Нүүрсний тээвэрлэлтийн замд он гараад 7 хүний амь нас эрсджээ

2018 оны 04 сарын 13

Гашуун сухайт хилийн боомт, Цагаан хад суурьшлын бүсэд ажиллаж амьдарч байгаа 9000 гаруй жолооч нарын нийгмийн асуудал хүнд байна. Өдрөөс өдөрт замын нөхцөл байдал замбараагүй болж, хэрэг зөрчил нэмэгдсээр байна. Улс хоорондын ачаа тээврийн Гашуун сухайт хилийн боомт, Цагаан хад суурьшлын бүс, Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийг хамарсан нутаг дэвсгэрт нүүрс тээврийн том тэрэгний 9000 гаруй жолооч нарын эрх ашиг өнөөдрийг хүртэл хөндөгдсөөр байна. Эрс тэрс уур амьсгал өвлийн тэсгэм хүйтэн, хаврын хавсарга, зуны халуунд ар гэр, үр хүүхдүүдийнхээ төлөө 20км зам туулах гэж машиныхаа кабинд 15 хонож, гэртээ амьд ирэх эсэх нь үл мэдэгдэх эрсдэл дунд тэд амьдарч байна. 2018 он гарсаар уг нүүрс тээврийн замд гурав дөрөвхөн сарын дотор 7 хүний амь нас эрсджээ. 
МУ-ын 21 аймаг, 300 гаруй сумаас иргэд Цагаан хад суурьшлын бүсэд ажиллаж амьдардаг. 9000 гаруй жолооч нарын замын хөдөлгөөн, гэмт хэрэг, зөрчил аюулгүй байдлыг 30 цагдаа зохицуулна гэдэг яаж ч бодсон хүрэлцэхгүй. Байнгын хэрэг зөрчил гарахын зэрэгцээ иргэдийн наад захын хэрэгцээ, төрийн үйлчилгээнүүд тэнд дутагдаж байна. Тухайлбал эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэх эмч сувилагч, төрийн анхан шатны үйлчилгээ үзүүлэх багийн дарга удирдлага тэнд байхгүй байгаа нь иргэнээ мартсан төрийг харуулж байгаа юм. Мөн дээрээс нь Гашуун сухайт боомт дахь МХГ, гааль, хилийн цэрэг зэрэг байгууллагууд нь хоорондоо ямарч уялдаа холбоогүй ажилладаг нь жолооч нарт асар их хүндрэл учруулдаг байна.Гашуун сухайт боомтод эрдэнэт хүний амь нас нэг тонн нүүрснээс ч үнэгүй болж, ээж аав эхнэр хүүхэд гэр бүлдээ эргэж ирэлгүй тэд хорвоог орхиж байна. Төрөөс хуулийн хүрээнд иргэдийнхээ ажиллах орчныг сайжруулах даацтай шийдвэр гарган хэрэгжүүлж, тэднийг анхааралдаа авч төрийн байгууллагууд уялдаа холбоогоо нэмэгдүүлж, шударга үнэн байгаасай. Ингэснээр ард иргэд ч өөрсдийн үүрэг хариуцлагаа ухамсарлан амьдарч чадна. МУ-ын төр хил хязгаарт мартагдсан 9000 гаруй иргэнээ эргэж харах цаг нь болжээ. 
Өмнөд хязгаарт орших Өмнөговь аймагтай нутаг дэвсгэрийн хувьд нэн хамааралтай ба орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар Цагаан хад суурьшлын бүсийг байнгын тог цахилгаантай болгохоор төлөвлөсөн байна. Мөн ундны ус татах, цэцэрлэг, боомтын ажилчдын амьдрах орон сууцыг барьж байгуулах ажлуудыг төлөвлөн эхлүүлээд байна.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: