ДЭМБ: 10 хүний 9 нь бохир агаараар амьсгалж, жилд 7 сая хүн үхэж байна

2018 оны 05 сарын 07

ДЭМБ-аас гаргасан шинэ судалгаагаар дэлхий дээр амьдарч буй 10 хүн тутмын 9 нь бохир агаараар амьсгалж, жилд 7 сая хүн агаарын бохирдлын улмаас амь насаа алдаж буйг тогтоожээ.

Тус судалгаанд 108 улсын 4300 гаруй хот хамрагджээ. ДЭМБ-ын Нийгмийн эрүүл мэндийн салбарын захирал доктор Мария Нейра, “Агаарын бохирдол олон газруудад эрүүл мэндэд маш аюултай түвшинд байсаар байгаа нь санаа зовоож байна.

Агаарын бохирдол нь хүний эрүүл мэндэд эрсдэл учруулах хүрээлэн буй орчны хамгийн том асуудал байгаад зогсохгүй нийгмийн эрүүл мэндэд тулгараад буй хамгийн том бэрхшээл болоод байна. Магадгүй бидний судалж буй асуудлуудаас хамгийн ноцтой нь байх.” хэмээн онцолжээ.

Нарийн ширхэглэгт тоосонцрын бохирдол нь хатуу болон шингэн хэлбэрээр агаарт тархсан байдаг ба хүний амьсгалын замаар дамжин уушгинд орох чадвартай юм. Ингэснээр астма, уушгины хавдар, зүрх судасны эмгэг, харвалт, уушгины архаг бөглөрөлт зэрэг эмгэг үүсгэх аюултай юм.

Ази болон Африкт амьдарч буй хүмүүсийн хувьд агаарын бохирдол  хамгийн том асуудал болоод байна. 

Агаар дахь хүхрийн болон азотын исэл, нүүрстөрөгчийн дутуу исэл нь дийлэнхдээ автомашин, үйлдвэр, цахилгаан эрчим хүч, дулааны станц, аж ахуйгаас ялгардаг утаанаас бий болдог аж.  2016 онд л гэхэд 4.2 сая хүн агаарын бохирдлын улмаас амиа алдсан болохыг ДЭМБ-аас мэдээлж байна.

Мария Нейрагийн хэлж байгаагаар дэлхийн томоохон хотуудын агаарын бохирдол ДЭМБ-аас тогтоосон агаарын чанарын үзүүлэлтээс 5 ба түүнээс олон дахин их гэж гарсан байна.

Ази болон Африкт амьдарч буй хүмүүсийн хувьд агаарын бохирдол  хамгийн том асуудал болоод байна. Агаарын бохирдолтой холбоотой нас баралтуудын 90 гаруй хувь нь дээрх хоёр тивд бүртгэгджээ. Пакистаны Пешавар, Равалпинди хотууд хамгийн их  агаарын бохирдолтой гэж гарсан бол Энэтхэгийн Варанаси, Канпур, Египетийн Каир, Саудын Арабын Аль Жубаил хотуудад ч мөн агаарын бохирдол өндөртэй гэж гарчээ.

Агаарын бохирдлыг үүсгэх бас нэг том шалтгаан бол хөгжиж буй орнуудад амьдарч буй иргэдийн орон сууцны асуудал юм. Дэлхийн хүн амын 40 гаруй хувь нь хоол хүнсээ болгох технологи болон цахилгаан эрчим хүчнээс ангид амьдарч байна. Айл өрхүүд мод, малын ялгадас, нүүрс түлж, зууханд эсвэл ил гал дээр хоолоо болгож иддэг аж. Технологийн шинэчлэлт хүн амын өсөлтыг гүйцэж чадаагүйгээс 2016 онд л гэхэд 3.8 хүн ахуйн агаарын бохирдлын улмаас нас барсан гэнэ. Ахуйн агаарын бохирдол хүүхэд эмэгтэйчүүдэд хамгийн ихээр нөлөөлдөг байна.

Сайн мэдээ гэвэл дэлхийн олон хот агаарын чанартаа ихээр анхаарч, агаарын бохирдлын эсрэг арга хэмжээ авдаг болсон байна.

Түүнчлэн хувь хүн агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээнүүд авч болох юм. Үүнд машин унахын оронд алхах, дугуй унах, нийтийн тээвэрт суух мөн агаарын бохирлдол ихтэй үед гадагш гарахгүй байх, гэртээ агаар цэвэршүүлэгч авч тавих хэрэгтэй гэнэ.

Эх сурвалж: BBC

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: