“Удмаа мэдэж Судраа цуглуулъя” аянг эхлүүлээд байна

2021 оны 09 сарын 20

“Удмаа мэдэж Судраа цуглуулъя” угийн бичиг хөтлөх 3 сарын аяны үйл ажиллагааг Өмнөговь аймгийн хэмжээнд эхлүүлээд байна.

Өмнөговь аймгийг хөгжүүлэх Засаг даргын үйл ажиллагааны “Нутгийн хишиг” хөтөлбөр, “Залуус” хөтөлбөрийн хүрээнд дээрх аянг зохион байгуулж байгаа юм. Угийн бичгээ хөтлөх үндэсний уламжлалаа сэргээхэд залуучууд, иргэд, олон нийтийг идэвхжүүлэх, угийн бичиг хөтлөхийн ач холбогдлыг таниулах, угийн бичиг хөтлөх аргад сургах, угийн бичиг хөтлөдөг өрх гэр бүлийн тоог нэмэгдүүлэх зорилготой юм. Аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ц.Бадамцэрэн "Манай аймгийн ард иргэдийн дунд угийн бичиг хөтлөх ажил идэвхтэй байдаг. Өмнөх жилүүдэд олон сургалт явуулж, сургагч багш нарыг бэлдсэний үр дүнд иргэд угийн бичгээ маш сайн хөтөлдөг болсон. Ойролцоогоор таван мянга гаруй өрх угийн бичгээ хөтөлдөг гэсэн тоон мэдээ бий. Өнгөрсөн хугацаанд ургийн баяраа хийсэн, удмын уулзалт 1500 байна" гэлээ. “Удмаа мэдэж Судраа цуглуулъя” угийн бичиг хөтлөх аянг аймгийн ЗДТГ, Насан туршийн боловсролын төвтэй хамтран зохион байгуулж байгаа юм. Аяны хүрээнд идэвхтэй оролцсон 3 сумыг шалгаруулахаас гадна угийн бичгээ баяжуулан хөтөлсөн өрхийг шалгаруулж урамшуулна. Уг аян энэ оны 11 сар хүртэл үргэлжилнэ.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: