“Амуу” эмнэлгийн эмч Э.Мөнхсар: “Ар үр” сувилалын газар 40-50 хүн хүлээж авах боломжтой

2018 оны 05 сарын 07

“Амуу” эмнэлэг үйл ажиллагаагаа өргөжүүлээд сувилалын газар байгуулсан. Сувиллалын газрынхаа талаар уншигчдад мэдээлэл өгнө үү?

Манай “Амуу” эмнэлэг 2016 онд байгуулагдсанаасаа хойш 5000 гаруй хүнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлээд байна. Эмчлүүлж байгаа хүмүүсийнхээ дунд судалгаа явуулахад уламжлалтын аргаар эмгүй эмчилгээг илүү хийлгэх сонирхолтойн дээр хүний биед шаардлагатай байгаа нь ажиглагдсан. Түүнээс гадна үйлчлүүлэгчид маань хэвтэн эмчлүүлэх эмнэлэгтэй болох саналыг их тавьсан. 2018 оны нэгдүгээр сард “Мэндийн говь” ХХК-ийн хөрөнгө оруулалтаар Даланзадгад суманд “Ар үр” сувилалын газар байгуулж үйл ажиллагаагаа эхлүүлчихсэн ажиллаж байна. Манай сувилал уламжлалт сэргээн засах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Өмнөговь аймгийн иргэдийн хувьд уул уурхайд олноороо ажилладаг учир мэргэжлээс шалтгаалах өвчин буюу сээр нуруу, бөөрний өвчлөл ихтэй байдаг. Түүнээс гадна зүрх судасны болон артерийн даралт ихсэх өвчин илүү их. Тиймээс манай сувилалын газарт мэргэжлийн эмч нар ажиллаж үйлчлүүлэгчдэдээ чанартай үйлчилгээг хүргэхийн зорин ажиллан байна.

Сувилалын газрын байршил хаана вэ?

Манай “Ар үр” сувилалын газар Даланзадгад сумаас баруун зүгт Баяндалай сум явах зам дагуу 3км-т байрладаг.

Төлбөрийн хуьд?

Шинээр байгуулагдсан учраас ямар нэг халамжийн үйлчилгээнд холбогдоогүй байгаа. Төрөөс үйлчлүүлэгчдэд олгогддог хөнгөлөлтийн үйлчилгээнд хамрагдахаар Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газарт бичиг баримтаа бүрдүүлээд явуулсан. Шийдэгдээд ирчихвэл үйлчлүүлэгчдэдээ төлбөрийн хөнгөлөлт үзүүлнэ. Одоогоор нэг өдөр 55000 төгрөгийн төлбөртэй. Энэ төлбөрт эмчилгээ бариа засал, физик эмчилгээ, ор хоног, өдрийн гурван хоол багтаж байгаа.

Хэдэн хүн хүлээж авах боломжтой вэ?

Сувилалын газар маань 2 ортой, 4 ортой өрөөнүүдтэй, ер нь 20 хүн хүлээж авах боломжтой. Зуны улиралд нэмэлт гэр барьж 40-50 хүн хүлээж авах зорилт тавин ажиллаж байна.

Мэргэжлийн эмч боловсон хүчний хувьд ямар вэ?

Манай сувилал болон эмнэлэгт мэргэжлийн гурван эмч ажиллаж байна. Зөвлөх эмчээр АУ-ны доктор, профессор С.Сээсрэгдорж багш ажиллаж байгаа бол АУ-ны тэргүүлэх зэргийн эмч Оролмаа, Э.Мөнхсар миний бие гээд гурван эмч ажилладаг. Сувилагчаар улсад буюу хүүхдийн тасагт 30 ажил ажилласан Поовой гэж туршлагатай сувилагч ажиллаж байгаагийн дээр мэргэжлийн бариа засалчид гээд нийт 12 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулж байна.

Сувилалын газарт нь үйлчлүүлэгчдийг татахуйц ямар үйлчилгээ байна?

Манай сувилалын газрын нэг онцлог нь “Амуу” эмнэлэгээс өдөрт өглөө 09.00 цагаас гурван цагийн зайтай сувилал руу унаа явж үйлчлүүлэгчдэдээ үйлчилдэг. Сувилалын үйлчилгээнүүдээс нэрлэвэл уламжлалт тал руугаа түлхүү буюу сүүн бариа, тосон бариа, рашаан эмчилгээ хийдэг. Хаврын улиралд эдгээр эмчилгээнүүд нь хүний биеийг шимжүүлдэг сайн талтай. Өдрийн эмчилгээтэй хүн бол “Амуу” эмнэлэг дээр очино, харин хэвтэн эмчлүүлэх үйлчлүүлэгч маань “Ар үр” сувилалын газарт очиж эмчлүүлэх боломжтой.

Баярлалаа. Таны санаж бодсон ажил бүр бүтэмжтэй байхыг ерөөе.

Ж.Сайнжаргал

Монгол говь сонин

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: