Аль улсын иргэд хамгийн олон цаг хөдөлмөрлөдөг вэ?

2018 оны 04 сарын 25

Энэ оны гуравдугаар сард БНСУ-ын Үндэсний ассамблей Хөдөлмөрийн тухай хуулиа шинэчлэн, ажлын цаг долоо хоногт 68 байсныг 52 болгон өөрчилсөн.

Эдийн засгийн хамтын ажиллагаа ба хөгжлийн байгууллагаас (OECD) гаргасан судалгаагаар өндөр хөгжилтэй орнууд дундаас БНСУ-ын иргэд өдөрт хамгийн олон цаг хөдөлмөрлөдөг байна.

Өмнөд Солонгосын бизнес эрхлэгчид дээрх хуулийн шинэчлэлтийг эсэргүүцэж байсан ч тус улсын Засгийн газар энэ нь иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлнэ хэмээн үзжээ. Түүнчлэн долоо хоногт ажиллах нийт цагийг багасгасанаар шинээр ажлын байр бий болж, ажлын бүтээмж дээшилнэ гэсэн байна.

"Мексикчүүд, япончууд болон Нигерийн иргэд жилд 10 хоног л цалинтай амардаг бол Бразилчүүд 20-23 хоног цалинтай амардаг."

Шинэчилсэн хуулийн ачаар сүүлийн хэдэн арван жилийн турш зогсолтгүй буурсан төрөлт нэмэгдэнэ гэж БНСУ-ын Засгийн газрын гишүүд найдаж байгаа аж.

Эдийн засгийн хамтын ажиллагаа ба хөгжлийн байгууллагаас 2016 онд гаргасан судалгаагаар БНСУ-ын нэг иргэн жилд дунджаар 2069 цагийг ажил дээрээ өнгөрөөдөг.

Хүн амын орлого нь бага болон дунд орнуудад ажлын цаг урт байх нь элбэг. Жишээ нь Мексикчүүд жилд дунджаар 2225 цаг, Коста-Рикачууд 2212 цаг ажилладаг. Орлого бага орнуудад иргэд хөдөлмөрийн гэрээгүй, хөдөлмөрийн хөлс багатай ажиллах зэргээс шалтгаалж олон цагаар хөдөлмөрлөдөг. Түүнчлэн зарим оронд соёл заншилтай холбоотой хүчин зүйлс ч нөлөөлдөг гэнэ.

Өндөр хөгжилтэй орнуудын нэг болох Японд “ажлын ачааллаас үүдэлтэй нас баралт” буюу “кароши” гэсэн нэр томъёо хүртэл байдаг. Үүнд ажлын байран дээрээ бухимдлаас үүдэлтэй ямар нэг өвчний улмаас нас барах эсвэл ажлын ачааллаасаа болж амиа хорлох явдал багтдаг аж.

Японы нэг иргэн ажил дээрээ жилд дунджаар 1713 цагийг өнгөрөөдөг нь зарим орны үзүүлэлтээс хамаагүй бага ч бодит байдал дээр Японд долоо хоногт хамгийн ихдээ тэдэн цаг ажиллана гэж тогтоосон хууль байдаггүй. Иймд Япончууд илүү цагаар ажиллах нь элбэг. 2015-2016 оны хооронд Японд 1456 хүн “кароши”-гээр нас барсан нь хүний эрхийг хамгаалах байгууллагуудын анхаарлыг татдаг.

"Судалгаагаар Ази иргэд Европ болон Америкийн иргэдээс илүү олон цаг ажилладаг болох нь тогтоогджээ."

Азийн орнуудын 32 хувьд нь долоо хоногт ажиллах цагийн дээд хязгаарыг хуульчлаагүй. 29 хувьд нь 60 буюу түүнээс олон цаг гэж заасан байна. Зөвхөн 4 хувьд нь л Олон улсын хөдөлмөрийн холбооноос гаргасан зөвлөмжийн дагуу долоо хоногт 48 буюу түүнээс бага цаг ажиллахаар тогтоосон байна.

Хойд болон Өмнөд Америкийн орнуудын 34 хувьд нь долоо хоногт ажиллах цагийн дээд хязгаарыг хуульчлаагүй бөгөөд АНУ ч багтжээ.

Ойрх Дорнод дахь 10 орон тутмын 8 нь иргэд долоо хоногт 60-аас илүү цаг ажилладаг.

Тэгвэл Европын дийлэнх орнуудад долоо хоногт ажиллах цагийн дээд хязгаарыг тогтоож өгсөн. Бельги, Туркэд л долоо хоногт 48 цагаас илүү ажиллахыг зөвшөөрдөг.

Африкийн нийт хөдөлмөр эрхлэгчдийн 1/3 нь долоо хоногт 48 цагаас илүү ажилладаг ба Танзани иргэдийн 60 хувь нь 48 цагаас илүү цаг ажилладаг.

2016 онд Швейцарийн UBS банкнаас ажлын цаг хамгийн урттай хотуудын жагсаалтыг гаргасан юм. Жагсаалтаас харахад

  • Хонконг хотын иргэд долоо хоногт дунджаар 50.1 цаг,
  • Мумбай хотын иргэд 43.7 цаг,
  • Мехико хотынхон 43.6 цаг,
  • Банконгчууд 42.1 цаг ажилладаг.

Мексикчүүд, япончууд болон Нигерийн иргэд жилд 10 хоног л цалинтай амардаг бол Бразилчүүд 20-23 хоног цалинтай амардаг гэнэ.

Харин Энэтхэгт ажлын цагийн хязгаар байхгүйгээс гадна цалинтай амралт өгөх баталгаа бараг байдаггүй аж.

Эх сурвалж: bbc.com

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: