Нийт хүүхдийн 80 хувьд хүртэл хүүхдийн мөнгийг олгох уу?

2018 оны 04 сарын 27

228 мянга орчим хүүхдэд хорин мянган төгрөгийн тэтгэмжийг дөрөвдүгээр сарын 1-нээс нэмж олгох шийдвэрийг Засгийн газрын 2018 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдрийн хуралдаанаас гаргаж, тогтоолын төслийг УИХ-д өргөн барьсан билээ.

Тэгвэл УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэллээ. 

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: "Зорилтот бүлэг гэж хүүхдэд байхгүй. Монголд баян, ядуу гэсэн хүүхдийн ойлголт байх ёсгүй"

"Хүүхдэд олгох мөнгө бол Монгол хүүхдийн төлөө зориулж байгаа хөрөнгө оруулалт. Хүүхдийн мөнгийг 80 хувьд олгох гэж ОУВС-тай хэлэлцээр хийсэн чинь худлаа.

2020 онд сонгуулийн өмнө дахиад л ОУВС-тай тохиролцсоны үндсэн дээр хүүхдэд мөнгийг 100 хувь олгохоор боллоо гэж ярих вий. ОУВС манай улсын хүүхдэд олгох мөнгийг мэддэг болсон юм уу" гэлээ. 

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол: "Манай улсын Засгийн газар хүүхдийн мөнгөний асуудал дээр маш ухаалаг шийдвэр гаргамаар байна"

"Хүүхдийн мөнгийг 80 хувьд болон, бүх хүүхдэд олгох асуудлыг хоёуланг нь хэлэлцэх нь зөв. Хэлэлцэж байх хугацаандаа судлаад шийдэх ёстой. Одончимэг Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Сайд байхдаа хүүхдийн мөнгөтэй холбоотой асуудлаар огцорч байсан шүү. Хүүхдийн мөнгөө ялгаварлахгүй олгоосой" гэв. 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: "Дөрвөн сарын турш ОУВС болон банкнуудтай хэлэлцээр хийж хүүхдийн мөнгийг 80 хувьд олгох шийдвэр гаргасан"

 "Хүүхдийн мөнгийг 100 хувьд олгох санал бодитой ажил хэрэг болвол зөв зүйтэй зүйл болно. ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдахдаа хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 60 хувьд олгоно гээд тохирчихсон байсан. Үүнээс хойш иргэдээс хүүхдийн мөнгөнд хамрагдах хүсэлтээ ихээр ирүүлсэн.

Улстөрийн хувьд ч энэ талаар чиглэл гарсан. Үүнээс хойш дөрвөн сарын турш ОУВС болон банкнуудтай хэлэлцээр хийж хүүхдийн мөнгийг 80 хувьд олгох шийдвэр гаргасан" гэлээ. 

Хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 80 хувьд олгоход 41 тэрбум төгрөг нэмж шаардагдах бөгөөд 2018 оны батлагдсан төсөвт тодотгол хийхгүйгээр шийдвэрлэх боломжтой гэж үзэж байгаа юм. 

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: "Хэн нь хүүхдэд илүү хайртай вэ гэдэг шоу хийх хэрэггүй".

"Хүүхдийн мөнгийг 80 хувьд нь олгох эсвэл нийтэд нь олгох нь аль нь илүү ашиг тустай вэ гэдгийг нэн тэргүүнд бодолцож үзэх хэрэгтэй.

Хүүхдэд хайргүй хүн гэж байхгүй. Ер нь бол хүүхдийн мөнгөний асуудалд хөнгөн хандаж болохгүй" гэлээ. 

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: "Эхлээд төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэхэд анхаараач"

"Эдийн засгийн өсөлт гарсан ийм тохиолдолд төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэхэд эхлээд анхаараач гэж хэлмээр байна. Дараа нь хүүхдийн мөнгийг 100 хувьд олгох асуудлыг ярих нь зөв" гэв. 

УИХ-ын чуулганы хуралдаанаар “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх нь зүйтэй гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн 63.2 хувь нь дэмжлээ. Иймд уг тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ. 

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: