Ган оёдолчид

2018 оны 06 сарын 04

Намайг Наранцэцэг гэдэг. Наймдугаар ангиа төгсөөд Дарханы ТМС-д суралцаж, Шарын голын уурхайгаас ажлын гараагаа эхэлсэн юм. Хэсэг хугацаанд “Бороо гоулд”-д ажиллав. Дараа нь Оюу толгойн ил уурхайд 2011 онд ирж, одоогоор нийт 20 дахь жилдээ гагнуурчнаар ажиллаж байна. 
Дэлхийн хэмжээний энэ том уурхайд ийм сайхан залуучуудтай мөр зэрэгцэн ажиллаж байгаа болохоор өөрийгөө туйлын азтайд тооцож явдаг юм. Уурхайн хангамж, ажлаа тараад очиход амрах газар маань тав тухтай болохоор ядарч зүдрэх гэдэг ойлголт байдаггүй юм даа. Манай багт Саран, Булгансайхан гээд хоёр ч эмэгтэй гагнуурчин бий. Бид өдөр, шөнийн ээлжээр ажиллаж, эх орныхоо хөгжил дэвшилд чадах чинээгээр хувь нэмэр оруулж байгаагаараа бахархдаг. 
Би гагнуурчны мэргэжилдээ хэзээ ч сэтгэл дундуур байсангүй. Энэ мэргэжлийг маань зарим хүн хар бор ажил гэж голдог юм билээ. Үнэндээ бидний ажлаас шалтгаалж, манай ил уурхай зогсох магадлал ч байгаа. Ийм хариуцлагатай ажил шүү дээ. Хүн ямар ч ажил эрхэлдэг байсан цөм утга учир, үнэ цэнэтэй. Энэ зууны хамгийн том бүтээн байгуулалтад аль аль нь амин чухал учраас хүн бүрийн хийдэг ажлыг үргэлж хүндэтгэж явдаг. 
Төмөрт хүртэл гоо сайхан бий. Экскаваторын шанага тасарлаа гэдгийг сонсоод л хаанаа тасарсан бол, яасан бол гээд л өөрийн эрхгүй санаа зовниж эхэлнэ. Тийм гэхийн тэмдэггүй эвдэрч гэмтсэн эд ангийг манай хамт олон яг л үйлдвэрийн шинэ юм шиг засварлаад гаргадаг. Цаг агаарын ямар ч хүнд нөхцөлд аюулгүй ажиллагааг нэн түрүүнд баримталдаг. Эмэгтэйчүүд чинь аливаа юманд эмх замбараатай, нарийн торгон мэдрэмжтэй хандаж, түүнийгээ эрхэлж буй ажилдаа шингээдэг онцлогтой хүмүүс. Хамт олон, гадаадын мэргэжилтнүүдээс маш их зүйлийг суралцаж байгаадаа баяртай байдаг. 

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: