“Түмэн тэмээний баяр”-ыг 23 дахь жилдээ зохион байгуулна

2022 оны 02 сарын 23

Өмнөговь аймагт “Түмэн тэмээний баяр”-2022 арга хэмжээг ирэх сарын 6, 7-ны өдрүүдэд зохион байгуулна.

Жил бүр уламжлал болон явуулдаг “Түмэн тэмээний баяр”-ыг энэ жил 23 дахь удаагаа зохион байгуулахаар төлөвлөж ажиллаж байна. Энэхүү баярыг анх Өмнөговь аймгийн Сэврэй суманд зохион байгуулж байсан. Сүүлийн жилүүдэд Булган суманд тэмдэглэн өнгөрүүлж, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлж ирсэн юм. Гайхамшигт говь аялал жуулчлалын холбоо"-ны гүйцэтгэх захирал Н.Ариунсанаа "Монгол орон тэр дундаа говь нутаг маань хоёр бөхт тэмээ, тэмээний соёлоороо гадаад дотоодын аялагч, жуулчдын сонирхлыг ихээр татдаг. Иймд тэмээний уралдаан, өв соёлыг олон нийтэд сурталчлан таниулах тэмээчдийг бодлогоор дэмжин ажиллах, тэмээн сүргийн тоо толгойг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд энэхүү баярыг тэмдэглэдэг. Малчид нэг тэмээгээ зах зээлд борлуулахад ойролцоогоор нэг сая орчим төгрөг болдог. Харин энэхүү баяраар дамжуулан тэмээний амьдын үнэлэмжийг нэмэгдүүлэхийг зорьж байна. Хурдан тэмээгээ уралдуулаад орлого олох боломжийг нээж өгч байгаа юм" гэлээ.

“Түмэн тэмээний баяр”-ын үеэр тэмээтэй цагдаа хэв журам сахиулна. Мөн торомны уралдаанд 16-аас дээш, бусад тэмцээн уралдаанд 18-аас дээш насны иргэд оролцохыг зохион байгуулагчдын зүгээс анхаарууллаа. Баярын үеэр буухиа тэмцээн, тэмээн поло, тэмээтэй сайхан хос, хурдан тэмээний богино зайны уралдаан, тайлаг болон тором, бүтээн тэмээний уралдаан зэрэг тэмцээн уралдаан болно.

Ташрамд 2016 онд Өмнөговь аймагт 1115 тэмээ уралдуулж 1108 тэмээ барианд орсноор дэлхийд дээд амжилтыг тогтоон Гиннесийн номонд бичигдсэн юм.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: