Л.Сүрэнхүү: Үлдсэн хоёр баянбүрдийг ухаад эхлэх юм бол Гурвантэс сумын Тост, Тосон бумбын нуруу битгий хэл Гурвантэс сум тэр чигтээ усгүй болно

2018 оны 04 сарын 30

Тост, Тосон бумбын нуруунд олборлолт хийх тухай шүүх хурал дахин хойшиллоо. 

УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн мэдлийн “Сауд Гоби Коел Транс” ХХК нь 2017 оноос эхлэн Өмнөговь аймгийн Гурван Тэс сумын нутагт ашигт малтмал олборлохоор санаархаж буй тус компани нь өнөөдрийн байдлаар нутгийн иргэдийн ширүүхэн тэмцэлтэй тулгараад байгаа. Санаархаж эхэлсэн цагаас сум орон нутгийн ДАРХАН ЦААЗАТ газрын бүс нутагт нүүрсний олборлолт хийхээр хууль, шүүхийн байгууллагаар дамжуулан өнөөдрийг хүртэл 10 гаруй шүүх хурал болж, ямар нэгэн шалтгаанаар хойшлогдсоор байгаа билээ. Энэ удаагийн шүүх хурал 2018.04.26-ны өдөр товлогдож, компанийн талын итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэлийн шаардлагын хариуг өгөөгүй учир шүүх хуралдааныг дахин хойшлуулж энэ оны 05 сарын 10-ны өдөр 10:00 цагт болохоор боллоо. Тус шүүх хуралдаанд нэхэмжлэгч гаргагч, Гурван Тэс сумын иргэн, тариаланч Л.Сүрэнхүүтэй цөөн хором ярилцлаа.

-Шүүх хуралдаан хэзээнээс эхлэв. Үйл явцын талаар товч мэдээлэл өгөөч?

Шүүх хуралдаан өнгөрсөн жилийн зургаан сараас эхэлсэн. Тэр цагаас хойш миний бие 20 гаруй удаа нутгаасаа ирж байна. Ихэнхдээ 7-10 хоногийн хугацаатай хойшлоод байгаа учир надад маш хүндрэлтэй тусдаг. Одоо ногоо тарих улирал эхэлж байна. Би өөрөө тариаланч хүн учир хэдэн ногоогоо таримаар байдаг. Гэтэл шүүх хурал ингээд хойшлоод байгаа нь миний ажлыг ихээхэн алдагдуулж байна. Олборлолт хийх гээд байгаа компани нь шүүх хуралдааны дүнгээр одоогийн миний амьдарч, тариалангаа эрхэлж буй хэсэгхэн газрыг чөлөөлчихсөн. Энэ газрыг тойруулаад ухна гээд байгаа юм. Хөвд, Хуршуутын говийн хэсэгхэн газрыг эрүүлээр нь үлдээгээд үлдсэн хэсгийг ухна гэнэ. Энэ хэсгийг ухах юм бол Хөхөлцөгийн гол байхгүй болно. Тэгэхээр Монгол улсын Хөхөлцөгийн говь усгүй болно гэсэн үг.

-Сум орон нутагт учирч буй бодит хохирлын талаар?

Манай суманд одоогийн байдлаар зургаан уул, уурхайн компани үйл ажиллагаа явуулж байгаа. Яг Хөхлцөгийн говьд дөрвөн уурхай нь үйл ажиллагаа явуулдаг. Тэр дөрвөн уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа хэсэгт 14 гол горхи, ойр орчмын 18 булаг, гол, горхи ширгэсэн. Ингээд 30 гаруй усны ундарга нүдэн дээр алга болж, бодит хохирол учраад байна. Одоо үлдсэн хоёр баянбүрдийг ухаад эхлэх юм бол Гурвантэс сумын Тост, Тосон бумбын нуруу битгий хэл Гурвантэс сум тэр чигтээ усгүй болох онц аюул нүүрлээд байна. Ийм учраас л нутгийн иргэд бид 2008 оноос эхлэн тэмцэж Улсын тусгай хамгаалалтад авсан. Гэсэн ч жилийн дараа дархан цаазат газар нутгийн хилийн дээсийг тогтоохдоо Хөвд, Хуршуутын голыг хасаад тогтоочихсон. Энэ хэсгийг ухах л юм бол Гурвантэс сумын малчин, тариачин иргэд усгүй болох аюул нүүрлэсэн. Ус бол говийн хүмүүс, ан амьтан, ургамал, ногооны амин сүнс шүү дээ.

-Нутгийн иргэдийг талцуулж, бэлэн мөнгөөр сэтгэлийг нь урвуулах явдал гарч байсан хэмээн та өмнө нь өгч байсан яриандаа дурдсан. Энэ байдал одоо өөрчлөгдсөн үү? Нутгийн иргэд таны энэхүү тэмцлийг хэр идэвхтэй дэмжиж байна вэ?

Нэг хэсэг нутгийн иргэдэд мөнгө тарааж, сум орон нутгийнхныг хоёр хэсэгт хувааж байсан. Одоо бол нэг үеэ бодвол нутгийнхан маань идэвхтэй тэмцэж байгаа. Яг сайхан Хөвсгөлчүүд шиг нэгдэж чадахгүй л байна даа. Тэр ч бүү хэл багийн засаг дарга, иргэдийн нийтийн хурлын тогтоолоор бүх иргэдийг төлөөлөөд Байгал орчны нарийвчилсан үнэлгээг хуурамчаар бүрдүүлээд өгчихсөн. Энэ асуудал нь одоогийн байдлаар Гурвантэс сумын цагдаад шалгагдаж байгаа. Нутгийн иргэдийн хийгээгүй хурлыг, хийсэн болгож ийм шийдвэр гарсан нь Сауд Гоби Коэл Транс компанийн оролцоо бий гэж би хувьдаа хардаж байгаа.

-Энэ олон удаагийн шүүх хуралдаан хойшлогдлоо. Захиргааны хэргийн шүүхээс танд ямар нэгэн хариу өгөв үү?

Анх захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа “Энэ асуудал бүрэн шийдэгдтэл тус компанийн үйл ажиллагааг түр зогсоож өгөөч” гэсэн. Үүнийг маань дэмжээгүй учир тус компани өнөөдрийг хүртэл олон газарт канал татчихсан, зам тавиад эхэлчихсэн явж байгаа. Энэ нь нутгийн иргэдийг маш их хохироож байна. Дараагийн шүүх хуралдаанаар “Энэ үйл ажиллагаанд шинжээч ажиллуулж өгөөч” гэсэн хүсэлт гаргасан. Ашигт малтмалын хоёр тусгай зөвшөөрөл дотор зөрчил байгаа учир ийн хүсэлт гаргасан ч мөн л дэмжээгүй. Шүүхээс юу гэж үзсэн бэ гэхээр “Та бол өөрийнхөө эрх ашгийг л хамгаалах ёстой. Нийтийн эрх ашиг хамгаалах ёсгүй. Таны ногоо тарьж буй газар координатын давхцалгүй учир бид чөлөөлж өгсөн” гэсэн хариу өгсөн. Тийм учраас би “Оюутолгойн хяналт” ТББ-д “Бид бүхэнтэй хамтарч ажиллаач. Энэхүү асуудалд нийтийн эрх ашиг зөрчигдөх гээд байна” хэмээн хүсэлт гаргасан. Ингээд бид бүхэн хамтраад шүүх хуралд оролцох гэтэл тус ТББ-ын гүйцэтгэх захирал н.Цоггэрэл гэдэг хүнийг “ИТГЭМЖЛЭЛ БАЙХГҮЙ” гэдэг шалтгаанаар шүүх хуралдаанд оролцуулсангүй. Арга ядсан шалтгаанаар шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулж байна. Нэг бол өөрсдөө ирэхгүй, эсвэл элдэв шалтаг хэлнэ.          

-Олборлолт хийх гэж байгаа компанийн үйл ажиллагаа түр зогссон байгаа гэсэн. Ямар шалтгаанаар түр зогсолт хийв, шүүх хуралдаанаас болов уу?

Тэр нөхдүүд энэ сарын эхээр үйл ажиллагаагаа түр зогсоосон. Миний ойлгож байгаагаар сайжруулсан зам маш их хэмжээгээр тавьж байгаа. Тэр нь зөвшөөрөлгүй болоод түр зогссон гэж би дуулсан. Нутгийн иргэд бол цаашид энэ компанийг ажиллуулахгүй гэдэг байр суурьтай байгаа. Эх нутгаа  гэсэн хүмүүсийн хөдөлгөөн, тэмцэл ч эрчимтэй өрнөж байна.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: