Өмнөговийн эмэгтэйчүүд "Сүүн цацал өргөх ёслол"-д оролцлоо

2018 оны 05 сарын 31

"Хайраас хайр" аяны хүрээнд Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, хүүхдийн баярыг тохиолдуулан аймгийн НАМЭХ-ноос санаачлан зохион байгуулж буй "СҮҮН ЦАЦАЛ ӨРГӨХ ЁСЛОЛ"-д ээжүүд эмэгтэйчүүд маань өглөө эртлэн босож Гурвансайхан уулынхаа бэл энгэрээс алтан нарандаа сэтгэл юугаа шившин цацал өргөлөө. 

Тус үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Х.Сугир, Даланзадгад сумын Засаг даргын орлогч Э.Мөнхболор нар хүндэтгэн хүрэлцэн ирж оролцлоо. 
Сүүн цацал өргөн байгаль эхээ аргадаж, өв уламжлалаа сэргээн үр хүүхэддээ үлгэрлэж хайр бэлэглэсэн энэхүү үйл ажиллагаанд аймгийн ХЖТ-ын уран бүтээлч Алгирмаа, Балганцэрэн нар морин хуурын аялгуунд "Уяхан замбуутивийн наран" уртын дуугаар мялаалга өргөж ээжүүдийн хамтаар сүсэглэн залбирч нар хур хурайллаа. 

Аймгийн НАМЭХ-ын дарга Ж.Сайнжаргал хэлэхдээ “Энэхүү “Сүүн цацал өргөх” ёслолын үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн ээжүүддээ маш их баярлалаа. Ээж байгаа нар, ээжүүдийн сүүн цацал биесээ хайрлан тосож байх шиг налгар ээвэр дулаан өглөө байна. Ээжүүдээс хайр түгэж гэмээн энэ орчлон хайраар, эерэг энергээр тэтгэгдэнэ гэж ойлгодог. Энэ “Сүүн цацал өргөх” ёслолыг ирэх жил зуны эхэн сарын шинийн нэгний билэгт сайн өдөр аймгийн хэмжээнд уламжлал болгон зохион байгуулна. Жил бүр хийж тогтмолжуулснаар айл гэрийн эзэгтэй бүр цай, сүүний дээжээ уул ус, ургах нар, тэнгэр хангайдаа өргөж хэвших, үр хүүхэддээ өв соёлоо өвлүүлэн зааж сургахын зэрэгцээ хамгийн наад зах нь айл бүр цацлын халбага, хувинтай болж хэрэглэж занших юм. Олон сайхан ээжүүдийн сэтгэл шингэсэн сүүн цацал Өмнөговьчуудад маань аз жаргал, сайн сайхан бүхнийг авчрах болтугай. Хүүхэд бүр аз жаргалтай, ээжүүд бүр амар амгалан байг ээ” гэв.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: