Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төслийг 68 суманд хэрэгжүүлнэ

2022 оны 02 сарын 09

 "Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг сайжруулах нь" төслийг 4 аймгийн 68 суманд хэрэгжүүлнэ.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулгаар ахлуулсан ажлын хэсэг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол дахь суурин төлөөлөгч Элейн Конкиевич болон түүний баг бүрэлдэхүүнийг хүлээн авч уулзах үеэрээ энэ тухай ярилцав. Тухайлбал, байгалийн нөөцөөс хамааралтай хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамжийг дээшлүүлэх төслийн 2021 оны явц, үйл ажиллагааг эрчимжүүлэх, энэ оны төлөвлөлт, тулгамдсан асуудлын талаар санал солилцлоо.

Төслийг 2021-2028 онд Дорнод, Сүхбаатар, Завхан, Ховд аймгийн 68 суманд хэрэгжүүлнэ. Ингэхдээ үндэсний, бүс нутгийн түвшинд газар, усны ашиглалтыг уур амьсгалын мэдээлэлд тулгуурлан төлөвлөх, уур амьсгалын өөрчлөлтөд зохицсон ус, хөрсний менежментийг өргөн хүрээнд нэвтрүүлэн байгалийн нөөцийн менежментэд малчдын оролцоог нэмэх, гарал үүсэл нь тогтвортой, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй малын гаралтай бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх малчдын чадавхыг бэхжүүлнэ.

Үүний дүнд уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг иргэд, орон нутаг, бүс нутгийн өртөмтгий байдал багасаж, даван туулах чадвар нэмэгджээ. Мөн эко системийн даац, үйлчилгээ сайжирч, уур амьсгалын мэдээлэлд түшиглэсэн төлөвлөлтийг дэмжсэн институц, зохицуулалтын тогтолцоо бэхэжсэн байх аж.

Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: