65 метр өндөр "МОРИН ХУУР ЦОГЦОЛБОР"-ын шав тавих ёслолын ажиллагаа боллоо

2018 оны 06 сарын 16

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын шинэ суурьшлын бүсэд 2018 оны 6 дугаар сарын 15-ны билэгт сайн өдөр “Говийн бараа” ХХК-ийн 100 хувийн өөрийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй “Морин хуур цогцолбор” бүтээн байгуулалтын шав тавих ёслолын ажиллагаа боллоо. GB town групп, “Говийн бараа” ХХК-ийн Даланзадгад сумын шинэ суурьшлын бүсэд 300 айлын орон сууцны хороолол, 65 м өндөр “Морин хуур цогцолбор”, сургууль, цэцэрлэг, худалдааны төв, 24 айлын таун хаусны иж бүрэн хотхоны барилгын ажил морин хуурын аялгуу эгшгэн дор ёслол төгөлдөр эхэллээ.

Уншигч танд 65 м өндөр тус цогцолбор барилгын талаар сонирхуулан дуулгая. Морин хуурын цар хэсэг нь таван давхар байшин байх байх бөгөөд 3-5 давхар нь зочид буудал, хоёр давхар нь ресторан, хурлын танхим, нэг давхар нь зочдыг угтах хэсэг, морин хуурын амьд тоглолтын тайз, кофе шоп, бэлэг дурсгалын дэлгүүр, зоорийн давхар нь дулаан зогсоол байх юм байна.

Морин хуурын ишээр хоёр цахилгаан шат зочдыг хуурын хоёр чихэн дээр гаргаж алсын бараа харуулна. Энэхүү цогцолбор байгууламж нь ашиглалтад орсноор Өмнөговь аймгийн Даланзадгад хотод өнгө нэмээд зогсохгүй аймаг руу гадаад, дотоодын аялагчдыг татахын зэрэгцээ үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулах ач холбогдолтой томоохон бүтээн байгуулалт болох юм.  

Монголдоо анхдагч болж байгаа 65 метр өндөр “Морин хуур цогцолбор”-ын барилгын шав тавих ёслолын ажиллагаанд GB town групп, “Говийн бараа” ХХК-ийн ерөнхий захирал Б.Машбат, УИХ-ын гишүүн Л.Энхболд, аймгийн ИТХ-ын дарга Х.Сугир, аймгийн Засаг Дарга Н.Наранбаатар, Хөдөлмөрийн баатар Д.Хамар, Даланзадгад сумын ИТХ-ын дарга Т.Мэндээ, хамтран гүйцэтгэгч компанийн ТУЗ-ийн гишүүн П.Пүрэвжав нар оролцож бүтээн байгуулалтын их ажлын талаар санал бодлоо илэрхийлэн амжилт хүссэн юм.

Тус төслийг санаачлагч Говийн бараа ХХК-ийн ерөнхий захирал Б.Машбатын ах Хөдөлмөрийн баатар Д.Хамар гуай “Морин хуур цогцолбор”-ын шав тавих ёслолд хүндтэй зочноор оролцон үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ:

“Миний хувьд сургууль соёлд суугаагүй ч гэсэн хөдөлмөрийн үнэ цэнийг хар багаасаа мэдэрч өссөн хүн. Манай ах дүү төрөл садан ч ялгаагүй маш хөдөлмөрч хүмүүс байдаг. Тийм ч учраас төрийн одон шагнал олныг хүртэж явсан. Миний дүү нар төрийн соёрхолт, алтан гадас гэх мэт шагналуудыг авч байлаа. Машбатын маань ээж Тогоо гэж эмэгтэй дүү маань Холбоонд насаараа ажилласан, алтан гадас одонтой хүн бий. Манай бага дүүгийн хүү Н.Уламбаяр гэж Даланзадгад сумын Засаг даргаар 8 жил ажилласан төрд зүтгэлтэй хүн байлаа. Манай ах дүү төрөл садан бүгд хөдөлмөрч хичээнгүй аж төрдөг.  Сургууль соёлын амралт нь болмогц зээ дүү  нар маань манайд ирж зунжиж, морь унаж, мал маллаж өссөн. Балдангийн Машбат дүү маань ийм сайхан ажлыг эхлүүлж байгаад баяр хүргэж, ажил үйлс нь үргэлж өөдөө бүтэмжтэй явахыг хүсье” хэмээн сэтгэлийн үгээ илэрхийлэв.

“Говийн бараа” ХХК-ийн захирал Б.Машбат: "Өмнөговьд 65м өндөр морин хуур цогцолборыг 5-6 орчим тэрбумын хөрөнгөөр байгуулна"

 - “Морин хуур” цогцолборын шав тавих ёслол болж байна. Говийн хүү нутагтаа бүтээн байгуулалт хийж байгаад таны бодлыг хуваалцъя?

- Миний хувьд Өмнөговь аймгийн уугуул хүн. Энэхүү газар шороон дээр төрж өссөн нутгийн хүүгийн хувьд одоо аймгийнхаа шинэ Даланзадгадын бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулахаар зориг шулуудан Монголд анхдагч болох 65 метр өндөр “Морин хуур” цогцолборынхоо шав тавих ёслолыг, мөн “GВ town” цогцолборынхоо захиалгын албан ёсны нээлтийг нутгийн удирдлагууд мөн ахан дүүсээ цуглуулаад нээлтийн ёслолыг хийлээ. Билэг дэмбэрэлтэй, үүл хурсан сайхан өдөр бүтээн байгуулалтын ажлынхаа шавыг тавьж байгаад нутгийн ард түмэн бид бүхэн баяртай байна.

-  “Морин хуур” цогцолбор баригдсанаар Өмнөговь аймгийн аялал жуулчлалын ажилд томоохон түлхэц болно гэж үзэж байгаа. Та энэ цогцолборыг ямар үйл ажиллагаа явуулах, ямархуу цогцолбор болохыг тайлбарлаач?

- “Морин хуур” цогцолбор маань Өмнөговь аймагтаа дотоод, гадаадын жуулчдыг татах, нутгаа сурталчлах, үндэсний өв соёлоо таниулах зорилготой. Энэхүү цогцолбор зоорийн давхраас гадна таван давхар өндөртэй. Нэг давхартаа зочдыг угтах хэсэг, кофе шоп, бэлэг дурсгалын дэлгүүр, амьд тоглолтын тайз, усан оргилууртай. Хоёр давхартаа зоогийн газар, хурлын танхим байх бол гурваас таван давхар нь зочид буудал. Бас нэгэн онцлог нь морин хуурынхаа ишинд байрлах хоёр цахилгаан шатаар дээш гарч, морин хуурын хоёр чихэн дээрээс алсын бараа харах боломжтой Монголдоо анхдагч ийм бүтээн байгуулалтыг бий болгох гэж байна.

- Санхүүжилтийг нийгмийн хариуцлагынхаа хүрээнд компани өөрөө гаргаж байгаа. Нийт хэчнээн төгрөгийн санхүүжилттэй вэ? Хэдий хугацаанд баригдаж ашиглалтад орох вэ?

-  Энэхүү барилга анх удаа хийгдэж байгаагийнхаа хувьд барилгын зургийг гаргах гэж нэлээд удлаа. Мөн барилгын хийц, архитектур гээд арваад инженер 4, 5 сар ажиллаж байж ажлын зургийг нь дуусгасан. Энэхүү цогцолбор маань 2020 онд ашиглалтад орохоор төлөвлөгдсөн. Учир нь нарийн чимхлүүр ажиллагаа ихтэй. Төсөв өртгийн хувьд өнөөдрийн барилгын материалын үнээр бодоход 5 тэрбум гаруй төгрөг болж байгаа. Ер нь 5-6 орчим тэрбум төгрөгт баригдах болов уу гэсэн тооцоотой байгаа.

-    Анх энэ морин хуур цогцолборыг барих санаа хэдийд төрөв? Хэн анх энэ санааг гаргасан бэ?

-   Анх 2011 онд манай компани энэ газрыг захирамжаар авсан юм. Түүнээс хойш аймагтаа онцлогтой юу хийж болох уу гэж би янз бүрийн санаа бодсон. Дотроо цахилгаан шаттай үлэг гүрвэл барих уу ч гэж бодож байсан үе бий. Нэг удаа ажлаар Япон улсад явж байгаад Токио хотын өндөр цамхаг дээр гарахад миний толгойд нэг бодол төрсөн нь Өмнөговьдоо морин хуур цогцолбор барих санаа байсан. Би өөрөө дунд сургуульд байхад морин хуур дардаг байлаа. Ер нь морин хуур цогцолбороор хийх нь илүү их зохимжтой юм байна гээд санаагаа гаргаж, архитектороор энэ зургаа хийлгэсэн.

-  Танд амжилт хүсье.

Говийн бараа ХХК-ийн захирал Машбатын аав Л.Балдан: “Морин хуур” цогцолбор Өмнөговь нутагт маань үнэтэй хувь нэмэр оруулна гэж итгэж байна"

Өнөөдрийн энэ бүтээн байгуулалтын үйл ажиллаааны шав тавих ёслол бол нийт ард түмний маань урьд эртнээс уламжлал болгож ирсэн хийморь дагуулсан морин хуур хөгжим бүхий цогцолбор барилгыг барих гэж байгаа хүү Машбатдаа болон Өмнөговь нутгийн зон олон та бүхэнд сайн сайхныг хүсэн ерөөе. Говь нутагт маань энэ хуурын эгшигтэй адил сайн сайхан аялгуу уянгалсан орчин бүрдэж, хүн зон нь эв найрамдалтай, аз жаргалтай байхыг хувиасаа хүсэж байна. Хүү маань их зүйтэй зөв зүйлийг сэдэж, найз нөхөд багш хүмүүжүүлэгч бүгдийн туслалцаатайгаар төрөлх нутагтаа энэ бүтээн байгуулалтыг эхлүүлж байгаад туйлын их баяртай бахархаж сууна. Миний хүүгийн сурагч байхдаа анх сурсан хөгжим нь энэ морин хуур байгаа юм. “Морин хуур” цогцолбор Өмнөговь нутагт маань үнэтэй хувь нэмэр оруулна гэж итгэж байгаа. Энэ үйл ажиллагаагаар хязгаарлагдахгүй, үйл амьдрал, хөгжил цэцэглэлт нь үеийн үед мандан бадарч байх болтугай гэж хүсч байдаг сэтгэлээ өргөн барих байна.

УИХ-ын гишүүн Л.Энхболд: "Хөдөлмөрч гэдгээрээ олны хүндэтгэлийг хүлээсэн Б.Машбат найзаараа бахархдаг"

Хуран цугласан эрхэм нутгийн ахан дүүс та нартаа энэ өдрийн мэнд хүргэе. Билэг дэмбэрэлтэй энэ өдөр Өмнөговь аймагтаа төдийгүй улсдаа аялал жуучлалыг дэмжсэн ийм сайхан цогцолборын шав тавих ёслолд оролцож байгаадаа туйлын баярлаж Б.Машбат найзаараа бахархаж байна. Монгол улсдаа бүтээн байгуулагч, хөдөлмөрч гэдгээрээ олны хүндэтгэлийг хүлээж буй найз Б.Машбат маань Монгол Улсад 2010 оны шилдэг барилгыг барьж байлаа. Барьсан барилгад нь офиссын байртай гурван залуу УИХ-ын гишүүн болсон түүхтэй. Найзын маань бүтээж буй бүтээн байгуулалт бүр үргэлж үр өгөөжөө өгсөн, сайн сайхныг түгээсэн, бусдад амжилт бэлэглэсэн олон сайхан зүйлсийг дагуулдаг. Тэр ч утгаараа айл өрх бүрийн хойморт байдаг энэ сайхан өв соёлыг бахархал болгож, Өмнөговь аймгийхаа хойморт залах гэж байгаад маш их баяртай байна. Найзынхаа ажил үйлсэд амжилт хүсье, Өмнөговьчуудаа сайн сайхныг хүсье.

Аймгийн Засаг дарга Н.Наранбаатар: "Өмнөговь аймагт 2018 онд нийтдээ 200-300 гаруй тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийгдэх болно"

Эрхэм УИХ-ын гишүүн болон энд хүрэлцэн ирсэн бүх хүнд энэ өдрийн мэнд хүргэе. 2018 оныг Бүтээн байгуулалтын жил болгож, салбарын хэмжээнд Эрүүл мэндийг дэмжих жилийн хүрээнд аймаг даяараа, байгууллага аж ахуйн нэгж, ард иргэдээрээ бүтээн байгуулалтад гар бие оролцон шамдан хөдөлмөрлөж байна. Өмнөговь аймгийн өнцөг булан бүрт барилга, газар шороо, зам талбайн ажил хийгдэж байгааг та бүхэн харж байгаа байх. Бүтээн байгуулалтын хүрээнд 103,8 тэрбум төгрөгийн төсвөөр барилга байгууламж, худаг усны ажлууд хийгдэх болно. Одоогийн байдлаар хувийн хөрөнгө оруулалтаар хэдэн төгрөгийн бүтээн байгуулалт хийгдэх мэдээлэл тодорхой ирээгүй ч оны эцэст тодорхой болох байх. Хувийн хөрөнгө оруулалтаар маш олон ажлууд хийгдэж байна. Хэд хэдэн орон сууц, үйлчилгээний төвүүд баригдаж байна. Энэ мэт бүтээн байгуулалтуудын хөрөнгийг тооцвол 100 тэрбум хол давах байх. Ингээд харахаар энэ онд Өмнөговь аймагт урьд хожид байгаагүй 200-300 гаруй тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийгдэх болно. “Морин хуур цогцолбор”-ын бүтээн байгуулалт хийгдэж байгаа энэ газарт урьд нь онгоцны буудал байсан, энэ газрыг иргэдэд хувьчлан өгөхгүйгээр ирээдүйд хэрэгтэй бүтээн байгуулалт хийе гэсэн үүднээс авч үлдсэн 90га газар юм. Гадны өндөр хөгжилтэй орнууд аливаа газартаа түрүүлээд замыг нь тавьчихдаг, дэд бүтцийг нь шийддэг жишгээр энэ газрынхаа дэд бүтцийг аймгийн хөрөнгө оруулалтаар шийдсэн. Аймаг орон нутагт төсвийн, хувийн аль ч хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажлыг дэмжинэ. Морин хуур цогцолборын ажил бол Өмнөговь аймагтаа төдийгүй Монгол улсад анх удаа хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажил юм. Нутгийн залуу Б.Машбат, П.Пүрэвжав нар хамтран энэ сайхан ажлыг хийж байгаад талархаж байна. Аймаг орон нутгийн зүгээс хувийн хөрөнгө оруулалтыг ямагт дэмжих болно. Ямар нэгэн саад бэрхшээл тулгарсан тохиолдолд бид чадах чинээгээрээ туслана. Эцсийн дүндээ орон нутгийн төсөв байна уу, хувийн хөрөнгө оруулалт байна уу хамаагүй, ард түмэнд л үр өгөөжтэй байх нь хамгийн чухал, тиймээс ямар ч үед хамтарч ажиллах болно. Өнгөрсөн онд 53 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтыг орон нутгийн төсвөөр хийж, 2017 оны Монгол Улсын шилдэг аймгаар бид шалгарсан. 2018 онд ч гэсэн энэ амжилтаа бататгаж, бусад аймаг хотуудаа хошуучлана гэдэгт итгэж байна. Үүнд энэ Морин хуур цогцолборын бүтээн байгуулалт маш том үүрэг нөлөө үзүүлэх байх гэж найдаж байна. Энэ төслийг санаачилсан Б.Машбат захиралтай хамт олон, ах дүү саданд нь Аймгийн ЗДТГ-аа төлөөлөөд амжилт бүтээл, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Ёслолын ажиллагаанд уригдсан зочид үг хэлж дууссаны дараа Морин хуурын дугуйлангийн сурагчид “Манай говиор зочлон очоорой” дуугаар газрын жаврыг үргээж, ая дуугаа өргөсөн юм. Нээлтэнд урилгаар оролцсон зочид төлөөлөгчдийг “Баян бүрд” жуулчны баазад үдийн зоогт урьж хүндэтгэл үзүүлэв. Төрөлх нутагтаа аялал жуулчлалыг хөгжүүлэх, өв соёлыг түгээн дэлгэрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан томоохон бүтээн байгуулалтыг өрнүүлж байгаа нутгийн залууст талархахгүй байхын аргагүй. Их бүтээн байгуулалт нь булган сүүлтэй байж илүү том хөгжлийг цогцлоох болтугай гэж ерөөе.

Мөн “Говийн бараа” ХХК-ийн зүгээс Өмнөговьчууддаа нэгэн үдшийг хамтдаа дуу хууртай өнгөрүүлэхээр “Хар сарнай” хамтлагийн дуучин СТА Амараа тэргүүтэй уран бүтээлчдийг урьж ирүүлжээ.

Монгол говь сонин

Ж.Сайнжаргал

 

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: