"Төлчин хүүхэд" арга хэмжээнд 80 гаруй сурагчид хамрагджээ

2018 оны 03 сарын 31

Өмнөговь аймагт "Төлчин хүүхэд" арга хэмжээнд 81 хүүхэд хамрагдаж байна. Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны "Хүүхэд хөгжлийн түлхүүр" хөтөлбөрийн хүрээнд төв суурингийн хүүхэд багачуудад монгол ёс заншил, соёл, мал аж ахуйн арга ухаанд суралцуулах зорилгоор энэхүү арга хэмжээг зохион байгуулж байгаа юм.
Хоёр дахь жилдээ өрнүүлж буй уг үйл ажиллагаанд өнгөрсөн жил 43 хүүхэд оролцож байсан бол энэ жил 81 хүүхэд оролцож малчин айлуудад төл бойжуулахад нь туслахаар болж байна.
Даланзадгад сумын төвөөс гэхэд зургаан сургуулийн 24 хүүхэд 12 малчин айлд очиж мал аж ахуйтай танилцан, төл малын ажилд туслан,  малчин ах эгч нараасаа суралцаж, сургууль тус бүртээ сурсан мэдсэн зүйлсээрээ үзэсгэлэн гаргаж, үеийн найз нөхөддөө сурталчлахаар боллоо. Төлчин хүүхдүүд өөрсдийн хүсэлтээр аав, ээжтэйгээ зөвшилцөн энэхүү арга хэмжээнд оролцож байгаа бөгөөд тав хоногийн хугацаанд олон зүйлийг сурч ирнэ гэдгээ илэрхийллээ. Ийнхүү зохион байгуулагчид хүүхдүүдээ малчин айлуудад хүргэж өгөхөөр явлаа.
Мөн хөдөөгийн 14 сумын сургуулийн сурагч уг хөтөлбөрт хамрагдаж байгаа юм. 

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: