“Mongolia try-2018” арга хэмжээ Өмнөговь аймагт гурван өдрийн турш зохион байгуулагдлаа

2018 оны 06 сарын 18

Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаанд өнгөрсөн оны жилийн эцсийн байдлаар Монгол улсын хүн амын тоо 3.177.899 байгаагаас 103.630  хүн хөгжлийн бэрхшээлтэй амьдарч байна, энэ нь  нийт хүн амын 3.3 хувийг эзэлдэг гэж тэмдэглэжээ. 

Түгээмэл хөгжил бие даан амьдрах төвөөс санаачлан Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яам, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Төв аймгууд хамтран “Mongolia try-2018” нөлөөллийн аялалын арга хэмжээг зохион байгуулж байна. Уг арга хэмжээ нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг өрөвдөж, эмзэглэж, халамж тэтгэмжээр дэмжих бус хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өөрсдийн санал санаачилга, оролцоон дээр тулгуурлан нөлөөлөн таниулах үйл ажиллагаанд хөгжлийн бэрхшээлтэй залуучуудыг татан оролцуулах, хөгжүүлэх зорилготой юм. 

Тус нөлөөллийн аялал Өмнөговь аймагт 3 өдрийн турш зохион байгуулагдаж энэ үеэр нөлөөллийн багийхан Өмнөговь аймгийн төрийн байгууллага, хувийн хэвшил, үйлчилгээний газруудын үйл ажиллагаа, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ая тухтай орчин нөхцөлийг хэрхэн бүрдүүлсэнтэй танилцсан юм.

МУ-ын 7 аймаг, Япон улсын төлөөллөөс бүрдсэн Mongolia try-2018 нөлөөллийн багийхан аймаг орон нутгийн бодлогын түвшинд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулж ямар ажил үйлчилгээ явуулдаг талаар Өмнөговь аймгийн удирдлагуудтай уулзаж санал бодлоо солилцлоо. 
Уулзалтын үеэр Ажнай талбайгаас Соёл амралтын хүрээлэн хүртэлх дугуйн зам, Нутгийн удирдлагын ордны бие засах газар, налуу зам нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ая тухтай орчин нөхцөлийг бүрдүүлэхэд чухал нөлөөлөл болсон байна гэж дүгнэж байлаа. 

Аймаг орон нутгийн бодлогын түвшинд 6 хүнийг хувийн туслах, 1 хүнийг дохионы хэлмэрчээр сурган ажиллуулж байгаа төдийгүй ЕБС, цэцэрлэгт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн ангиудыг нээн тусгай хэрэгцээт боловсролын мэргэшсэн багш нараар хичээлийг заалгаж байна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор төсөл хөтөлбөрт хамруулж байна. Түүнчлэн 2018 оныг бүтээн байгуулалтын жил болгосонтой холбоотой хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн жишиг орчныг бүрдүүлэх, барилга байгууламж хүлээн авах комисс, үнэлгээний хороонд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг оролцуулан ажиллаж байгааг албаныхан онцоллоо. 

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: