн Засаг дарга Н.Наранбаатар нээж үг хэлсний дараагаар УИХ-ын гишүүн Л.Энхболд Монгол улсын Ерөнхийлөгчийн илгээлтийг уншиж түмэн олонд сонордуулав. Хийдийн лам нар ном хурж, сүсэгтэн олон сүүн цацал, идээ будааныхаа дээжийг өргөн залбирч уул ус, тэнгэрээ аргадан их тахилгат хайрханаа тахисан юм. 
Мөн энэ үеэр улс аймгийн цолтой 32 бөх уран мэхийг уралдуулан барилдсанаас шөвгийн дөрөвт МУ-ын начин Ц.Одбаяр, Аймгийн хурц арслан Ш.Дарханбат, Аймгийн арслан С.Идэрсүрэн, Аймгийн заан Б.Амгаланбаатар нар үлдэж Ш.Дарханбат түрүүлж, МУ-ын начин Ц.Одбаяр үзүүрлэв.

Тэнгэрийн хишиг, газрын өгөөж тэгш сайхан дэлгэрэх болтугай.

 

 

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: